Эдийн засаг:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг наадмын дараагаар хийгдэхээр хойшлогдлоо. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, өөрийн саналаа тусгуулахаар хүргүүлэх учир хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмаас хойш хийх саналыг УИХ-д хүргүүлснийг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн дэмжсэн байна. Тэгээд ч сөрөг хүчин АН-тай эрх баригчид ойлголцолд хүрч чадаагүй байгаа. Үнэмлэхүй олонхи ирцээ бүрдүүлэн эцэг хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа ч нийгмийн зөвшлцлийн, ард түмний санал асуулгаар шийдэгдэх суурь хуульд бусдын эрхийг хүндэтгэх улс төрийн нөхцөл үүсээд байгаа нь үнэн. Тиймээс л Ерөнхийлөгчийн татгалзахын аргагүй санал эрх баригчдийг толгой дохиход хүргэсэн. Тиймээс ч энэ сарын 10-ныг дуустал хугацаа сунгасан УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хааж, үргэлжлүүлэх ээлжит бус чуулганыг хуралдуулахаар нээж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байна гэж сөрөг хүчин шүүмжилж байгаа. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хууль өөрийн үүргээ гүйцэтгэсэн, одоо өөрчлөлт оруулах нийгмийн захиалга байгаа гэдгийг УИХ-ын даргаас эхлээд энгийн иргэд ч санал нэгдэнэ. Харин ямар өөрчлөлт оруулах, нийгэмд энэ өөрчлөлт нь хэр ач холбогдлоо өгөх вэ гэдэг нь хамгийн чухал гэж улстөрчид ч, олон нийт ч харж байгаа. Гэхдээ олон нийтийн дунд үнэмлэхүй олонхи эрх баригчдийг хардах эрх ч бий. Хуулиар хулгайгаа засдаг, хуулийн лобби хийж төрийн мөнгийг шамшигдуулдаг, хулгай хийдэг эрхмүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ч энэ зарчмаа барих вий гэсэн хардлага дагалдаж байгаа. ЖДҮХС-гаас нэр бүхий УИХ-ын 43 гишүүн хамаарал бүхий компанидаа зээл авсныг О.Баасанхүү гишүүд нэр цохоогүй ч тоон баримтаар илчлээд байгаа. Гэвч ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын даргаар сонгогдож, “төрийн хоёрдугаар хүн” болтлоо зэрэг дэвшсэн Г.Занданшатар парламентын сахилга, хариуцлагыг чангатгах, ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооцох эрс шийдэмгүй алхмыг хийгээгүй. Олон нийтэд мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох байх гэсэн хүлээлт, ажиглалт байсныг спикер уг нь мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Гэвч чуулганы танхимд попрохгүй, гишүүдийн хариуцлага ёсзүйг чангатгана гэж ярьж байгаа ч ямар нэг үйлдэл хийгээгүй өнөөг хүрсэн нь олны урмыг хугарсан. Тиймээс л төрд иргэдийн төрд итгэх итгэл сэргээгүй энэ үед эцэг хуульд оруулах өөрчлөлтөд олон нийт чих тавин, ач холбогдол өгсөн зүйлгүй. Ард иргэдэд эдийн засаг сайжирч, амьжиргаагаа дээшлүүлэх нэн чухал болохоос эцэг хуулийн өөрчлөлт цаашаа асуудал. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөхгүй. Харин урт хугацааны бодлого, засаглалын тогтвортой байдлыг хангахад энэ удаагийн өөрчлөлт эерэг үр дагавар авчрах эсэд эргэлзсэн хүмүүс л байна.
Ямартай ч хэлэлцүүлгийн үеэр маргаан дагуулсан зарим заалтад өөрчлөлт орж байгаа юм билээ. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг 55 нас хүрсэн, 6 жилээр ганц удаа сонгогдохоор төсөлд тусгасан байсан. Өнөөдрийн үйлчилж байгаа Хөдөлмөрийн хуулиар эмэгтэй хүн 55 наснаас өндөр насны тэтгэвэрт гардаг. Тиймээс эмэгтэйчүүдийн нэр дэвшин, өрсөлдөхөд харшилна, эрх нь зөрчигдөнө гэсэн шүүмжлэл анхнаасаа дагуулсан. Ажлын хэсэг дээр ч, байнгын хорооны хуралдаанаар ч насны хязгаарыг өөрчлөх гормиын санал гарч, Ерөнхийлөгчиид нэр дэвших насныг 50 болгохоор дэмжигдсэн байна лээ.
Энэ удаагийн өөрчлөлтөөр “давхар дээл”-ийг байхгүй болгох, УИХ-ын гишүүд нь хуулиа баталж, гүйцэтгэх засаглал нь үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын бүрэлдэхүүнд 4 хүртэл гишүүн давхар дээл”-тэй байж болохоос тусгасан нь шүүмжилж байгаа. Зарим гишүүдийн зүгээс ч зөвхөн Ерөнхий сайдыг л парламентаас томилж, бусад нь “дан дээл”-тэй байх санал гаргаад байгаа юм билээ.
Харин байгалийн баялаг төрийн өмч гэсэн одоогийн заалтыг хөндөөгүй, “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах,хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэсэн заалтыг нэмж тусгахаар болсон.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгч байна. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн заалт орж байгаа. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эгүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх заалтыг оруулахаар болжээ.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл эргэлзээ, хардлага дагуулсаар байгаа ч энэ парламент ээлжит бус чуулганыг хуралдуулахаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болоод байгаа. Нэгэнтээ парламентын босго давсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл энэ удаад батлагдана гэж ажиглагчид ч харж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18