Нийгэм / Мэдээ мэдээлэл

Шүдний төвийн шөнийн амьдрал

Хуваалцах:

Б.ГҮНЖИД
 
Технологийн дэвшил хил хязгааргүй хөгжсөн орчин цагт “очер” гэгч зүйл манайд халаагаа өгөхгүй нь бололтой. Ялангуяа өвдөж зовсон иргэдийн улсын эмнэлэгт үзүүлэх шат дарааллыг хөнгөвчилж чадахгүй хэвээр л байна. Тодорхой жишээ дурьдахад дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээ өгөх, цаг авахын тулд өвчтэй, жирэмсэн, хөгшин, залуугүй үүрийн таван жингээр хаалгыг нь сахидаг. Тэгвэл үүрээр биш шөнө хугаслан очиж дугаарлан зогсохгүй л бол үзлэгийн цаг авах боломжгүй нэг газар байдаг нь Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв.
 

Нэг удаа нэг л шүд эмчилнэ

 
Шүдний өвчлөл дан ганц хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн “шүдний өвчин” болоод олон жил болж байна. Манай иргэдийн амны хөндийн өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснийг шүдний эмнэлгийн үүдийг шөнө дундаас эхлээд сахих хүмүүсээс харж болно. Биднийг Шүд, эрүү нүүрний үндэсний төв дээр үүрийн дөрвөн цагийн  үед очиход үзүүлэх гэсэн иргэд хэдийнэ оччихсон урт дараалалд зогсон цоожтой хаалга сахин. Хаалга нь онгойгоогүй байсан тул байшингийн хүйтэн хана налан зогсоцгоож байв. Өглөөний 07:00 цагийн үед үүдний жижүүр хаалга онгойлгон өгсөн юм. “Уг нь ажлын цаг 08:20-д эхэлдэг. Гэхдээ гадаа хүйтэн байгаа болохоор энэ хүмүүсийг оруулахаас өөр арга байдаггүй юм. Даанч иргэд энэ байдлыг ойлгодоггүй. Харин ч эрт онгойлгож өгсөнгүй гэж уурлан, бухимдлаа бид нарт л гаргадаг” гэж жижүүр хэлэв.  Үнэхээр иргэд дарааллаа алдахгүй орох, урдуур орсон нэгэнтэй хэрэлдэх гээд бухимдангуй зогсцгооно. Үзлэгийн цаг хүлээж байгаа иргэдийн дийлэнх нь шүдний цоорол, шүд ломбодуулах үйлчилгээ авахаар ирсэн байв. Тэд бүгд энэ газарт хоёроос дээш удаа ирж байгаа бөгөөд улсын эмнэлгийн явдал чирэгдэлтэй, хүлээгдэл ихтэй байдалд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Шүд, эрүү нүүрний төвөөр үйлчлүүлэгсэд нэг удаа ирэхдээ нэг л шүд янзлуулах боломжтой байдаг нь олон дахин ирж, очихоос аргагүйд хүргэж байгааг ч хэлж байв.
Удалгүй үзлэгийн цагийн дугаарыг гурван жижүүр тарааж эхэлсэн юм. Дарааллыг нь алдагдуулахгүйн тулд ингэж олуулаа тараахгүй бол дугаараас болж хүмүүс хоорондоо зодолдох тохиолдол цөөнгүй гардаг гэж байв.
 
 

Нэг хүний 4-6 шүд цооролттой байна

 
Бид Шүд, эрүү, нүүрний төвийн Нийгэм, эрүүл мэнд хариуцсан орлогч, шүдний эмч Ц.Байгальтай уулзахад тус төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 4-6 шүд нь цооролттой байх нь түгээмэл үзэгдэл гэдгийг хэллээ. Манай иргэд амны хөндийн эрүүл мэндийг сахиж, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэггүй, зүтгэлгүй байгааг ч анхааруулсан юм. Тэрээр “Үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг бага насны хүүхэд эзэлж байна. Нэг хүний 4-6 шүд цооролттой байдаг.  Гэтэл энэ олон шүдийг нэг дор эмчлэх боломжгүй. Нэг ирэхдээ нэг шүдээ эмчлүүлдэг учраас заавал дахиж ирэх шаардлагатай болдог. Цаг авч байгаа иргэдийн ихэнх нь 2-3 дахь удаагаа ирж байна. Бид өдөрт 95-115 хүнд үйлчилж байна” гэсэн юм.
Нэг талаас төрийн үйлчилгээний дулимаг тогтолцоо, нөгөө талаас монгол хүний эрүүл мэндийн дутмаг боловсрол ийм нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь үнэн.  Хүүхэд гэлтгүй томчууд ч  шүдээ зөв угааж хэвших, шүдэнд ээлтэй хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай байгааг эмч нар сануулж байна. Монголчууд, цавуулаг ихтэй хоол хүнс их хэрэглэдэг. Тухайлбал, гурил, будаа, ундаа, жигнэмэг, чихэрлэг хүнс нь 99 хувийн хатуулагтай байдгаас шүдний хатуу эдийг  хайлуулж цоорлын хөндийг үүсгэх томоохон шалтгаан болж байна гэлээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй, шүд цоорох өвчнийг тоохгүй явснаас болж  эрүүгээ тайруулах тохиолдол ч олон гарч байгааг эмч нар санууллаа.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.3 № 196 (6163) 
скачать dle 12.0