Нийтлэл

Мөнгө хэрэгтэй, гэхдээ газар шороо түүнээс ч үнэтэй

Хуваалцах:
“Мөнгө хэрэгтэй. Гэхдээ эх орны газар шороо түүнээс ч үнэтэй. Газар шороогүй тусгаар тогтнол гэж үгүй”. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүрэг өгөх үеэрээ ийм утга бүхий үг хэлсэн нь ард түмний сэтгэлд илүүтэй хүрнэ лээ. Дарга нар ярьж л байдаг, үүрэг даалгавар өгч л байдаг. Гэхдээ Ерөнхий сайдын эрсхэн үгс шуудхан ажил хэрэг болоод явж буйд асуудлын гол нь байгаа юм. Газар нутгаа алдвал тусгаар тогтнолоо алдана. Тусгаар тогтнол үгүй бол туурга тусгаар улсын талаар ярих боломжгүй. Танхимын тэргүүн энэ л өнцгөөс асуудалд хандаж, засгийн ажил цаашид ч ийм философийн дагуу үргэлжлэхээр болж байх шиг байна. 
1990 онд Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжиж төр улсын харьяаны хамаг л үйлдвэр, аж ахуйн газруудаа хот хөдөөгүй хувьчилж эхэлсэн. Бүхэл бүтэн ажилчин анги ганцхан жилийн дотор “устаж” үгүй болов. Хувьчилж авсан “шинэ хөрөнгөтнүүд” нь яг өмнөх агуулгаар нь үйлдвэрээ хөгжүүлээд аваад явсангүй. “Буянгийн” Жаргалсайханы хэлснээр социализмын үед барьж байгуулсан обьектуудын дийлэнх нь зориулалтын бусаар ашиглагдаж, склад болж хувирсан.
Дотоодын үйлдвэрлэл гэхээр юмгүй болж, хэдхэн жилийн дотор бараг бүх хэрэгцээт бараагаа гадаадаас импортолдог улс орон болох нь тэр. Тухайн үед буюу 1990-ээд онд эдийн засагч, доктор П.Нэргүй  "Бид инфляцийг импортлоод байна" гэж сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байсан нь дотооддоо үйлдвэрлэхийн оронд гаднаас зөөж, улмаар бараагаа тааллаараа нугалж зарах үзэгдэл зах зээлд давамгайлах нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах гол шалтгаан гэдгийг анхааруулж хэлсэн хэрэг. Үнэндээ 1996-2000 оны хооронд төсөвт байгууллагын ажилтнууд, ялангуяа эмч, багш нар цалингаа 2-4 сар авахгүй байх нь хэвийн үзэгдэл болоод байлаа. Улсын данс улайсан учир гурил, будаахан мэтээр “цалин” тавьдаг байсан учир ажлаа хаяад гахай зөөх нь зөөж, гадагшаа ум хумгүй зугтах нь зугтсан билээ. 
1997 онд Ашигт малтмалын тухай анхны хуулийг батлан гаргалаа. Тухайн үеийн төр засаг хөрөнгө оруулагчдыг татаж байгалийн баялгаа эргэлтэд оруулж мөнгө олоё гэж тооцоолсон байгаа юм. Тэрхүү хэтэрхий нээлттэй хуулийн “буян”-аар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чамлахааргүйгээр наашаа орж эхэлсэн. Гэхдээ хажуугаар нь хяналтгүй, дураараа, хууль бус үйл ажиллагаа гаарч уул уурхайд сөрөг үзэгдлүүд ч гарах болсон. Ер нь уул уурхайгаас орж ирсэн их мөнгө олигархиудыг төрүүлж, улмаар тэд төрийн эрх мэдэл бүхий шатанд төлөөллөө шургуулж, асуудал цаашаа даамжирсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнгөтэй өөдтэй олон газар нутаг мөнгө хөрөнгөтэй бүлэглэлийн эзэмшилд орсон.  Үүнийг л өөрчилье, замбараагүй, хууль бус байдлыг цэгцэлье, шударга ёсыг тогтооё, эх орон, ард түмэнд газар шороог нь үлдээе гэсэн санаагаар У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний хувьд ажлаа эхэлье гэж тооцоолсон нь өнөөдөр хууль зөрчигчдөд хатуухан дохио сануулга болсон. Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа тус ордтой холбоотой хуулийнхны авлигын хэрэг өнөөдөр шалгагдаж байна.   
“Монгол орны үзэсгэлэнтэй газрууд хүртэл олигархиудын гарт орсон байна. Улаанбаатараас гадна Хөвсгөл, Хэнтий гээд олныг нэрлэж болно. Бид ийм байдалтай эвлэрэхгүй. Ард түмэн хаана гишгэх юм бэ. Эх орон газар нутаг дээр тогтдог юм. Ард түмний амьдрах орчин бол газар нутаг. Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, энэ байгалийн эко системийг ямар ч  хүн хөндөж болохгүй. Ямар ч хууль үүний өмнө бөхийх ёстой” гэж л яриад байгаа хүн.
