Эдийн засаг:
У.Хүрэлсүх одоогоос хоёр жилийн өмнө, 2017 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд болж байлаа. Дараахан нь МАН-ын дарга болсон. Тэр зуны үйл явдлыг эргэн санавал У.Хүрэлсүхийн хувьд ногоон гэрлээр Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байсан юм даг.
Амьдрал их сонин. Орсон шигээ гардаг, өгсөн шигээ авдаг. Өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан шигээ амархан нурахаар хэврэг болсон байна. Мэдээж хэрэг үүнд шалтгаан бий.
Хамгийн том нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй өөртэй нь холбоотой. Түүний Засгийн газарт гарын хуруунд багтахаар гайгүй ажиллаж байгаа сайд байгаа нь үнэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын тамгыг атгасан өдрөөсөө хойш үргэлжлүүлэн урсгаж буй популизм эргээд өөрт нь дэгээ болоод байгаа юм.
У.Хүрэлсүхийн популизм бүрийг жагсааж бичиж байгаад уншвал их гоё л доо. Гэхдээ бодит байдалтай зэрэгцүүлээд харвал нийлж таарах юм бараг л байхгүй. Хэрэгжих боломжгүй. Тэр байтугай хэлсэн үг нь ардаа “модон улбаа” чирсэн нь элбэг байх аж.
Ерөнхий сайд болоод удалгүй “…Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж байлаа. Нулимс унагамаар бахархалтай үг. Гэхдээ тэр юунаас айгаад, түүний амь насанд хэн заналхийлээд байна вэ гэдгийг хэн ч тайлбарлаагүй, бид ойлголгүй үлдсэн юм.
Дараа нь “…Иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал. Хүн цохиод алчихаар том том алтан цаг зүүж, сваровский шигтгээтэй үзэг, цүнх барьдгаа больцгоо. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй” гэлээ. Өнөөдөр, магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш албан тушаал дээр очоод хагартлаа баяжсан этгээдүүд хэдхэн сарын дараа зуу зуугаараа цувраад ил болж мэднэ.
Саяхан “…Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм бэ. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар сэндийчиж, ард түмэн бухимдуулаад. Албан тушаалтнуудыг авлигалддаг байсан бол одоо ард түмнийг авлигалдах гэж оролдож байна. Тэр лицензүүдийг цуцлаж, улсын тусгай хэрэгцээнд ав” гэж байгаад баахан лиценз цуцлууллаа. Энэ бүхний ард юу болсон гэж бодно. Ерөнхий сайдын энэ “сэлэм”-д аль хэдийнэ, арван жилийн өмнө ухаад дуусгасан арав гаруй лиценз, улс төрийн өрсөлдөгчийнх нь хувийн бизнес өртсөн байдаг. Харин нөгөө талд Монголын мөнгөний эргэлт, санхүүг бүрдүүлж байдаг уул уурхайн хөрөнгө оруулалт “тэг зогсолт” хийв. Монголд хөрөнгө оруулах гэж байсан гадныхан “…Сонгуулийн дараа болъё” гэдэг болсон тухай бизнесмэнүүд ам уралдан ярьж байна. Дотоодын хөрөнгө оруулагч, бизнемэнүүд ч 2020 оны сонгуулийн дүн хараад суучихсан.
Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхнаа “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй” гэж загналаа. Үр дүнд нь өнөөх гишүүд нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бойкот хийгээд эхлэв. Хэлэлцүүлэгт орж ирэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “…2020 оны сонгуульд нэр дэвшүүлнэ” гэсэн амлалтыг бичгээр авч байна гэж мэдээллийг зарим хэвлэлд мэдээлж байна.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хэврэгшсэн, өмнөх замд нь улаан гэрэл ассаныг өөр нэг байдлаас нь ойлгож болно.
Сайд нар нь тал талд ганцаарчилсан тоглолт хийгээд эхэлсэн. Нэрийг нь дурдаад яах вэ, Ерөнхий сайд өөрөө ч мэдэж байгаа биз. Тэр сайд нар Ерөнхий сайдаасаа байтугай олон түмнээс нуухаа больчихсон байна.
Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана гэдэг дайснуудад нь дэндүү амархан гэсэн үг. Сөрөг хүчин АН-ыг ч ашиглах, тэднээс дэмжлэг авах хэрэггүй.
Анхны хуваагдал болох 33:32-ын суурин дээр үлдсэн, түүнээс хойш нэлээд сэлгээ хийгдээд өнөөдөр бараг тэр тоон дээрээ буцаж очоод байгаа МАН-ынхан нэг хөдөлбөл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дор нь унагачихаар байгаа. Араас нь залгуулаад намаа салгаад авчихна. Ядах юмгүй.
Гэхдээ нөгөөдүүл нь яаран ингэж хөдлөхгүй байна. “…Намаа бужигнуулж, ирэх сонгуульд сөнөөгөөд яахав, дараагийн сонгуульд нэр дэвших эрх олдвол болчихно” гэх хувийн ашиг нь ингэж гацаагаад байгаа бололтой юм.
Гэвч МАН-ынхныг хөндлөнгөөс харж байхад 2020 онд дахиж нэр дэвшээд, дахиад сонгогдоно гэх найдвар бараг үгүй юм.
Учир нь тодорхой. Олон улсын мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авдаг байгууллага болох ФАТФ-аас удахгүй Монгол Улс маш том цохилт авч мэдэхээр болсон.
Монголбанк, нэр бүхий арилжааны банкуудын үйл ажиллагаа, шүүх, хуулийн байгууллагуудын мөнгө угаахтай “тэмцэж” байгаа байдал зэргээс шалтгаалаад Монгол Улсын саарал жагсаалтад оруулах нь бараг тодорхой болчихсон байна.
Эндээс мултрах боломж бараг байхгүй. Сар гаруйн дараа бид ийм мэдээ хүлээж авах болоод байгаа юм.
Саарал жагсаалтад орсон нөхцөлд Монгол Улс аливаа санхүүгийн “түргэн тусламж”-д хамрагдах боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гуйгаад ч орж ирэхгүй. Монгол Улсын иргэд хил даваад л хяналттай явдаг болно. Ингээд ирэхээр улс орон юу болох нь төсөөлөгдөж таарна. Энэ бол саарал жагсаалтын гай юм.
Бүтэн хоёр жил ажиллачихаад ФАТФ-ын саарал жагсаалтаас улс орноо мулталж чадаагүй Ерөнхий сайдад түшээд итгэл үзүүлсээр байх уу. Бас ийм даргаар удирдуулдаг намд сонгогчид хэдхэн сарын дараа дахиад саналаа өгөх үү. Өнөөдөр болоод ирэх өдөр, саруудад харагдаж байгаа төсөөлөл энэ байна.
Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт улаан гэрэл асчихлаа. Ийм өнгөтэй гэрэл дээр нам зогсдог. Зөрчөөд хөдөлгөөнд оролцвол осолд ордог билээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18