Эдийн засаг:
Одоогоос 20-иод хоногийн өмнө нэрт нийтлэлч, сэтгүүлч Авиан Баатархуяг нэгэн сонирхолтой жагсаалтыг нүүр номдоо оруулж нийтэлсэн юм. Учраа мэдсэн туршлагатай хүнийх нь хувьд түүний нийтэлсэн жагсаалт зөв эсэхэд эргэлзэх нь илүүц биз. Энэ нь тамхийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн монгол иргэдийг нэрлэж Польшийн интерполоор үндэсний хэмжээнд эрэн сурвалжилж буйг манай талд мэдээлсэн 2012 оны мэдээ байв. Учир мэдэх зарим хүнээс лавлахад "2008 онд ирүүлсэн жагсаалтаас олон нэр хасагджээ” гэцгээж байв. Жагсаалтад албан тушаалыг бус овог нэр, төрсөн огноо, гэрийн хаягийг онцолж заасан бөгөөд манай улсаас бусад улс оронд томилогдон ажиллаж байсан Элчин сайд, консулын ажилтнуудаас гадна Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр анхаарал татсан юм. Үүнээс хойш нэг бус удаа сошиал мэдээллүүдэд "Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ийм мэдээлэлд дурьдагдсан тул энэ албан тушаалд тэнцэнэ гэж үү” гэсэн шүүмж харагдах болсон.
Хэрэв Польшийн интерполоос ирүүлсэн бичигт "андуураагүй” бол Б.Энх-Амгалан зөвлөх цаашид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөх нь үнэхээр зохимжгүй. Түүний намтраас харахад 1967 онд төрсөн. Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн, 1989-1991 онд Ардын цэргийн 014 дүгээр ангид офицер байжээ. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Цэргийн нэгдсэн холбооны салбарыг "ЖА нарын холбоо” гэдэг утгаар өргөжүүлэн нээсэн талаарх мэдээлэл гарч, олны шүүмжлэлд өртсөн ч тэгсгээд цахим хуудсуудаас "татан буугдах” нь ажиглагдсан. Мөн 1996-1997 онд ОУВС-ийн Суурин төлөөлөгчийн газарт туслах, "Бага хангай импекс” улсын үйлдвэрийн газарт захирал, 1998-2000 онд БХЯ-ын Бодлогын хэрэгжилтын газрын даргаар ажиллаж байсан аль ч төрийн үед албан тушаалаар "өлсдөггүй”, хөрвөх чадвартай боловсон хүчин байжээ гэж.
Тэр бас дипломатч мөн. МУИС-ийн Эдийн засгийн факультет, ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академийг төгссөн, Олон улсын эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны доктор, "Итгэмжит” дипломат цолтой” гэсэн намтартайгаар одоогоос есөн жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдож байв. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон удаатай. Дараа нь 2004-2007 онд Олон улсын соёлын харилцааны нийгэмлэгт Гүйцэтгэх захирал, 2007-2009 онд Гадаад хэргийн сайд Сү.Батболдын Эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх, ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт зөвлөх, 2009 оноос Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт дэд захирлаар ажиллаж байжээ.
Гэтэл энэ сайхан боловсон хүчин яагаад тамхины наймаанд оролцов, бүр зохион байгуулагчийн хэмжээнд олон нийтийн сүлжээнд "зарлагдах” болов? Тэр янжуур зөөсөн үү, хар тамхи зөөсөн үү? Ерөнхий сайд Танд сонин биш байна уу? Судлаач А.Батсайханы илтгэлд дурддаг "Алтан гурвалжин”, "Алтан шинэ сарнай”, Кокайны баянбулаг” бүлэглэлүүд, Монгол Улс үндсэн болон туслах улс хоорондын дамжлагын шинжтэй гүүр болчихоод байгаа гэх таамаглалд анхаарал хандуулахыг "Зөвлөх” тань зөвлөсөнгүй юу. Ер нь холын улс орнуудаас "тусламж” гуйхын оронд "дэргэдэх” дипломатчдаа үүрэг өгөөд үзвэл яасан юм бэ? Хилийн чинад дахь нэр хүнд, хэлхээ холбоо нь муугүй тул итгэмжит дипломатч маань энэ бүлэглэлүүдийн талаар мэдэх ч юм билүү...
