Эдийн засаг:
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хурдтай хэлэлцэж, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр улс төр-эдийн засгийн ямар ч асуудал УИХ хэлэлцэхгүй гэж байгаа энэ өдрүүдэд иргэн хүний хувьд, судлаач эрдэмтний хувьд хэдэн санаа хэлэхгүй бол болохгүй болоод л үзэг цаасаа нийлүүллээ. Анхаарч уншина уу.
Гурван зорилгоор л Үндсэн хуулиндаа гар хүрч байгаа гэж ойлгогдохоор ярилцаж хэлэлцэж байна. Энэ нь 1) Ард түмнийхээ аж амьдралыг эрс сайжруулах; 2) Хариуцлага сахилга батыг эрс дээшлүүлэх (нэг үгээр энэ улсыг “эзэн”-тэй болгох); 3) Хүсээд хүсээд ирдэггүй тэр шударга ёс гээчийг тогтоох.
Ийм гурван хүсэл дээр улс төрчид санал нэгдэж байгаа нь нэн сайн хэрэг. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрцгөөж байгаа нь бүр сайн хэрэг. Гучин жилд шувтан үгүйлэгдсэн, хүсэгдсэн зорилтууд байна.
Би энэ бүхэн рүү орж айхтар хэлэлцүүлэг өрнүүлэх гээгүй. Харин илүү ихээр хэлэлцэн ярилцах ёстой, улс төрчид тархиа гашилгах ёстой эхний зорилго буюу Монголд хэт бялхаад, тэгсэн хэрнээ зөв захиран зарцуулж чадахгүй байгаа нөхөгдөшгүй эрдэс баялаг, уул уурхайн бүтээгдэхүүнээ ард түмний өнөө ба хойч үеийнхэнд тэгшхэн хуваарилах сан бүрдүүлэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын санаа сэдлийг хөндөж бичихийг зорилоо.
Тэрээр хувийн бизнес эрхэлж байсан, хүмүүсийг цалинжуулж байсан гэдгээр үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах замаар аж амьдралыг нь дээшлүүлэх талаар хоёр жил цөхрөлтгүй ярьж, санаачилж, гадаад бодлогыг энэ рүүгээ чиглүүлэх гэж үнэхээр зовж шаналж явааг бид харж байна. Тэр зорилгодоо хүрэх боломжит арга зам хэмээн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үзэж өөрийн боловсруулсан хувилбартаа хүртэл зүйл заалт оруулж ирээд хоёр сар шахам хугацаанд хэлэлцүүллээ.
Түүний цөхрөлийн үгс: - Бүх нийтэд хүртэх ёстой байгалийн баялгийг ашиг сонирхлоор холбогдсон хэсэг бүлэг хүн өмчилдөг, Монгол Улсад ашиггүй, Монголын ард түмэнд хүртээлгүй нөхцөлөөр өгдөг, зардаг гаж жишиг тогтсон, хууль мөнгөтэй чадалтайд нь уярч, мөнгөгүй чадалгүйд нь улам чангарч, ялгамжтайгаар хэрэгждэг ёс бус тогтолцоо бий болсон, эрх, эрх чөлөөг эмх замбараагүй дур зорго, эрх мэдэл, албан тушаалыг эрдэнэст хүрэх үүд хаалга мэт болгож хувиргасан гэсэн нь гашуун атлаа үнэн үг юм.
Тэрээр: - Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэжээ.
Улс төрчид ба улс төрийн гол намуудад хандаад наад баригдмал үзлээсээ сал хэмээн уриалангаа тэр шинэ Үндсэн хуулиндаа суурь өөрчлөлт, тухайлбал ард түмний аж амьдралыг сайжруулах бодлогын заалт оруулж өг хэмээн шууд тулгажээ. Юу нь буруу юм бэ?
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтдөө “Төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтыг зааж өгчээ.
Ямар зохицуулалт? Байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялагаас олох орлогыг баялагийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл баталгааг бэхжүүлэх гээд тов тодорхой бичжээ.
Тэрээр УИХ-ынхныг ятгаж байнаа: - Манай улс байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын нэгд тооцогддог боловч үр өгөөжийг нь хүртэх, хүртээмжтэй ашиглах тал дээр оновчтой бодлого барьж, дорвитой хэрэгжүүлээгүйгээс чамгүй шүүмжлэл, доромжлолыг амсаж, чадал боломжоосоо давсан хэмжээгээр хохирсон гэжээ.
