Улс төр

МАН шинэ хонгилтой болох гээд дуншиж байна уу

Хуваалцах:
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж МАН-ынхан үзэж тарж байна. Хэлэлцүүлгүүдийг ар араас нь маш шуурхай хийж, ажлын хэсгийнхний оруулж ирж байгаа санал, анхан шатны хуулийн төслүүдийг бараг харж амжихгүй, ямар ч засваргүй шахам “Энэ заалт болж байна” гээд л нүдээ аниад “машиндаж” өгч байна гэхэд хилсдэхээргүй дүр зураг хөвөрч байна. Учир нь, ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн шинэ хувилбарыг ирэх есдүгээр сардаа багтаж, УИХ-аар батлуулах гээд ийн яарч сандарч байгаа хэрэг. Тэд “Одоо мөрдөж байгаа Үндсэн хууль цаг үедээ гологдож байна. Эзэн нь олон жилийн өмнө хаяад явсан яажийсан амбаар шиг болчихсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь нэн чухал” гэж ард түмэнд ойлгуулж байна. Гэхдээ үнэхээр одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юү. Яг ямар заалт нь цаг үеэсээ хоцорч байгаа вэ гэдгийг тодорхой, баримттайгаар олон нийтэд хэлж ойлгуулж байгаа зүйл алга.
Ерөнхий сайд асан С.Баяр манай сонины өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн дугаарт өгсөн томоохон ярилцлагадаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлаар ярьсан. Тэрбээр“Монгол Улсын төрийн байгуулал гэх гуравдугаар бүлэгт л “но”-той зарим асуудал бий. Хамгийн урт, адармаатай бүлэг. Түүнийг засах янзлах хэрэгтэй. Түүнээс бусад бүлэгт өөрчлөлт хийх шаардлагагүй” хэмээсэн. Мөн нэртэй хуульчид ч “Одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад байхаар муу хууль биш. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны эцэг, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид нарын тэргүүтэй нэрт эрдэмтэн, судлаач, хуульчид чөмгөө дундартал бодож тунгаасан, олон хоног нойр хоолгүй хуралдаж, түүхий сүүний бяслаг шиг өө сэвгүй болгосон хууль юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан ч одоогийн хуулиас илүүг хийж чадахгүй. Үндсэн хуулиар ингэж зоригтой оролдож байгаа нь цаанаа маш том эрх ашиг яваад байгаа юм биш үү” гэж ярих болсон нь учиртай.
Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд МАН-ынхан улайраад байгаа цаад утга учир нь Шүүхийн эрх мэдлийг гартаа оруулж авах гэсэн далд сонирхол бололтой. Тийм гэдэг нь маш олон зүйлээр батлагдаж байгаа. Ингэх шалтгаан ч тэдэнд бий. Учир нь,МАН-ынхны үнэн нүүр царай нь олон нийтэд ил болж, тараа таниулж эхэлсэн. Үүнийгээ далдлах ажил цөөнгүйг хийж байгаа нь тодорхой. Жишээ нь, өнгөрсөн жилээс эхлэн шүүхтэй холбоотой олон ноцтой асуудал олны анхаарлын төвд орох болсон. Шүүгчдийн хууль бус үйлдэл, бусдаас авлига, хээл хахууль авч, томоохон хэргүүдийг шийдсэн асуудал, шүүх удирдлагаасаа эхлээд улстөрчдийн гар хөл болж байгаа талаарх мэдээллүүд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Үүнээс үүдэн ард түмэн ч шүүх засаглалын хараат бус байдалд эргэлздэг болсон.
Өөрөөр хэлбэл, Монголын шүүхэд итгэх ард иргэдийн итгэл алдарч эхэлсэн юм. Гэвч ард иргэдийг шүүхэд итгэх итгэлгүй болгох зүйлийг улстөрчид зохион байгуулалттайгаар, санаа сэтгэл нэгдэн хийж байгаа нь ч тодорхой. Шуудхан хэлэхэд, Монголд шүүх засаглалын хараат бус байдал гэж байхгүй болсон гэх зүйлийг зарлан тунхаглаж, нийгэм даяар үзэн ядуулах технологийг маш амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Хамгийн ойрын жишээ нь, нэр бүхий 17 шүүгчид холбогдох хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Энэ мэтээр шүүхийг муухай харагдуулах ажил амжилттай хэрэгжиж дууссаны дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зүтгэж эхэлсэн.
АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ, ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ ГАРТАА ОРУУЛАХ ГЭСЭН ДАЛД САНААРХАЛ
МАН-ынхан шүүх засаглалын эрх мэдлийг гартаа авахын тулд Үндсэн хуулиар оролдож байгаа гэдгийг дээр цухас дурдаад өнгөрсөн. Тэгвэл энэ асуудлын үнэн учир шалтгааныг одоо хүргэе. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шүүхийн хараат бус, хариуцлагыг маш тодорхой байхаар тусгасан байдаг. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл чамбай сайн. Үүнийг батлуулчихвал шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх сайн талтай юм байна гэж хуульч, судлаачид үзэж байсан.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг төсөл саналд шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна лээ. Ерөнхийлөгчийн гаргаж байгаа санал нь МАН-ынхны захиалгатай гэх яриа бий. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгийн хурал дээр “УИХ-ын 108 гишүүнтэй байя” гэдэг чинь та нарынх шүү дээ” гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сайн нягталж ойлгох юм бол зөвхөн УИХ-ын гишүүнийг 108 болгох гэсэн зүйл биш юм. Та нар л ийм хуулийн төсөл бүхий саналыг өргөн барь гэсэн үг. Ерөнхийлөгчийн гаргаж буй төсөл, саналыг МАН-ынхан бүгд гар өргөн батлах юм гэсэн. Тийм болоод ч үүнийг эсэргүүцэж ярихгүй байна.
Дээрх санал батлагдчихвал үе үеийн төрийн толгойд байсан улстөрчид шүүх эрх мэдлийг удирддаг болох, шинэ хонгил бий болгох гэсэн санаархал юм байна гэсэн хар ард түмний дунд төрж байна. Учир нь шүүгч нартай сахилгын асуудлыг УИХ-аар биш ҮАБЗ-өөс шийдэж байхаар тусгасан байгаа юм. Дээрх саналыг бүхэлд нь хүлээгээд авчихвал шүүх эрх мэдлийг бүр байхгүй болгох шинжиндээ орлоо. УИХ 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацаа таван жил байна гэсэн зүйл нь ард түмнийг төөрөгдүүлсэн тоглоом. Ард түмэн үүн дээр гол анхаарлаа хандуулж, эсэргүүцнэ гэдгийг тэд тооцоолсон юм. Ингэж шүүх эрх мэдлийг МАН-ынхан Ерөнхийлөчийн гараар могой бариулж байгаад ард түмнийг хуурч мэхлэн авчихвал хууль хүчний байгууллагыг захирсан хонгил бий болгож чадна. Ямар ч аавын хүүг өөрсдийнхөө бий болгосон хонгилоор оруулж, хорих ял өгч чадах юм. Яагаад гэвэл тэд шүүх засаглалыг удирдах хуулийн цоорхой, цогц түлхүүртэй болно шүү дээ. МАН-ынхны шинэ хонгилтой болох гэсэн мөрөөдөл дуншиж байна.

Э.Хүрэлбаатар 
Эх сурвалж: Өдрийн сонин

 
 


скачать dle 12.0