Улс төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийг тэр сурталчилж өглөө

Хуваалцах:
-Таван жилийн хугацаатай парламент ба 108 гишүүн гэдгээс авахуулаад анхаарал татахуйц өөрчлөлтүүдийг хэн ч байсан анзаарахаас аргагүй. Энэчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан явдал нь “эцэг” хуульд гар хүрэх үйл явцад олон нийтийн анхаарлыг жинхэнэ утгаар нь чиглүүлсэн гэхэд болно-
Өнөөгийн эрх баригч намынхан өнгөрсөн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байхдаа “эцэг” хуульд гар хүрэхийг төдийлөн дэмжээгүй. Дэмжихгүй байх цаад шалтгаан нь ердөө л өнөөдрийнх шиг төрийн эрхийг барьж, өөрсдийн гараар зурах боломжоо л хүлээсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд төрийн эрхийг барьж Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор болохыг хүссэн байхыг үгүйсгэхгүй.  Аль нь ч байсан МАН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, энэ цаг үед тэрхүү төслөө парламентын түвшинд хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Учир нь, Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа өөрчлөх, түүнд гар хүрэх цаг нь ирсэн гэдгийг төрийн тэргүүнээс эхлүүлээд нийгмийн аль ч түвшинд хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Гагцхүү “эцэг” хуульд нэг нам дангаараа гар хүрч болохгүй гэх итгэл үнэмшил, үзэл бодлыг улс төрийн бусад жижиг нам, эвсэл илэрхийлсэн хэвээр байна.
Яг ийм эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, парламентад өргөн барилаа. Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь улстөрчид төдийгүй иргэдэд гэнэтийн “бэлэг” болсон. Таван жилийн хугацаатай парламент ба 108 гишүүн гэдгээс авахуулаад анхаарал татахуйц өөрчлөлтүүдийг хэн ч байсан анзаарахаас аргагүй. Энэчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан явдал нь “эцэг” хуульд гар хүрэх үйл явцад олон нийтийн анхаарлыг жинхэнэ утгаар нь чиглүүлсэн гэхэд болно.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын олонхийн боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын түвшинд хэлэлцэж байхад нь санал биш бүр цоо шинэ төсөл өргөн барьж, өөрийн боловсруулсан төслийнхөө зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан болон МАН-ын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр эрх баригч намын гишүүдээс эхлүүлээд эрдэмтэн, судлаачид хүртэл байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, мягмар гарагт “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”, лхагва гарагт “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах”, өчигдөр “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн бол өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь “Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” гэсэн сэдвээр хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх юм.
ТӨРИЙН ТЭРГҮҮН ТӨСӨЛДӨӨ ЮУГ ЧУХАЛЧЛАВ
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулж өргөн барьсан төсөлд “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах” чиглэлд давхар дээлтэй сайд нарын тоог багасгаж 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, Ерөнхий сайдад сайд нараа томилж, чөлөөлөх эрхийг олгох, УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдыг томилох саналыг хамтад нь албан ёсоор тавих, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглож байгаа бол “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах” чиглэлээр хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар батлах, УИХ-ын 4-5 гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хязгаарыг тогтоох, УИХ болон Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийн зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй байх, мэргэжлийн хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах түр хороо байгуулах зэрэг ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдаад байна.
Харин “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах” чиглэлээр шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгожээ. Үүнээс гадна “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол бүхий зохицуулалт Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан төсөлд тусгагдаад байгаа.  
НЭГ ТАЛДАА ГАРЧ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Хэрэв уншигчид санаж байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүхийн шинэчлэл, байгалийн баялгийг хуваарилах зэрэг тодорхой асуудалд шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлж байсан.
Харин эрх баригч намын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд чиглэсэн заалт нэлээд олон байсан билээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн шүүхийн томилгоонд оролцох эрх мэдлийг хязгаарлах зэрэг асуудал ч хөндөгдөж байв.
Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох болоогүй, хуулийн өөрчлөлт түүний бүрэн эрх дуусгавар болсны дараа үйлчлэхээр байсан ч Ерөнхийлөгчийн сүр хүчинд нөлөөлөхүйц заалтууд дээр ямарваа “сонирхлын зөрчил бүхий” санал илэрхийлээгүй байдаг. Нөгөө талаараа Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж өргөн барьсны учир нь эрх баригч намын боловсруулсан төсөлд сэтгэл дундуур байсантай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Тиймдээ ч бүрэн эрхийнхээ хүрээнд, ардчилсан Ерөнхийлөгч гэдэг утгаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өөрөө боловсруулж, бүр түүнийхээ зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж манлайлал үзүүлэхийг хүссэн байж болох. Ямартай ч “эцэг” хуульд гар хүрэх цаг болсон гэдгийг хаана, хаанаа ярьж байна. Танай, манай нам гэж талцалгүй зөвшилцөлд хүрч, нэг талдаа гараад Үндсэн хуулиа өөрчлөх хариуцлагатай цаг үе иржээ.


Б.Төрбат
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0