Доромжлол амссан, хохирсон гэдгийг нь би бүр олзуурхан авч хэлээ билүүдэж байна. Байгалийн баялгаас 100 хувь хамаардаг, зөөж гаргадаг ганцхан урсгалтай, түүнийгээ шүтэж амьдардаг, гэтэл хүн амын гуравны нэг нь ядуу, зөв шийдлийг олох гэж улс төрчид нь олон жил хэрэлдээд талцаад суучихсан, гадаадын хөрөнгө оруулагчид нь нүдээ бүлтийтэл айж жижигрэсэн, хэн дуртай нь амны зоргоор шүүмжилж хэлэлцдэг салбарын бүтэлгүйтлийг яршиг зүгээр нэг мөр Үндсэн хуулинд дархлаад авъя гэх Төрийн тэргүүний байр суурийг хоёр гараа өргөн дэмжье.
Байгалийн баялгийг ашиглах суурь болзлыг Үндсэн хуульд тусган дэлхийн нийтэд зарлах нь цаг үеийн дуудлага төдийгүй ерөөсөө гарцаагүй шаардлага хэмээн үзэж байна. Үндэсний эрх ашиг, шударга хөрөнгө оруулалт, тогтвортой эрх зүйн орчин, ард түмний хяналт ба эрүүл зөв ашиглалт гээд бүгд тусгагдах ёстой бус уу? Энэ бүхнийг чинь Үндсэн хуулиараа тогтоож өгөхгүй бол болохгүй болчихсныг л хэлээд байна шүү дээ, энд.
Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараахи ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гээд бүгд Төрийн тэргүүний санаачилсан төсөл дотор явж байна.
Энэ бүхнийг би дахин давталгүйгээр ерөөсөө тэр “Баялгийн сан” гээчийн олон улсын туршлага сургамжийг өгүүлье. Энэ талаар би Арабын ертөнцөд Элчин сайд байхдаа олон ч бичиж байсан даа. Кувейт, Эмиратын сангуудын тухай. Дээд хэмжээний айлчлалын үеэр манайхан учиргүй шимтэн сонсоод л, дарга нар маань бичээд ав, судла, судлаад төв рүү санал бич, бид хэрэгжүүлнэ гэж ирээд л уухайлдаг, Монголд хөрсөн дээрээ бууж хэрэгжсэн ганц ч туршлагагүй. Таг мартчихдаг байх.
Бэлэн мөнгө тараахын оронд Кувейт шиг байр, ус, тог, утасных нь мөнгийг улс нь даачихаач ээ хэмээн би бичсэн нь усанд хаясан чулуу шиг алга болсон. Ер нь тоож сөхөж үзсэн хүн байна уу даа? Миний хамгийн их бичсэн санаа бол уул уурхайн баялгаас олсон орлогоо хуримтлуулж сан үүсгээд мөнгөө хадгалаач ээ гэсэн зовинол байлаа. Мөнгөө хав дараад хямралын үед гаргаж ирж ашиглаач ээ гэж улиглан бичсээр байтал харин Төрийн тэргүүн маань энэ санааг минь Үндсэн хуулиндаа дархлаад авъя гэсэн нь миний загатансан газрыг ёстой маажих шиг боллоо.
Аливаа улс орон мөнгөтэй байх ёстой, гэхдээ байнга шүү, мөнгөн сантай байж, тэр нь хатуу валютаар хадгалагдаж өнөө үед гэхгүй ч хойч үед өвлөгдөх ёстой гэсэн санаа сэдэл бол аль жаран хэдэн жилийн тэртээ 1953 онд Кувейтын газрын тосныхноос үүдсэн юм билээ. Кувейтээс түүчээлсэн сангийн туршлага Булангийн бусаддаа дорхноо халдварлажээ. Нефтийн орлогоосоо “Нөөцийн ерөнхий сан” байгуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт хийдэг, “Ирээдүй хойч үеийнхэндээ зориулсан сан”-гаа эндээс санхүүжүүлдэг нь туршлага болмоор санж. Кувейтэд чухам яасан юм гэхлээр бүх эрсдэлийг урьдчилан тооцох үндсэн дээр хязгааргүй их мөнгөн хуримтлал эхлэн бий болгоод төр нь түүнийгээ хатуу хянаж, түүнээсээ хөрөнгө оруулалтын эх сурвалж гаргах, үндэсний бизнесийг дэмжих, гадаадад байршуулах, хөрөнгийн бирж босгох, харин иргэдэд хүртээх санг хойч үедээ гэдгээр тусгай сангаар тусад нь, гэхдээ бараа ажил үйлчилгээг төр даах замаар тусдаа хөнгөлөлт үзүүлжээ. Иргэддээ бэлэн мөнгө шууд тараах тухай ганц ч туршлага байхгүй. Эмиратэд мөн л 1950-иад онд нефть нээгдэн,олборлон баяжсаар хосгүй хөгжлийг бүтээж, нефтийн экспортыг эрүүлийг хамгаалах, боловсрол, үндэсний дэд бүтцийн хөгжил рүү шууд чиглүүлж чаджээ. Эдийн засаг нь 4 гол онцлогтой: төрийн маш гүнзгий оролцоо, нефтийн орлогын хэт хамаарал, баялаг тансаг амьдралаа илтгэх их эрмэлзэл, холбооны улсын гишүүн – эмирт улсуудын эдийн засгийн бодлогыг хооронд нь зохицуулдаггүй,чөлөөтэй тавьсан зэрэг нь ийм их амжилтад хүргэсэн юм билээ. Харин Сан байгуулж хөлжсөн нь хожуухан.Ганц Персийн буланг энд дурдахад хангалтгүй. Бүр 1956 онд Кирибати гэх Номхон далайнарлын жижиг улсад сан байгуулж хуримтлуулсаар 100 мянган хүн ам бүхий энэ улсад 2012 оны байдлаар 400 сая ам.долларын цэвэр нөөц сантай болчихсон байжээ.
