Нийтлэл

Д.Дорлигжавын хахуулийн хэрэг сураг алдарчээ

Хуваалцах:
-С.В.Паушок хүсэлт гаргаж, Д.Дорлигжав нарт холбогдох хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөв-
Улсын ерөнхий прокуророор ажиллаж байгаад саналаараа албан тушаалаасаа бууж, Хууль зүйн сайдын сэнтийд сууж байсан Дамбийн Дорлигжавыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ. Түүнд сайдын халаагаа өгсөн, намынх нь залгамж халаа болсон Х.Тэмүүжин анх 2014 оны арванхоёрдугаар сард “Голомт” банкны гүйлгээний баримтын зургийг хавсаргаж, “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн дэлгэсэн нь тухайн үедээ олны анхаарал татаж, хэн ийм мөнгө авсан, хэн өгсөн бэ гэсэн таамаг дэвшүүлэн ярьцгааж байсан билээ.
Харин өнгөрсөн жил “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд дээрх баримтыг дахин дэлгэж, Д.Дорлигжавын шантаажинд ороод дөрвөн сая ам.доллар “Голомт” банкаар дамжуулан өгсөн тухайгаа “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо өгүүлсэн. Түүний ярьсны дагуу АТГ-аас  Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, “Алтан дорнод Монгол” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан Чангаагийн Бямбаа нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн өнгөрсөн нэгдүгээр сараас АТГ-ынхан шалгах болсон юм. Тодруулбал, Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай (NRI), “Пайонеринг интернэйшнл “ компаниас  2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэсэн. Д.Баатарыг хэрэгт хамтран оролцож, хахууль авсан, Ч.Бямбааг дөрвөн сая ам.долларын хахууль өгсөн хэрэгт буруутгаж буй билээ.
Улмаар энэ хэрэгт хамжигч, зуучлагчаар оролцсон байж болзошгүй хэмээн “Голомт” банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Данзандоржийн Баясгаланг ч энэ оны нэгдүгээр сарын 20-доор цагдан хорьж шалгаж эхэлснийг уншигчид санаж байгаа нь лавтай. Д.Баясгаланг Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарыг “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболдоос хахууль авахад нь дэмжлэг үзүүлсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан бөгөөд мөнгө шилжүүлсэн мэт баримт бүрдүүлж, багагүй хэмжээний ам.доллар угаасан байж болзошгүй гэж буруутгаж буй талаар эх сурвалжууд тухайн үед мэдээлж байсан.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсний дараа Д.Дорлигжавын хэргийн хамтрагчаар оролцсон хэмээн өдгөө шалгуулж буй  Ч.Бямбаа болон Д.Баясгалан нар 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд хэвлэлийн хурал хийсэн. Тэгэхэд Д.Баясгалан “Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирлээ. Тэр үед би “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна.  “Алтан дорнод Монгол” компани арбитрын шүүх дээр Монгол Улсад ялагдсаны дараа манай нэлээд томоохон 5-6 компани “Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авах асуудлаар С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан.  Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед “Алтан дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгө “Голомт” банкны барьцаанд байсан учраас бидэнтэй заавал хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бид “Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн нь “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Эхний үед  Ч.Бямбаа захирлын компани худалдан авахаар болж, бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байна. Мөнгөний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Тэдгээр баримт нь арилжаатай холбоотой гүйлгээ байсан болохоос хэн нэг албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч, зохих газарт нь хэлэхэд бэлэн байна” гэж байсан юм. Түүнээс хойш уг дөрвөн сая ам.долларын гүйлгээний асуудал намжаад байснаа өнгөрсөн өвлөөс сэргэсэн билээ.
Өвөл нэг хэсэг дуулиан болж байсан энэ хэрэг өдгөө нам жим байгаа. Гэхдээ баттай эх сурвалжуудын мэдээлснээр “Алтан дорнод Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ОХУ-ын иргэн С.В.Паушок манай хууль сахиулах байгууллагынханд гэрчийн мэдүүлэг өгчээ. Тэрбээр прокурор, АТГ-ынханд захидал илгээж, 18 сая бус, 23 сая ам.доллараар “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсан, Д.Баатарт хоёр сая ам.доллар шилжүүлэх талаар Т.Ганболдод үүрэг чиглэл өгч байсан хэмээн бичсэн байдаг. Түүний манай хэвлэлийнхэнд цахимаар илгээсэн захидал, ярилцлага зэргээс хэргийг шалгаж буй АТГ-ынхан зайлшгүй тодруулах зүйл байсан учраас ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхнаас тусламж хүссэн гэнэ. С.В.Паушок ч манай АТГ-ын мөрдөгчдөд тайлбар, мэдүүлэг өгөх хүсэлт гаргаж, эх орондоо урьснаар манайхан хойд хөршид очжээ. Улмаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт С.В.Паушоктой уулзаж, гэрчээр мэдүүлэг аваад ирсэн байна. Ингэснээр хэрэгт ач холбогдолтой баримт нэмэгджээ.

Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0