Эдийн засаг:
Өнөө цагт сэтгүүл зүй гэдэг ойлголт мэргэжлийн түвшинд яригдаж бас үнэлэгдэж эхэлсэн. Өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий.
Мэдээж энэ тоо нь 3 сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишигтэй харьцуулахад дээгүүрт орно. Сүүлийн жилүүдэд цахим орчин хурдацтай хөгжиж, энэ нь манай улсад ч нээлттэй байгаагийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжих хандлагатай болсон. Тэр тусмаа мэдээллийн сайтын тоо эрс нэмэгдсэн. Түүнчлэн цахим орчин нээлттэй мэдээлэл түгээхийн хэрээр хуурамч, сенсаац хөөсөн мэдээлэл газар авах нь улам бүр гаарсан. Мэдээж үүнийг бичигч миний хувьд тогоо руугаа нулимж буй мэт бусдад харагдах ч хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж үгийг санан, санан сийрүүлэв.
Эрэн сурвалжилсан даацтай, эх сурвалжтай мэдээллийг иргэд, хэрэглэгчдэд хүргэж буй нэг хэсэг байхад нөгөө талд нь бусдын бэлтгэсэн мэдээ, мэдээллийг хуулбарлах, зөвхөн нийтэд таалагдахын тулд мэргэжлийн ёс зүйгүй, эх сурвалжийн мэдээллийг үгүйсгэсэн, өөрсдийнхөө л хандалтыг нэмэгдүүлж байвал бусдын эрх ашиг, үнэн олон түмэнд л таалагдаж байвал үгүйлэх болжээ. Нэг үе хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэд нь өөрийн ашиг сонирхолд ашиглах байдал ердийн үзэгдэл болсон гэж байсан. Харин одоо эсрэгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн ил тод, шударга өрсөлдөөн үгүй болж байна уу гэлтэй.
Мэдээж ч мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг. Гэвч сэтгүүл зүй захиалгат хөгжмөөс тэс өөр гэдгийг энэ салбарт ажиллагсадын зарим нь ойлгохгүй байна уу, эсвэл бүр ойлгохыг хүсэхгүй байна уу. Үүний тод жишээ нь ЛАЙВ буюу шууд дамжуулалт хийж буй мэдээллийн сайтууд. Тэдний хувьд аливаа үйл явдлыголон нийтэд түргэн шуурхай хүргэж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь түүний цаана хувь хүний амьдрал, байгууллагын ёс зүйг хэрхэн харуулж байна вэ. Мөн өөрсдийнхөө чадварыг олон нийтэд хэрхэн харуулж байна вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв болж байна.
Шууд дамжуулалт хийж байхдаа камераа нээчихээд өөрсдөө элдэв мааз яриагаа тоосон шинжгүй цацах, бусдын яриаг нууцаар дамжуулж байгаа мэт хүргэх зэрэг нь сэтгүүл зүйн зарчимд хэр нийцэх бол. Ажил үүргээ явуулж буй байгууллагын хаалгыг тогших ч үгүй камераа бариад орох, учир байдлаа танилцуулахаас түрүүлж өөрийгөө хальт танилцуулаад микрофоноо аманд нь тулгах зэрэг нь өнөөгийн сэтгүүл зүйн арга барил болчихсон мэт.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гээд заачихсан байдаг. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нутгийн аялагыг засах байтугай хэл ярианы согогтой хүний ярианы титрийг ч засалгүй нийтийн хүртээл болгох болжээ. Энэ бол сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүргийг үгүй хийж буйгаас өөрцгүй. Хэдийгээр монголчууд буруу ярьж, зөвөөр ойлгодог хэмээх үг олны дунд тархсан байдаг ч сэтгүүл зүйд ийм зарчим хэзээ ч үйлчилдэггүй. Үйлчлэх ёсгүй. Бүр цаашлаад үсэг алдах эрхгүй л хүмүүс тэнд ажиллах учиртай. Харин өнөөгийн цахим орчинд хэт автан худал, үнэнийг ч үл ойшоон мэдээллийг үнэгүйдүүлж буй хэсэгт зориулан сэтгүүл зүй урдаа барьж тархи угаах технолги ашиглагчид олширч байна.
Уг нь мундаг сайн сэтгүүлч, олны танил сурвалжлагч болохоосоо өмнө хүн болох учиртай гэдгийг энэ салбарын ахмадууд, багш нар бүгдэд нь л зааж, сургаж ирсэн. Тиймдээ ч тэдний үгээр аливааг үзэх үзэл, хандах хандалагын өмнө ХҮН гэх агуулгаа хадгалсаар ирсэн сэтгүүлч олон. Харамсалтай нь сүүлийн үед өөрийгөө од болгож, тухайн мэдээллийн хэрэгсэлээ түмэнд түгээхийн төлөө юу ч хийж, хэнийг ч бусдад яаж харуулж, дүгнүүлж чадах ёс зүйг умартсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэмэгдэх хандлага гаарч байна.
Үүнийг МСНЭ, Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл анхааралдаа авахгүй бол мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх ёстой салбарын хувьд эмгэнэлд хүрэхэд ойрхон байна уу гэлтэй. Үүнийг ойрын хугацаанд тогоондоо хэлэлцэн, шийдвэрлэхгүй бол ирэх оны сонгуулийн үеэр сэтгүүл зүйг цахим орчны хуурамч мэдээллээс салгахад бүр ч хүндрэлтэй болох болов уу. Сэтгүүл зүй хүссэнээ харуулдаг гэж хэлдэг, бас ярьдаг. Гэвч бид зөвхөн үнэний төлөө, ёс зүйтэй байх ёстой баймаар байна.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18