Кувейтын газрын тосныхноос үүдсэн сан байгуулдаг үйлс даян дэлхийд үндэсний баялгийн сангийн хоёр том давалгааг авчирчээ. Эхний давалгаа нь 1970-аад оны үес, тухайлбал 1973 оны нефтийн анхдугаар хямралын (шоок) сургамжаар 1974 онд Сингапурт Темасек сан байгуулагдаж, 1976 онд Арабын Эмиратад “Абу Дабийн хөрөнгө оруулалтын сан” албан ёсоор ажиллаж эхлэн баялаг амьдралыг бүтээж гайхшруулжээ. Сингапурын хөгжлийн туршлага гэдэг нь мөнгөн хуримтлал ба түүний зөв зарцуулалтын үр дүн шүү дээ.
Хоёрдахь давалгаа нь шинэ зуун гараад 2000-2007 оныг хамарна. Нийт 20 гаруй үндэсний баялгийн сангууд байгуулагдан ажиллажээ. Эл үзэгдэл даян дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Манай улс сүүл барьж байгаагаар барахгүй байгалийн баялгаа хамгийн үр өгөөжгүй зарцуулдаг гашуун сургамжийн жишээ болохын наагуур байна.
Одоо дэлхийн 40 гаруй улсад 60 гаран сан үйл ажиллагаа явуулж байна. Сангуудын нийт хөрөнгө нь 5 триллион ам.доллар. Хамгийн томхон, ашигтай ажилладаг, алдартай сангууд нь АНЭУ, Канад, Кувейт, Норвег, Орос, Хятад, Чили, Хонконг, Сингапурын сангууд юм. Сангийн мөнгөн дүнгийн өсөлт гэж нүд эрээлжэлмээр. Жишээ нь миний мэдэхийн Эмиратын Абу Дабийн хөрөнгө оруулалтын сан 40 гаруй жилийн тэртээ 400 сая ам.долларыг цааш нь авч нөөцөлснөөс эхэлдэг бол 2012 оны байдлаар 627 тэрбум ам.доллар болгоод хөрөнгөө арвижуулчихсан байжээ. Хүн ам нь 9.5 сая. 400 саяас 627 тэрбум гээд махан тоог нь бодчих доо.
Норвегт 1990 онд газрын тосны цэвэр орлогоос “Төрийн тэтгэвэрийн сан-Глобал” гэдгийг байгуулж мөнгө хуримтлуулсаар одоо 560 тэрбум ам.долларт (5.3 сая хүн ам) хүргэчисэн гэх мэдээ бий. Сингапурын Темасек холдинг, Засгийн газрын хөрөнгө оруулалтын корпораци гэх хоёр сан нь тус улсыг олон улсын (хэрэг дээрээ дэлхийн) нэг том санхүүгийн төв болгон хувиргажээ. Эдүгээ байгалийн баялагтай, түүнийгээ гадагш гаргадаг Австрали, Казахстан, Катар, Оман, Чили болон байгалийн баялаггүй ч бүтээснээ сан болгон үндэсний баялгийн сан байгуулж амжилттай ашиглаж буй Өмнөд Солонгосын зөв жишээ сургамжийг дэлхийд судлан байна.
