Нийтлэл

57 сая төгрөг, 20 мянган юань гэртээ нуусан Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуваалцах:
Хоёр өгүүлбэр бичээд Зөрчлийн тухай хуулиар 2 сая төгрөгөөр торгуулж байхад нийтдээ тэрбум төгрөгийн авлига авсан хэлтсийн дарга нарт холбогдох хэргийг шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, торгоод өнгөрөх нь ёстой ариун явдал уу. Шударга шийдвэр үү. Бас болоогүй МХЕГ-ын хэлтсийн дарга нарт авлига өгсөн ААН болон компанийн эзэд өөрсдийгөө илчилж, хээл хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн тул энэ удаад эрүүгийн ялаас чөлөөлж мулталсан гэх тайлбарыг ч хуулийн байгууллагуудаас нь өгсөн байгаа юм. Энэ үзэгдэл нөгөө хээл хахуульд дуртай, албан тушаалаа ашиглаж бусдыг хясан боогдуулж хахаж хавчдаг дарга нарыг өөгшүүлсэн үйлдэл болоод байгаа юм.
Тодруулбал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэргэшсэн төрийн хулгайч луйварчид байсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай харлаа.
Хамгийн гол авлига авсан нь үнэн нотлогдсон байхад яагаад шүүх толгойг нь илж хэргийг нь хэрэгсэхгүй болгов гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм.
Нөгөө талаар авлигын хэрэгтнүүдтэй АТГ-ынхан яаж тэмцээд байгаа юм бэ. Тэрбумын авлига авсан этгээдүүдийг илрүүлсэн хэрнээ тэднийг нь шүүх зүгээр торгосон болоод суллаад явуулчихдаг юм гэнэ. Ингэхээр ямар даргад ямар хэмжээний авлига өгөөд ажлаа бүтээлгэж амжуулж болох вэ гэдгийг бодитоор харуулчихлаа.
Ийм байхаар Монгол Улс авлигад идэгдэхгүй яах юм бэ, албан тушаал авлигын хэрэг  газар авч гаарахгүй яах юм бэ. Шударга зүйл гэж хаана байх вэ.
Тухайлбал, хоёр хоногийн өмнө АТГ-аас дэлгэсэн нэг бичлэг нийгэмд нэлээд шуугиан тарилаа. Авсан авлигаа оймсондоо нуусан байгаад баригдсан хэлтсийн дарга нар байна. Авлигад авсан мөнгө, ам.доллар, юаниа гэртээ болон ажлын байран дээрээ хадгалж байгаад АТГ-ынханд баригдах гэж дээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэгийг дэлгэв.
Хэргийг шалгах явцад гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан байна.  АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, Хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрт байлах сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байна. 
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар ийнхүү нэг тэрбум орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон. 
Иймд Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.  Энэ шүүхийн шийдвэр шударга шийдвэр мөн үү.
Албан үүргээ мэдэж, төрийн албанд тангараг өргөж даргын сэнтийд зарлачихаад ард иргэдээс авлига авч бай гэсэн зам үүдийг хэн нээж өгөв.
Дээрх авлигачдын балгаар хилээр хэчнээн хортой, баталгаагүй түргэн муудах хүнс орж ирж,хэдэн айлыг өвчин зовлонд унагасан бол гэж бодоод үз дээ. Хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Энэ хэргийг бүр зориуд шийдэхгүй байсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон нь үнэхээр харамсалтай. Ард нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байсан юм байна гэж  олон нийт харж, хардаж эхэлсэн. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр энэ хэрэг хэрэгсэхгүй болсон байгаа юм.
Хэдийгээр дээрх дарга нар одоо ажлаа хийхгүй, төрийн албанаас чөлөөлөгдсөн байгаа ч энэ дарга нарыг албан тушаалд томилсон дарга, удирлагууд нь хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа буух ёстой юм шүү.

О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 
скачать dle 12.0