Эдийн засаг:
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг өчигдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй МАН-ын гишүүд УИХ-ын даргад өргөн барилаа.
Тодруулбал, нэр бүхий гишүүд намын дарга, У.Хүрэлсүхийг огцруулах ДОЛООН үндэслэлийг дурдаж, УИХ-ын даргыг хуулийн хугацаанд уг асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэв. Жил гаруйхан хугацааны өмнө бид өнөөдрийн энэ дүр зургийг харж суусан. Угтаа бол ардчилсан нийгмийн ололт, манайд бол ухралт болж хувираад буй гүйцэтгэх засаглалдаа хариуцлага тооцох механизм сайн ч, сайр ч нөлөөллийг бидэнд үлдээсээр байна.
М.Энхболдоор ахлуулсан МАН-ынхан сонгуулийн дараа үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65-уулаа болсон. Харамсалтай нь анги, танхим дундаасаа эрх ашигт шунан дурлагсад засаг төрийн тогтворгүй байдлыг үүсгээд "Үнэмлэхүй олуулаа МАН-ын Засгийн газар огцрохгүй" гэж таамаглаж байсан хүмүүсийн амыг "таглав". Ингээд улс төрд юу ч болж болдог гэдгийг олон нийтэд харуулсан. Тэгвэл үүнээс хойш ердөө жил гаруйхан хугацааны дараа Ж.Эрдэнэбатыг ГУРВАН үндэслэлээр түлхэн унагасан У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар "дээсэн дөрөөн дээр дэнчигнэж эхэллээ".
Ингээд МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг чухам ямар ГУРВАН үндэслэлээр огцруулсан болон У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийг ямар ДОЛООН үндэслэлээр огцруулахаар өргөн бариад буй талаарх харьцуулалтыг уншигч та бүхэндээ хүргэе.
Ж.Эрдэнэбатаар тэргүүлүүлсэн "Мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газрыг унагах ГУРВАН үндэслэл бодитой эсэх
Ингээд эхний ээлжинд Т.Аюурсайхан нарын УИХ-ын 30 гишүүний Үндсэн хуулийг эш татан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар гаргаж ирсэн гурван үндэслэлийг дахин сануулъя.
НЭГДҮГЭЭРТ. Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн.
ХОЁРДУГААРТ. Хүүхдийн мөнгөнийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан.
ГУРАВДУГААРТ. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан.
Харин үүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дараах тайлбарыг өгч байлаа. Тодруулбал, Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь энэ Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэлбэржүүлсэн төдий. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэдэг бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” гэж тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэвлэлд тайлбар өгч байлаа. Үнэндээ олон нийт концесс гэж хэсэг "шуурсан" ч шалтаг байсан уу, бодитой үндэслэл байсан уу гэдэг дээр одоо болтол маргалддаг байх.
Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах болсон ДОЛООН үндэслэлийг одоо та бүхэнд танилцуулъя.
У.ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ДОЛООН ҮНДЭСЛЭЛ БОДИТОЙ ЮУ
НЭГДҮГЭЭРТ, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй. Тэр ч байтугай Ерөнхий сайд ажлын албаны даргаараа дамжуулан зээл олгох асуудалд оролцсон байж болзошгүй мэдээлэл цацагдсан.
ХОЁРДУГААРТ, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирсан уулзалт хийсэн.
ГУРАВДУГААРТ, "Хотгор шангагын" лицензийг гадаадын иргэнд дамласан хэргээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэргээр Н.Цэрэнбат нарын сайдууд нь хууль, хяналтын байгууллагд шалгагдаж байхад Ерөнхий сайд танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд "барьцаалагдсан" байдалтай байна.
ДӨРӨВДҮГЭЭРТ, Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулах явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал Засгийн газар энэ саналыг тусгалгүйгээр төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулиар өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, салбар, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр задаргаа хийгдсэн төсөвт ийм хэмжээний өөрчлөлт оруулах боломжгүй байсан тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ баталсан. Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьж, 2019 оныг Монгол Улс батлагдсан төсөвгүйгээр угтах аюул тулгараад байна. Үүний эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой.
ТАВДУГААРТ, Офшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй байна. Энэ чиглэл рүү тодорхой ажил хийж чадахгүй байна.
ЗУРГАДУГААРТ, Монгол төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулж амь насаа алдсан аймшигт хэргийн улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой албан хаагчаа төрийн байранд нь хамгаалж чадахгүй амиа алдахад хүргэлээ. Мөн гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон.
ДОЛДУГААРТ. Өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй явна. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.
Эдгээр үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хөндөж, нийт МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын даргад хүлээлгэж өгөөд байна. Эдгээрт одоогийн Засгийн газрынхан чухам ямар тайлбар өгөх эсэх нь олны анхаарлыг татаж байна. Ард иргэд ч гэсэн эдгээр долоон үндэслэлд дор бүрнээ хариулт өгөх биз ээ. Бодит дүгнэлтүүдийг ямар нэгэн улс төрийн сэтгэл хөдлөлгүйгээр гаргах байх. Ямартаа ч дээрх үндэслэл бүхий огцруулах бичгийг долоо хоногийн дотор холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, уг дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/2d1c589ea
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56