Сан байгуулах ямар хэрэгтэй вэ гэдэгт бас тайлбар хэлж болж байна. Даян дэлхийн хямрал, шинэ “Хүйтэн дайн”, худалдааны дайн, биржийн уналт, мөнгөний ханшны савалгаа, байгалийн түүхийн эдийн үнийн уналт ба өсөлт, энэ бүгдэд Сан маш том дэмжлэг, нөөлөг, ар тал, бүр тусгаар тогтнолынх нь баталгаа (аюулгүй тогтвортой байдал) болж өгдөг гэчихвэл хэтийдсэн болохгүй. Сангаа хэт нэг тал руу хөгжүүлбэл хохирдог туршлага Саудын Арабт бас бий. Саудын Арабын Вант Улсын төсвийн 90 хувь нь нефтийн орлогоос хамааралтай. Баррель нефтийн үнэ 100 ам.доллараас доошоо орвол энэ орны эдийн засаг болохоо байдаг, бүр катастроф гэж үзнэ. Одоо дэлхийн зах зээлд нефтийн үнэ савлагаатай байна. Хэрэв цаашаа үргэлжилбэл ганц Саудын төдийгүй Персийн булан бараг тэр чигтээ хөмөрч ч мэднэ. АНУ-д занарын тос ихээр олборлох болсноор барууны зах зээлд Булангийн нефтийн хэрэглээ багассан, баррель нефтийг 80 доллар хүртэл хямдруулж авахаар нэг үе яригдсан тул дэд бүтэц зэрэг бусад салбартаа анхаарал тавихаас аргагүй болж, хаа хамаагүй металлургийн хаант улс болохоор яригдаж байна.
Ер нь үндэсний баялгийн сангуудтай улс үндэстэн дэлхийн санхүүгийн зах зээлд томхон тоглогч байх боломжтой. Энэ нь Монголоос дэндүү холуур юм шиг сонсогдох байх. Тэгвэл улс орон тогтвортой байх, ард түмэн нь хангалуун байх, эрүүл саруул байх (бие бялдар, бас ухаан санаа), тэгснээрээ олон улсад нэр төртэй байх, олон улсаар хүндлэгдэх, ОУВС, Дэлхийн Банкинд жинтэй байр суурь эзлэх чухал нөхцөл нь баялгийн сангийн зөв үйл ажиллагаа юм.
Бид л байгалийн баялаг–зэс, нүүрс, алт, олборлодог бүгдийг сангийн эх үүсвэр гэж үзээд байгаа болохоос ганц байгалийн баялаг биш юм. Төлбөр тэнцлийн зөрүү, гадаад валютын үйл ажиллагаа, хувьчлалын орлого, санхүүгийн илүүдэл, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний экспортын орлого гээд илүүчилж болох бүх мөнгө төгрөг тэр сан руу орж байх учиртай юм. Баялгийн санг санхүүжилтээр нь 6 хэлбэрээр байгуулж болдог олон улсын туршлага бэлхнээ байна. Үүнд 1) Төрийн өмчит ашигт малтмалын уурхайн экспортоос; 2) Уул уурхайн экспортын татвараас; 3) Санхүүгийн илүүдэл хөрөнгөөс; 4) Тэтгэвэрийн сангаас; 5) Төв банкны нөөцөөс; 6) Өмч хувьчлалын орлогоос гэхчлэн. Уг нь гаргая гэвэл манайд бүгд л байгаа зүйлүүд л дээ.
Баялгийн санг ОУВС ихээхэн дэмждэг ба зорилго чиглэлийг нь тогтооход ч зөвлөдөг. Үүнд мөн 5 ангилал бий: 1.Тогтворжуулалтын сан; 2.Хадгаламжийн сан; 3.Валютын нөөцийн хөрөнгө оруулалт; 4. Хөгжлийн сан; 5.Тэтгэвэрийн нөөцийн сан гэх мэт. Уг нь байгуулж болдогсон бол бүгдийг нь л Монголдоо үтэр түргэн байгуулахсан.
Манайд энэ бүхэн огт байхгүйгээс олсон зөөснөө идэж уугаад, хэрэглээд, цутгаад дуусдаг, эргээд ядуурдаг, нэхдэг, улс төр нь түүн дээр тоглодог нийгмийн гаж донг засч залруулахын тулд нь үүрд биш гэхэд нэг хэсэгтээ (Үндсэн хуулийн дараагийн өөрчлөлт хүртэл) гол хуулиндаа хуульчлая гэсэн нь огтоос буруу биш ээ!
Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18