Эдийн засаг:
Энэ жил улсын хэмжээнд 162 цэцэрлэг, харин нийслэлд 64 цэцэрлэг шинээр болон, өргөтгөлөөр ашиглалтад орно. Энэ нь цэцэрлэггүй хоцорсон хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд сайшаалтай. Гэвч есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдүүд маань будаг нь ханхалсан цэцэрлэгтээ орох эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Улсаас хөрөнгө оруулалт аван, ажлаа ян тан явуулж байгаа хариуцлагатай барилгын компаниуд хуруу дарам цөөн байна. Нийслэл хотод хэрэгцээтэй, зайлшгүй хийх шаардлагатай ажил олон байгаагийн нэн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудлын нэг нь ерөнхий боловсролын сургууль болоод цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх явдал юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төсөл хэрэгжүүлэх хүрээнд соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан аж.
Тиймээс энэ оны улсын төсөвт өмнөх онд эхлүүлсэн 222, шинэ 381 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр нийт 616.4 тэрбум төгрөг суулгажээ. Энэ оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах юм” гэдгийг хэлж байлаа.
Мөн түүнчлэн энэ мэтчилэн барилгын компаниуд заасан хугацаанаасаа хойш барилгаа бидэнд есөн сарын 1-ний байдлаар хүлээлгэн өгвөл хичээлийн шинэ жилээр хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадаа өнжих нь гэдгийг сануулж байсан юм.
Жил бүрийн намар хаа сайгүй хүүхдийн цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас тэр. Энэ байдлыг үгүй хийхээр олон арга хэмжээ авч байгаа. Улаанбаатарын эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэдэг азын сугалаанд мөнгө хожихтой адил болсон өнөө үед зуу зуун хүүхдийн цэцэрлэгтэй байх эрх зөвхөн барилгачдын хариуцлагагүй, цаг барьдаггүй шантаач байдлаас үүдээд байгаа.
Өмнө жилүүдэд улсын төсвийн мөнгө хүлээлэгдэх асуудал огт байхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Манай улс гаднын жишгийг дагаад ялангуяа, зуны халуун цагт эрт ажлаа гүйцэтгээд орой эрт тардаг олон улсын жишгийг дагадаг бол магадгүй хугацаандаа дуусгачих боломж бүрэн байгаа гэдгийг хэлж байлаа.
Цагаан блок хүлээлттэй байна гэв
Энэ жил Боловсролын яам өмнөх жилүүдийн түүхэндээ байгаагүй их төсөв, хөрөнгө зарцуулж байгаа. Тэгвэл үүний нэг жишээ болсон Баянгол дүүргийн VI хороонд байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга гэрээ ёсоор наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох байсан боловч барилгын гүйцэтгэл 75 хувьтай, дөнгөж л ерөнхий рам, угсралтын ажиллагаандаа явж байлаа. Барилга дээр 6-8 хүн ажиллаж байгаа харагдсан боловч, барилгын компанийн захирал 22 ажилчин ажиллаж байгаа гэснээр бусдыг нь хайгаад олсонгүй. Барилгын компанийн зүгээс цагаан блокийн хүлээлттэй байгаа учраас хугацаанаасаа хойш ашиглалтад өгөхөөр байна гэсэн хариултыг хэлж байлаа.
Монгол Улсад цэцэрлэггүй 46 мянга гаруй хүүхэд байгаагаас Баянгол дүүргийн VI хороонд цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байна. Тэгвэл энэ хороонд хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг нь дэндүү чамламаар байгаа учраас л энэ цэцэрлэгийн өргөтгөлд улсаас төсөв гаргаж, эхлүүлээд байгаа аж. Энэ цэцэрлэг улсаас нэг тэрбум 288 сая төгрөгийн санхүүжилтээр босч байгаа аж. Барилгын суурийг өнгөрсөн оны аравдугаар сард тавьж, гуравдугаар сард албан ёсоор эхлүүлсэн байна. 489 хүүхэд 12 бүлэгтэй цэцэрлэгт явдаг байсан байна. Уг нь нэг ангид 25 хүүхэд байх ёстой гэсэн хэдий ч цэцэрлэгүүд энэ тоог нэг дахин нугалж, ачаалалтай ажилладаг нь үнэн. Энэ өргөтгөл ашиглалтад орсноор 200 гаруй хүүхэд гэртээ цоожлуулж, ээж аавыгаа ажлаас нь иртэл пороро үзэх ялнаас мултрах нь. Өдөр, шөнөгүй баригдаж байгаа энэ олон орон сууц, оффисын барилгын дэргэд цэцэрлэг, сургуулийг нь хамтад нь шийддэг болчихвол энэ бүх асуудал ор мөргүй алга болмоор.
Дашрамд дурдахад барих газраа тогтоогүй, цаашлаад барих зай ч үгүй газар сургууль барина гэж төсөв батлуулаад газраа чөлөөлж чадахгүй царцаах нэгэн байхад барилгын зураг төслөө гаргаагүй хэр нь мөнгөө авчихаад дараа нь зурагаа өгсөн хэнэггүйчүүдийн уршгаар барилга царцаж байна. Үүнтэй зэрэгцээд та бидний татварын мөнгийг шамшигдуулж, хувьдаа завшин төсөв царцаасан хэсэг бүлэг барилгын компаниуд ч байгаа сурагтай. Өмнөх нийтлэлдээ бид улсын төсвийн 800 гаруй сая төгрөгийг салхинд хийсгэж, хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоосоо өмнө нурсан харамсалтай хэрэг хүртэл гарсан талаар сурвалжилж байсан билээ. Эдгээр барилгад хэдэн хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадах бол гээд бодохоор зөвхөн барилгыг бус сурах хүсэлтэй балчир үрсийг хамтад нь “царцааж” байгаа хэрэг мөн гэлтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18