Нийтлэл

Наадам

Хуваалцах:
Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хэцээр дэр хийж, мянга мянган жилээр оторлон нүүж амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа чөлөө заваараа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ. Үүнээс харахад наадам бол анхнаасаа ямар нэгэн түүхт ойн өдөр байсангүй. Энгийн олны сайн дураараа тэнгэрийн сайхныг шинжиж байгаад аятай өдрөө зохиодог жирийн нэг л баяр байж. 
Морь уралдаж, бөх барилдахгүй бол ямар ч мунадаг хувьсгалын баярт тархай бутархай малчид 30-40 км-ийн чанадаас ирж цугларахгүй. Тэдэнд тийм улс төрийн идэвх түүхэндээ байгаагүй. Эрх дархаа тэлэх гэсэн улаан Оросыг манай коммунистууд царайчилж, өөрсдийнхөө мандуулсан гэх зохиомол хувьсгалаа өргөн дэлгэр ёслон тэмдэглэхэд ард түмний дуртай наадмыг ашиглажээ. Ийнхүү малчин ардын маань овооны наадам хувьсгалчдын санаачилгаар дээдлэн хүндлэх ёстой ухаан төгс удам судар-хаад ноёд, лам хуварга, чинээлэг малчдыг даран сөнөөсөндөө хөөрсөн барлагууд баярлан наадаж буйгаар зуугаад жил улстөржлөө. Жирийн ардын наадмыг ингэж гуйвуулан ашигласныг эдүгээ ухаарсан өөрөөр сэтгэгч олшров. Ондооноор сэтгэхийг эсэргүүн гээд хөнөөдөг харгислал үеэ өнгөрөөснөөр айдас арилж, өөр өнцгөөс харагчид бүр ил задгай маргаан үүсгэх хэмжээнд даварчээ. Муу нь ч юу байв гэж. Мэтгэлцээн зөвийг олдог. Ганцхан Лениний онол зөв, бусад бүх номлол буруу бөгөөд хүн төрөлхтөнд гамшиг тарина гэх ухуулга эдүгээ явахаа больжээ.
Хувьсгалын тогоонд чанагдсан гэж баадуурдаг гол төлөв албан хаагч намын гишүүд болох эрх мэдэл бүхий дээд давхаргад багтаж амьдарсан хүмүүс наадмыг өөрсдийнхөө ялалтын баяр хэмээн өмчирхөх хяхуутай аж. Тэд “1921 онд үгээгүй ядуус дарлан мөлжигч феодлуудыг устгаж ардын хувьсгал мандсан” гээд итгэчихсэн ихэмсэг дүртэй явдаг. Цаанаа бол худлаа. МАН-ын ивээлээр том албанд хүрч ахиу хангамж эдлэх гэж жүжиглэж яваа нь тэр. Наадмыг ардын хувьсгалын яруу алдарт ялалтын ой гэхгүй бол наадам хийхээ больё, бөх барилдуулаад ч яах юм бэ гэж эрхэм гишүүн Ц.Нямдорж туйлав. Чингисээ харааж явсны шавхарга дэлбэрсэн нь тэр. Хөөрхий тэднийг яалтай ч билээ. Наадмыг гагцхүү ардын хувьсгалын яруу алдарт ойн баяр хэмээн цоллож, санааг нь нэг хэсэгтээ дагуулаад явж байя гэж элит хэсэг үзэх шиг боллоо. Яваандаа учир начир нь төөрөлдсөн хүмүүст илрэх түүх юм чинь одоо хоёрын хооронд маргаад үр дүн гарахгүй хэмээн түр хүлцэх нь зөв ч биз.
Ард түмний бахархал-түүхт ой олон. Бүгд тус тусын түүхэн өдрүүдтэй. Тэр өдрүүд нь хуанли дээр тэмдэглээстэй. Хоорондоо зайтай тохиодог ойн өдрүүд болгонд наадам хийх боломжгүй. Түүхт ойнууд дотроос ардын хувьсгалын ялалтын өдөр хэмээн үндэсний баяр наадмыг нэг намын өмч 90 гаруй жил болгосон, дэндүү дээрэнгүй улстөр ардчилалд дасаж яваа иргэдийн дургүйг хүргэх болжээ. 1990 оноос хойш ардчиллынхан бас хажууд нь наадмын нэрэн дээр бусад түүхэн ойнуудыг нэмж овоолсон. Ингээд өдгөө улс төржсөн олон гуншинд даруулсан наадам маань жирийн ардын цэнгүүн байсан утгаа алдав. Аль нам эрх барьснаас шалтгаалж гуншингууд солигдох нигууртай.
