Онцлох мэдээ / Улс төр

Лиценз зарсан нөхөр засагт чинь байна, Ерөнхий сайд аа?

Хуваалцах:
Засгийн газар сүүлийн үед тун зоримог ажиллаж байна.  Уул уурхайн хэд хэдэн лицензийг цуцалж, газар нутгаа улсын хамгаалалтад авав.  Тухайлбал, энэ сарын 12-нд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах  шийдвэр гаргасан.  Түүнээс ердөө хоёр хоногийн дараа цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь очиж, компанийн  үйл ажиллагааг таслан зогсоов.
Энэ нь  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн мэдлийнх гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгож байгаад л лизенцийг нь цуцалчихсан. Мөн үүний дараа  буюу ердөө маргааш нь уул  уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан.  Үүний 13 нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн лиценз юм. Эдгээр нь “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компаниуд гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлсэн.
Үүнээс харахад Ерөнхий сайд маань лиценз эзэмшдэг,үйл ажиллагаа явуулдаг   улс төр, бизнесийнхэнд нэлээд хатуу хандаж эхлэх бололтой.  Тэрээр хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ ч энэ  талаар хэлсэн.  “Монголын төрд байгаа зарим нэг хүмүүс уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулахаа боль гэсэн. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Ямар их шунал вэ. Тэр лицензүүдийг нь цуцлаж, Тост, Тосон бумбыг улсын тусгай хэрэгцээнд ав” хэмээсэн байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд аа, та нэг зүйлийг анзаарсан л байх даа.  Уул уурхайн лицензээ ашиглаж,  татвар төлөхгүйгээр  гадныханд чимээгүйхэн зарчихсан нөхөр танхимд тань багтдаг. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болоход нь Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудалтай холбоотойгоор хориг тавьж байсан. Гэсэн ч Ч.Хүрэлбаатар өөрийгөө хамгаалж зүтгэсээр давхар дээлтэй сайд болсон юм.  Зүй нь бол лиценз ашигласан, гадныханд зарсан  хоёрын аль аль нь л шуналтай болж таарна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийнхөө эзэмшиж байсан Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордыг Солонгосын төрийн өмчит компани болох “Корэйн коал” компанид зарсан гэдэг. Ч.Хүрэлбаатарын буянаар 2000 оноос хойш Увс аймгийн баруун хэсэгт солонгосчуудын нөлөө бий болж, орон нутгийн иргэдийн амьдрал ахуй нь доройтож, байгаль орчин нь химийн бодист хордон сүйдэж, мөхлийн ирмэгт ирсэн байдаг.  Энэ талаар Бөхмөрөн сумын иргэд удаа дараа мэ¬дээлэл хийж байв.  Энэхүү нүүрсний бүлэг ордод анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3  тэрбум тонн нөөцтэй болохыг нь тогтоосон байна.
Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг даржээ. Ингэснээр одоо ордыг ердөө 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгочихсон байгаа.
Энэ талаар  2017 оны  аравдугаар 30-нд ЕТГ-ын дарга З.Энхболд өгсөн ярилцлагадаа “…Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид зарсан. Монгол Улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан Сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу. Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь Улсын төсөвт оруулдаг биз дээ.  Энэ нь ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30 гэр бүлийн нэг мөн болохыг нь харуулж байна” гэсэн байдаг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2018 оны хоёрдугаар сарын 9-нд болсон чуулганы үеэр “Ч.Хүрэлбаатар сайдын хоёр ах нь Хотгор шанагын нүүрсний уурхайг 10 сая ам.доллараар зарсан асуудал бий. Тэд хувиа авчихсан. 30 хувь гэдэг бол долоон тэрбум гаруй төгрөг. Эх оронч дүр эсгэж уул ус, газраа худалддаг байдлыг таслан зогсоох ёстой. Хоёр төрсөн ах, туслах нь ийм наймаа хийгээд данс руу мөнгө орсон нь батлагдсан. Энэ мэт өмнө нь хийгдсэн наймаануудыг яах вэ” гэсэн байдаг.
Тус уурхайн нийт талбай нь 128.7 км.кв бөгөөд ашиглах эрх бүхий талбай дахь нөөцийн хэмжээ 109 сая тонн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа.  Зарим баримтуудаас иш татахад  2010 оны арванхоёрдугаар сард уг уурхайн хувьцааг БНСУ-ын төрийн мэдлийн компани худалдан авсан байх бөгөөд тус компанийн мэдэгдэлд “…Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авсан. Энэ уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой” гэсэн байдаг. Ийм л том ордын лицензийг гадныханд  зарчихсан Сангийн сайдтай билээ. Лиценз эзэмшдэг нь яах вэ, хураалгачихлаа.  Харин зарсан нөхөр Засагт чинь байна,  Ерөнхий сайд аа?

Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0