Ерөнхий сайдын шударга бусын эсрэг эхлүүлсэн тэмцэл эсэргүүцэл дагуулж, янз бүрийн өдөөн хатгалгын эх сурвалж болж байгаа хэдий ч тэр нугарахгүйгээ өнгөрөгч 8 дугаар сарын 19-нд болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр “Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу? Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Үүний эсрэг хууль дүрэм гэж байх ёсгүй. Нийгмийн хууль байгалийн хууль дор байдаг. Хамгийн агуу хууль болсон байгалийн хуулийг зөрчиж огт болохгүй. Эх орон бол газар нутаг, хүн ам дээрээ оршин тогтдог. Эхний ээлжинд хууль бусаар баялаг хулгайлж байгаа хүмүүстэй тэмцэх ёстой. Үүнийг Ерөнхий сайдын хувьд зориуд хэлье. Аймгийн Засаг дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай. Нүдэн дээр чинь авлига хийгдэж байхад таслан зогсоох ёстой. Сайд нь байна уу, УИХ-ын гишүүн байна уу, ер нь хэн байх нь хамаагүй улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол таслан зогсоох ёстой. Би ард түмнийхээ өмнө хэлж байна. Монгол Улсад шударга ёс тогтоох нь төрийн үүрэг.
Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Дарга нар минь анхаарч ажилла. Шударга ёсыг тогтоохын төлөө хатуу бай. Ямар нэгэн байдлаар та нарыг дарамтлаад байгаа бол хэл. Та нарыг хамгаална, төр томилсон хүмүүсээ хамгаална. Төрийн сүлд та нарыг харж байгаа. Зоригтой, зүрхтэй бай. Эх орноо бүтэн авч үлдье гэвэл үүнийг хийхээс өөр арга байхгүй. Болохгүй бол газар нутгаа хамгаалахын тулд цэрэг хөдөлгөнө” гэдэг үгээрээ илэрхийлсэн нь нийгэмд аянга цахилгаан буух мэт сонсогдсон юм билээ. Ингэж байр сууриа хатуу ширүүн, эрс шийдэмгий, өөртөө маш итгэлтэй илэрхийлж байсан Ерөнхий сайд өмнө нь гарч байгаагүй гэж ард олон дэмжсэн. Салан задгай, сахилга хариуцлагагүй, хууль бус дур зоргоороо авирлах явдал газар авсан учраас Засгийн газар хатуу гараар базахаас өөр аргагүй байгааг ойлгож эхэлсэн.
Сүүлийн хэдэн жил маргаан дагуулж буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулыг  сүйтгүүлэхгүйн тулд дархан цаазат газрын харьяанд авах саналыг Засгийн газрын 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д санал уламжлахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд аялал жуулчлалын бүс нутаг болгох санал гаргаж байгаа юм билээ. Энэ хүн хүнснийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болохын төлөө ажиллаж, газар тариалан, хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар болгож, нефть, эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт дэвшүүлснээ ойлгомжтой тайлбарлаж байгаа.
У.Хүрэлсүхийн “цавчилт” “зах зээлийн жам ёс”-оор “гоё, гоё” нэр хоч зүүж байгаа ч үнэн хэрэгтээ тэрбээр чөлөөт эдийн засгийн боймилох, хувийн бизнес эрхлэгчдийг шахах огтхон ч бодолгүйгээ Худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнесмэнүүдийн төлөөллийг хүлээн авах үеэрээ тун тодорхой мэдэгдсэн юм. Тэр хурал дээр “Хууль дүрмийнхээ дагуу алт олборлож байгаа компаниудад Засгийн газар юм ярихгүй байгаа. Ном дүрэм, стандартынх нь дагуу зохих зөвшөөрлийг нь аваад ажлаа хийж буй уул уурхайн компаниудыг бид дэмжинэ. Харин хүн амьдрах орчны эх сурвалж болсон эко системийг хууль бусаар эвдэж сүйтгэж байгаа тэр уул уурхайтай тэмцэнэ. Би бизнесийн ертөнцөд ургасан хог шарилжийг зулгааж  байгаа болохоос биш зүлгийг нь зулгаагаагүй шүү. Энэ хог шарилж болж ургасан олигархиуд та нарын бизнесийг хулгайлж авч байгаа. Бизнес хийж баялаг бүтээж байгаа та нарын боломжийг хулгайлж авч байгаа юм” гэсэн нь хувийн хэвшлийнхний, бизнес эрхлэгчдийн айдас, эргэлзээг үргээж, итгэл, сэтгэл, урам өгсөн. “Бизнесмэнүүд бол энэ улсыг өдий зэрэгтэй авч яваа баатрууд” гэж ярьдаг нөхөр шүү дээ.

Д.Лхагвадорж 
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0