Сонгуулийн завсар дахь хэрүүлийн дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний 2223, эзэн Чингисийн их Монгол улсын 808, 1911 оны тусгаар улсаа тунхагласны 103, Ардын хувьсгалын 93, Ардчиллын 24 жил гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ? Хуваалаа гээд намууд юу хожих гээд байна? Өгөөжгүй, утгагүй хоосон маргаанууд чинь нэгээр нэмэгдлээ. Мянган жилийн түүхтэй наадмыг 93 настай нам яаж өөрийн төрсөн өдрийн баяр болгох юм бэ. МАН төрсөн өдрөө 3-р сарын нэгэн гэх боловч энэ нь тун эргэлзээтэй учир ард олон төдийлөн тоож тэмдгэлдэггүйг бид мэднэ. Хүрээнд 7-р сарын 11-нд Гамин Барон аль нь ч байгаагүй. 7-р сарын 11-нд Хүрээнд юу ч болоогүй. Юун хувьсгал? Юун ялалт? Ертөнцөд болоогүй зохиомол ялалтаа хүн тоохгүй болохоор үндэсний баяр наадмыг ашиглаж ирснийг дээр дурдсан. Жилд ганц удаа зуны дэлгэр цагт товлодог ардын уламжлалт наадмаа өргөн дэлгэр хийж буй олныг “Заналт дайсан-хаад ноёдыг устгасан хувьсгалын ялалтандаа хөөрч баяссан малчин-пролетариуд наадаж байна” гэж гуйвуулсан үзэл суртал болгосон санаатай шүү юм. Ардууд үндэсний баяртаа цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо тоодоггүй билээ. Наадмаараа хурд, бяр, уран мэх, цэц мэргэнээ сорилцож явснаас бус аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж, улс төржих гэж цугларч байсангүй.
Дээр дурдсан 5 түүхт ойгоос ардын хувьсгал юугаараа давуу юм бэ? Хоорондоо учир утгагүй алалдсан олон аймгуудыг Хүннү гүрэн, эзэн Чингисийн төр эвлэрүүлэн нэг гарт зангидаж, амар амгаланг эрх биш тогтоосон гэж хүндэтгэн нандигнадаг. Хүннү Чингисийн эхлүүлсэн төрийн бодлогын ачаар эдүгээ Монгол тусгаар улс явна гэж үздэг. Энэ хоёр түүхэн гайхамшгаас ардын хувьсгал ямар гавъяагаар илүүрхээд, яагаад ард түмний эртнээс уламжилж ирсэн улс төржөөгүй үндэсний цэвэр наадам зөвхөн ганц ардын хувьсгалын баярын өдөр хэмээн тооцогдох ёстой юм бэ? Ардын хувьсгал гэгч улаантны түрэмгийлэл чинь манай хаад ноёд, ван гүн, санваартан хуваргууд, чинээлэг малчид, ерөнхий сайдууд, Бага хурлын дарга нар, сэхээтнүүдийг алан хядаж, тамлан зовоосон биз дээ. Бичиг соёлыг яалаа? Айл бүрийн мал сүргийг булаан авч хүчээр бөөгнүүлсэн нийгмийн өмчөө зад өсгөөд, элбэг баян социализм сүндэрлүүлэх төлөвлөгөө нурсан. Энэ төлөвлөгөөг биелүүлж аугаа Зөвлөлт ч чадаагүй, ах дүү социалист орнууд ч чадаагүй. Залхуу монголчууд байтугай орос ах нар, зүүн европын хөгжилтэй орнууд замнаад дампуурсан хувьсгалт “онол” гэгчээ далдуур ч атугай магтаж, үндэсний наадамд наадгаа боливол яасан юм бэ? Ах дүү найзууд гэж явсан орнууд чинь иймэрхүү ойнуудаа тэмдэглэхээ аль эрт больчихсон байх шүү. Наадмаа улстөргүй тэмдэглэлээ гээд Ардын хувьсгалын алдар сэвтдэггүй л юм биш бол бусдын нь бор нэрийг зуун жил хусаад ч бүдгэрэх нь байтугай ардчиллын жилүүдэд улам гялалзсаныг сануулах илүүц буй зээ.
Энэ олон ойн аль нэгний ч гуншингүй, улс төрөөс ангид, намуудаас хол, ямар ч төрд хэзээ ч хувирашгүй үндэсний цэнгүүнийг минь МАН, АН хоёр бүү оролдооч. Зүгээр л “Үндэсний их баяр наадам” гэвэл Даншиг, Арван засаг гэх хаад ноёдын зохиодог наадам шиг мөхөхгүй, овооны наадам шигээ байж л байх болно. Түүхт ойнуудаа өмчирхөн булаацалдаж, нэгийг нөгөөгийн дээр залж эрэгчин эмэгчнээ үзэлцэх мунхаглал. АН ч гэсэн Хүннү, Чингис гэх мэт ойнуудаа наадмын гуншин болгодгоо больж үз. Түүхэн ойнуудыг тэмдэглэх ёстой өдрүүд нь хуанли дээр бэлээхэн бичээстэй байгаа. Тухай бүрт нь дурсаж толгой мэхийлгээд үрлэггүй даруухан тэмдэглэхгүй юү. 
Ядуу зүдүү, дааж давшгүй өр зээлтэй атлаа улс төржсөн наадамдаа яасан ч их зардал гаргадаг юм бэ. Яасан ч өндөр бай шагнал бэ. Түрүү бөхийн бай-даага япон жийпэнд хувирсан биш бөхчүүд допинг хахуульд шившгээ тарив. Хүчирхэг гүрнүүд олимп гэх мэт дэлхийн наадам зохиохдоо орлого, зарлагаа дэнслээд ашигтай л үлддэг байх шүү. Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач гэж сануулсан үг түүхийн мухраас шивнэсээр буй. Маниусын хоцрогдлыг залуус минь бүү давт. Үндэсний наадмаа ухаалаг зохио. Та нар чадна. Коммунист түүх, үзэл суртлаас даруй сал.
Ц.Доржготов
Эх сурвалж: Baabar.mn
скачать dle 12.0