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан, аваагүй, албан хэрэгцээний УБЗ 07-02 автомашинаар хүүхдээ сургуульд нь хүрэсэн эсэх асуудлаар нэг бус удаа Ерөнхий сайдын "чихийг халууцууллаа”. Мөн АТГ-т өгсөн ХОМ-т нь дурдагдсан "Марта Майнинг” компанийг одоо нь хүү Э.Энх-Амар нь Хятадын Кэ Юан геологи, эрэл хайгуулын ХХК-тай хамтран ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь анхаарал татдаг.
Энүүхэндээ л гэхэд Ерөнхий сайд аа, таны зөвлөх ч, Тагнуулын дэд дарга ч, ойр хүрээлдэг нам, засгийн "шадарууд” чинь Хятадын компанитай хамтарсан хувийн ААН-ийг заавал халаасалсан байх нь нэг л ёозгүй харагдах юм. Дээр нь Таны Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байхдаа хэлсэн "Төрийн ажил хийнэ гэж ирсэн бол ажлаа хий. Ашиг хийх гэж ирсэн бол бизнесээ хөөсөн нь дээр” гэсэн тааламжит үгийг үргэлж сануулах юм. Та энэ үгэндээ эзэн болно уу. Эсвэл зөвлөхүүд таныг "эзэгнэх” болов уу.
Энэ бол Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл.
Лхамсүрэнгийн Алтангэрэл Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байхдаа улсын нөөцийн сангаас 15 тэрбум төгрөг хувьдаа завшсан тул 3.6 жилийн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж байв. Дээрх шийдвэрээс хойш нэр хүндээ сэргээнэ гэж олон ч шүүх хурал зарлаж байсан. Гэвч ийм хэрэг тогтоогдож хуулиар өршөөгдөх байтугай хэвлэл мэдээлэлд нэр холбогдох төдийд хариуцлага тооцдог байх тийм хариуцлагатай, соёлтой, заримтай улс төрийн төлөө яваа Ерөнхий сайдад нийт ард иргэдээс чинь ийм л зөвлөх хэрэгтэй гэж үү! Түүний албан тушаалаа урвуулан ашиглаж шатахууны гэрээ байгуулж 1.9 тэрбум төгрөг шилжүүлэн улсад хохирол учруулж байсан "АО жаргалант” хувийн компани одоо ч түүний нэр дээр хэвээрээ байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд байхаасаа түүнтэй ойр дотно болж одоо ч "Утаагүй” гэх овогтой төслүүд дээр голлон ажиллаж байгаагаас нь болгоомжилж буйгаа нуух юун.
Ерөнхий сайдын зөвлөхийн алба хашсанаар түүний компаниудад ашигтай л биш бол түүнийг явуулчих.Цаадах чинь алзахгүй, ажрахгүй. Түүний нэр дээр одоогоор "АО жаргалант”, "Рийл эстэйт сэйлс”, "Дөрвөлжин-Эрдэнэ”, "Рашаанболор эрдэнэ”, "Ди Ти Өү”, "Топрок” компаниуд болон алдарт "Харли сонирхогчдын монголын холбоо” бий. Харли сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Энэ холбоонд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос эхлээд дуучин Т.Ариунаа, Д.Жаргалсайхан нарын гавьяатууд, Ерөнхий сайдын зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатар, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нарын олон сонирхолтой гишүүд бий.
Нөөцийн мөнгө шашигдуулсан хүнийг тэртээ тэргүй хаашаа орсон нь олддоггүй бөгөөд олон тэрбум төгрөг төвлөрдөг утаагүй болох төслийг удирдуулчихаад юу бодож суух вэ. Мөн агаад өнөөдрийг хүртэл Төрийн ордон дотор төр, нийгмийн зүтгэлтэн амиа алдсан аймшигт хэрэг гарчихаад байхад Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг ажлаас халах бус сануулга өгөөд өнгөрөв гэдгийн цаана ч Л.Алтангэрэл зөвлөхийн нэр дуулдсаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайд гурван сая иргэн дотроосоо ийм хоёр зөвлөхийг "атгаж” үлдсэн, сонгож зөвлүүлсэн гэхээр сэтгэл дундуур байх боллоо. Ялангуяа тамхи зөөсөн хэргээр Интерполоор эрэн сурвалжлагдсан зөвлөхөө яаралтай үдэхгүй бол хар тамхи зөөсөн гэх муу мэдээний дараа Монголын зүг сонор соргогоор харах болсон энэ үед таатай биш харагдах боллоо. Хатуухан хэлэхэд Ерөнхий сайдын зөвлөх гэдэг орон тоо хэн нэгэн алдаж эндсэн аавын хүүг засан хүмүүжүүлэх дамжаа биш гэдгийг дашрамд хэлчихье!
У.Оргилмаа
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18