Эдийн засаг:
Монголчууд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийг хамруулсан олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байна.
УИХ-д олонх суудалтай МАН-ын төсөл ба Ерөнхийлөгчийн төслийг нэгтгэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дундаа газар болон байгалийн баялаг яг хэний өмч болох тухай хэлэлцсэн нь үндсэн хуулиасаа ч том асуудал сөхөж орхив.
Энэ чухал асуудал монголд тодорхой биш явж ирсэн нь одоо л нэг ил гарч, нийтээр хэлэлцэх боломж анх удаа нээгдлээ. Нэгэнт л сөхсөн учир бүрхэг, холимог явж ирсэн өмчийн болон төр засгийн ойлголтоо нэг мөр цэгцлэн нэр томьёоллыг нь засчихвал зүгээр.
ЗАРЧМЫН ЯЛГАА
Одоогийн Үндсэн хуулийн 6.1 -д "Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна".
6.2-д "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" гэж заасан.
Тэгвэл УИХ-аас 6.2 дээр "Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэсэн нэмэлт оруулах санал гаргалаа.
Харин Ерөнхийлөгч "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална" гэсэн нэмэлт оруулав.
Нэг нь байгалийн баялаг бол төрийн, нөгөө нь үгүй ээ, нийтийн өмч гэсэн ялгаатай саналууд. Энэ бол зарчмын ялгаа бөгөөд үүнийг яаж шийдвэрлэхээс хамааран ганц үндсэн хууль төдийгүй бусад хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгарна.
ОЙЛГОЛТЫН ЯЛГАА
Монголд ардчилсан улс орны төр болон засаг гэсэн нэр томьёог ойлголгүй хуульдаа буруу тусган хэрэглэж ирсэн. Төр (state) бол өөрчлөгддөггүй улс төрийн нэгж, харин засаг (government) нь ардчилсан чөлөөт сонгуулиар өөрчлөгддөг.
Төрийг сонгогдсон засаг нь удирддаг. Засаг нь харилцан тэнцвэртэй, хяналттай гурван засаглалаас бүрддэг. Үүнд хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, шүүх засаглал ордог.
Монголд хаант засгийн үеэсээ гүйцэтгэх засгаа дангаар нь Засгийн газар гэж нэрлэж иржээ. Одоогийн ҮХ-д Засгийн газрыг "төрийн гүйцэтгэх дээд байгууллага" гэж зөв тодорхойлсон ч, ташаа нэрлэжээ. Засгийн газрыг Сайд нарын Зөвлөл эсвэл Танхим (Cabinet) гэж товч нэрлэх нь оновчтой.
Мөн ардчилсан орны засаг нь бүх иргэдийн дийлэнхийн саналаар сонгогддог учир олон хүмүүсийн буюу улсын засаг. Монголчууд олон хүнийг улс гэж хэлдэг.
Гэтэл нөгөөх нийтийн өмч ба хөрөнгө гэдэг нь бүх хүний гэх эзэнгүй ойлголт юм. Тийм учраас газар, газрын хэвлий, байгалийн баялгийг төрийн биш улсын өмч гэж тусгах нь илүү зохистой. Улсын буюу бүх монголчуудын өмчийг тодорхой хууль журмын дагуу төр, засаг нь захиран зарцуулах эрхтэй.
Нэгэнт л хүн бүрийн саналыг асуулт бүрээр авах боломжгүй учраас, дийлэнхийн саналыг авч байгуулсан ардчилсан засагт тийм эрхийг өгөхөөс өөр сонголтгүй. Ардчилал нь бусад засаглалаас үүгээрээ ялгаатай.
ӨМЧИЙН ХЭЛБЭР
Улсын өмчийг төр, засаг яаж захиран, зарцуулах тухай хууль журам батлах шаардлагатай болно.
Дэлхийн олон оронд газрын болон түүний баялгийн өмчлөлийг зөв шударга зохицуулах түүхэн боломж олдоогүй юм. Жишээ нь эдүгээ Английн газар нутгийн талыг хүн амын 1 хувь эзэмшдэг болохыг Guardian сонин нийтэлсэн.
АНУ-ын ихэнх мужийн газар нутгийн талыг нь Холбооны Засгийн газар эзэмшиж байна. Олон оронд төр засаг өөрөө юу ч бүтээгээгүй, бүтээдэггүй учир төрийг өмчтэй байхыг эсэргүүцдэг. Тийм ч учраас байгалийн баялгийг Public (people's) буюу улсын өмч гэж үзэж, ашигласны төлбөрийг төр, засаг нь аваад улсын хэрэгцээнд үр ашигтай зарцуулж, хойч үеийнхэндээ үлдээхийг зорьдог.
Байгалийн баялгийг ҮХ-даа Хятад, Казахстан, Өмнөд Солонгос, Катар, Саудын Араб гэх мэт оронд төрийн өмч гэж заасан бол АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон орнуудад хэн нэгэн өмчлөх тухай огт заагаагүй байна.
Иймд бид ҮХ-даа иргэдийн болон нийтийн өмч гэхийн оронд хувийн (хувь хүн, хуулийн этгээдийн), хамтын (тодорхой байршилд оршин суугаа бүлэг хүмүүсийн), улсын (монголын бүх иргэдийн) өмч гэвэл олон улсын жишигт нийцнэ.
ҮХ-д оруулж буй энэ удаагийн өөрчлөлт нь өнөөгийн улс төрчдийн хоорондын өрсөлдөөн, тэрсэлдээний болон эрх мэдлээ баталгаажуулах хэрэгсэл байж болохгүй. Энэ нэмэлт өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн суурь болсон бүх төрлийн өмчийг эзэнтэй болгоход чиглэх ёстой.
Хэрэв төр, засаг түүний бүтцийг зөв нэрлэн, байгалийн баялгийг төрийн биш улсын өмч болох, энэ өмчийг засаг нь тодорхой хуулийн дагуу захиран зарцуулах ёстойг ойлгомжтой болгож чадвал монголчууд энэ удаа ҮХ-даа шаардлагатай нэмэлт өөрчлөлтөө хийж, алдаагаа засаж чадах болно.
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18