Эдийн засаг:
“Ази тивийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай орнуудын нэг нь Монгол. Гэхдээ дотоодын эдийн засаг нь сул, Голланд өвчинд өртсөн төв Азийн хөгжиж буй орон. Энд хамгийн эмзэг сэдэв бол ядуурал. Түүнийг улам өдөөх ажилгүйдэл эгнээгээ тэлсээр байгаад асуудал оршино” хэмээн Германы эдийн засагч Ханс Вернер Зинн өгүүлж байсан. 66.4 сая толгой малтай, Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын хэлэлцээр ид өрнөж буй Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшин улсын хэмжээнд дунджаар 85 ам.доллар.
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь энэ оны байдлаар ДНБ-ий 180 хувьтай тэнцэж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь даруй 25 хувиар суларсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар ажилгүйдэл 6.6 хувь байна. Гэтэл амьдрал дээр ядуурал бодитоор орших аж. МУИС-ийн Бизнесийн сургуулийн хийсэн судалгаагаар, манай улсын ядуурлын гүнзгийрэл өндөр хэвээр. Энэ нь нийт ядуу иргэдийг 100 хувь гэж үзвэл түүний 30 орчим хувь нь нэн ядуу байна.
Манай эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт гурав жил дараалан буурч буй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн төр засгийн шийдвэртэй холбоотой гэж дотоодын бизнес эрхлэгчид үзэж байна. Төвбанк мөнгөний бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч инфляцын эрсдэл улам нэмэгдсээр. Ядуурлын түвшин хөдөөд 33.3 хувь байгаа бол хотод 26.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, хотын дөрвөн хүн тутмын нэг нь ядуу байхад хөдөөгийн гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа юм.
Хамгийн сүүлийн тооцооллоор Монгол Улсад ядуурлын түвшинд нэгдсэн байдлаар 29.8 хувьтай байна. Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын ядуурлын зураглал гэж гаргасан. Эндээс үзэхэд сүүлийн жилүүдэд хот, суурин газар дагасан ядуурал улам хүрээгээ тэлж байгаа бол хөдөөд ядуурал буурах шинжтэй байгааг тэмдэглэжээ.
Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин өнгөрөн оны байдлаар 6.6 хувьтай гарсан. 2011-2013 онд эдийн засаг эрчимтэй өссөн ч ядуурал түүнтэй дүйцэх хэмжээгээр буурахгүй байна. Ядуурлыг бууруулах чиглэлээр ихээхэн хэмжээний хөрөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан байдаг. Гэвч орлогын тэгш бус байдал улам бүр нэмэгдэж буй нь эдийн засгийн өсөлтийн үр шим нийт хүн амд хүртээмжтэй байж чадахгүй байгааг нэг талаар илтгэх болсон.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, эдийн засагч Б.Түвшинтөгс “Монголын нийт баялагийн гуравны хоёр нь 35 хүнд төвлөрсөн талаар өгүүлсэн илтгэл саяхан гарсан байсан. Энэ нь орлогын тэгш бус хуваарилалт, өсөлт өгөөжгүй байгааг харуулж байгаа. Дээрх тоо нь шинжлэх ухааны аргаар гаргасан тоо биш ч нөхцөл байдал ямар түвшинд хүрээд байгааг нэг талаар илтгэн харуулж байна. Ер нь өндөр хөгжсөн орнуудад ч мөн адил хөгжлийн эхэн үед орлогын тэгш бус хуваарилалт байдаг. Тэдний хүн амынхаа амьжиргааны түвшинг хэрхэн сайжруулж чадсан түүх л өнөөдөр бидэнд илүү сонирхолтой” хэмээн ярьсан.
Монголын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн багагүй хэсэг нь хөрөнгө оруулалтын өсөлтөөс шалтгаалж байгаа. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын өсөлт хэрэглээний өсөлтөөс өндөр явж ирсэн. Хэрэглээ өсөх нь ядуурал буурахад шууд нөлөөлдөг бол хөрөнгө оруулалт нь ядууралд шууд бусаар нөлөөлдөг аж. Хүн амын хамгийн баян хэсгийн нэг хүнд ногдох хэрэглээ нь хамгийн ядуу хэсгийнхээс дунджаар найм дахин их байгаа юм.
Хөдөө орон нутагт дахь ядуурлын хэмжээ нь малын тоо толгойноос шууд хамааралтай байгааг энд тэмдэглэе. Ядуу иргэд болон нийгмийн бусад хэсгийн хоорондын орлогын ялгаанаас гадна сэтгэлгээний ялгаа нэмэгдэх болсон. Ядуурал болон ажилгүйдэлтэй тэмцэх нь аль ч Засгийн газрын үед зорилт төдийгүй мөрийн хөтөлбөр нь байдаг. Хийх ажлынх нь эхний асуудал төдийгүй заавал шийдвэрлэх даалгавар гэсэн үг.
Төгрөгийн ханшийн үнэгүйдэл, ажлын байрны хомсдол, бизнесийн идэвхгүй байдал нь ядууралтай тэмцэж буй нийгмийн хамгийн эмзэг давхаргад сүүдрээ унагах болсон. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн бууралтууд энэ онд эдийн засаг сэргэх баталгааг улам үгүй хийж буй. Мөн түүхий эдийн экспортын бууралт болон БНХАУ-ын эдийн засгийн зогсонги байдал зэрэг нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт болон өрсөлдөх чадварт ихээхэн дарамт үзүүлсээр байгааг Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны тайланд дурьджээ. Үүнээс гадна Монгол Улсын хэмжээнд инфляцийн түвшин 8.9 хувьтай буюу өндөр хэвээр байгаа нь ядууралд нэрмээс болсоор удаж байгаа үзэгдэл юм. Иргэддээ сар бүр 21 мянган төгрөг тарааж байсан, нэрийн дансанд нь 1072 ширхэг хувьцаа байршуулсан Монгол Улсын ядуурлын зураглал ийм байна.
Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18