Онцлох мэдээ / Нийтлэл

С.Зоригийн хэргийн гогцоо хэзээ тайлагдах вэ?

Хуваалцах:
Ардчилалын алтан хараацай С.Зориг агсаны амь насыг хохироосон аймшигт гэмт хэрэг гараад олон жил өнгөрлөө. Гэвч энэ хэргийн гогцоо өнөөг хүртэл нэг мөр бүрэн тайлагдсангүй. Анх энэ хэрэг гарах үед тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн энэ хэргийг заавал илрүүлэх болно гэж мэдэгдэн ажлын хэсэг байгуулан ажилласан ч олигтой ахиц дэвшил огт гараагүй. Түүний дараа тэрээр энэ хэрэг АН-ын засаг барих хугацаанд л лав илрэхгүй гэсэн хачирхалтай зүйлийг хэлэн, уг хэргээс өөрийгөө холдуулан, улмаар МАН-н гишүүн болж, сонгуульд нэрээ дэвшүүлэн УИХ-ын гишүүн болсон байдаг.
Д.Мөрөн хурандаагийн дараа генерал Ч.Амарболд уг хэргийг үргэлжлүүлэн шалгасан болов ч хэрэг бас л илрэлгүй олон жилийн нүүрийг үзсэн юм. Үүний дараа Б.Хурц генерал тэргүүтэй тагнуулын ажилтнууд С.Зоригийн хэргийг нэг мөсөн илрүүлэхээр шийдэж, уг хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ хэмээн ард түмэнд ам бардам мэдэгдсэн билээ.
Хачирхалтай нь өдгөө уг хэргийг үйлдсэн этгээдүүд энэхүү хэргийг хүчээр хүлээсэн гэсэн учир битүүлэг зүйлийг хэлж байгаа бөгөөд энэ нь өнөөдөр жирийн олон түмний гайхшралыг маш ихээр төрүүлж байна.
Харин хэргийн цорын ганц гэрч Д.Булганы тухайд гэвэл анх хэрэг гарсан үеэс хойш хууль хүчний байгууллагад олон удаа байцаагдаж байсныг олон түмэн сайн мэднэ. Түүнээс хойш Д.Булган нэг хэсэгтээ л сураг тасарсан бөгөөд түүний талаар барууны нэг оронд бүр мөсөн цагаачлахаар явсан ч гэх шиг үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл гарсан байсан.
Ямартай ч Д.Булганыг уг хэрэгт холбогдуулан дахин нарийвчлан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд хэргийн нарийн гогцоо өнөөг хүртэл тайлагдаагүй л байна.
С.Зориг агсаны ах дүү нарын хувьд бол анхнаасаа уг хэргийг мөрдөх ажлын хэсгийг татан буулгалгүйгээр цагдаа, тагнуулаар шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан ба өдгөө ч түүнийгээ байнга хэлж ярьдаг.
Гэхдээ юуны учир энэ олон жил хууль хүчний байгууллага чимээгүй байж байж одоо гэв гэнэт Д.Булганыг байцаах болов гэдэг ихээхэн сонирхол татаж байгаа юм.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд хамгийн гол нь ардчилалын загалмайлсан эцэг байсан тэр хүний үхэлд хэн буруутайг ард түмэн мэдэхийг маш их хүсэж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Тэр үүднээсээ энэхүү аймшигт хэрэг хэзээ нэгэн цагт илрэнэ гэсэн битүүхэн горьдлого олон түмний дунд байсаар байгаа бөгөөд хэрэг үйлдсэн этгээдүүд болон хэргийн гол захиалагчид хэзээ нэгэн цагт зохих шийтгэлээ амсана гэдэгт ард түмэн бүрэн дүүрэн итгэж байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй юм.

Ж.Батдорж     
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0