Эдийн засаг:
Хүн ядрахаараа төрлөө, тураг ядрахаараа уулаа хэмээн монголчууд ярьдаг. Тэгвэл үүн дээр Монгол зүдрэхээрээ Валютын санг гээд нэмчихэд болох мэт. Хэдхэн жилийн өмнө дөө, манай эдийн засаг жилийн 17 хувиар өсөж, бид мөнгөтэй болж үзэв. Тэгээд яасан бэ гэхээр, манай улстөрчид мөнхөд ийм байх юм шиг санаж, олсон жаахнаа баруун, зүүнгүй цацаж эхэлсэн. Хөгжингүй орнуудтай харьцуулахад тухайн үед бидний олсон мөнгө хариугүй юм байлгүй яах вэ. Гэхдээ бидэндээ их мөнгө. Ухаалаг зарцуулсан бол түүхий эдийн уналтын жилүүдийг бага хохиролтой туулаад гарчих хэмжээний мөнгө байсан гэдэг юм. Даанч харалган улстөрчдийн балгаар олсон хэдийгээ хувааж идээд, жорлондоо урсгачихсан.
...Олон улсын валютын санд баяртай гэж хэлэхэд арай эртэднэ. ОУВС-тай ойлголцож чадвал Монголд ашигтай, Монголын эдийн засаг өсөж болдог гэдгийг 2016 оны сонгуулийн дараах эдийн засгийн амжилтууд нотолсон. Бид мөнгөгүйдээ, мөнгө олох гарцгүйдээ манай эдийн засаг хямраагүй. Монголд, монголчуудад санхүүгийн сахилга бат ус, агаар шиг хэрэгтэй байна...
уулзахын ерөөл тавих, эсэх нь бидний хойшдын бодлого, санхүүгийн сахилга бат, үйл ажиллагаанаас шууд шалтгаална. Туулсан зам мөрөөсөө харвал энэ сангийн хөтөлбөрт хамрагдах бүртээ бид овоо засарч, салан задгай болсон санхүүгийн сахилга батаа чамбайруулж иржээ. Харин олсон мөнгө, авсан зээлээ өөрсдөө мэдэж, зарцуулахдаа тулахдаа урьдын адил цацаад дуусгасан байх юм.
Монголд хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн энэ удаагийн хөтөлбөр үр дүнгээ хангалттай өглөө. Тус сангийнхантай ойлголцож, хөтөлбөрт хамрагдаж чадсан нь сайн хэрэг болов. Эдийн засаг сэргэлээ. Хаалгаа бариад байсан 22 мянга гаруй аж ахуйн нэгж энэ үеэс дахин үйл ажиллагаа эхлүүлж, дансаа нээлгэв. Тэдгээр аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа үргэлжүүлэх явцдаа татвар, нийгмийн даатгал зэрэг бусад өрөө цувуулж төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна. Улмаар 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь хүртэл хөнгөлөх эрх зүйн орчин бүрдүүлэх шийдлийг Засгийн газраас гаргасан нь олон мянган жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн магнайг тэнийлгэсэн юм.
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн зээл тусламжийн урсгалаар гадаад валютын нөөц нэмэгдлээ. Хугацаа тулсан гадаад, дотоод өрөө шийдлээ, төлсөн. Тухайлбал, “Чингис” бондын төлбөрийн түрүүч 500 сая ам.долларын өрийг шийдэх гарцыг олсон. БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид тавьсан өрийн үлдэгдэл 80 сая ам.долларыг 2017 оны гуравдугаар сарын 30-нд 100 хувь төлж барагдуулав. Ингэснээр Баруун, Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсний орлого улсын төсөвт орж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, “Чалко”-гийн өрийг бүрэн төлсөн учраас “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллах, төсвийн орлого давж биелэх нөхцөл бүрдсэн юм. Товчхондоо, Монгол Улс, Монголын эдийн засаг 2016 оны сонгуулийн өмнөхтэй харьцуулбал дефолтоос тойрч, бас дүүрэн амьсгаа авахтайгаа болов. Энэ талаасаа ОУВС-гийнханд талархах, хамтарч ажилласан, хөтөлбөр хэрэгжүүлсэнд баярлалаа гэхээс өөр үг олдохгүй.
Гэвч ОУВС-гийн хөтөлбөр дуусах шатандаа орсон хэдий ч сүүлийн хагас жил гаруйн хугацаанд гацаанд орсон талаар ярьж, бичих болов. Шалтгааныг нь бид өөрсдөөсөө бус, бусдаас хайсан нь давамгайлжээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улирал тутам үнэлгээ хийлгэж, дараагийн санхүүжилтээ авч ирсэн. Эхний таван улирлын үнэлгээ хөтөлбөрт заасны дагуу хэвийн байж, манайхан сайн дүн авсан байдаг. Харин сүүлийн үед ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд манай арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд долоо нь өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Тэд шаардлагын дагуу хөрөнгөө нэмэгдүүлсэн ч эх үүсвэрт нь тус сангийнхан эргэлзэж байгаагаа нэг бус удаа анхааруулж, тайлбарлахыг шаардсан байна. Энэ дагуу Олон улсын валютын сан, Монголбанкнаас аудит хийсэн. Монголбанкны болон эрх бүхий албан тушаалтнууд энэ шалгалтаар бүх зүйл хэвийн гарсан гэх боловч Валютын сангийнхан эргэлзсэн хэвээр явсан энэ өдрүүдэд Монгол Улс “саарал жагсаалт”-д орлоо. Энэ жагсаалтад орсон нэг үндэслэл нь банкуудаас болсон гэж тайлбарлах хүн цөөнгүй байгаа ч, Монголбанк албан ёсоор үгүйсгэж байна.
Энэ мэт шалтгаан, үл ойлголцлоос үүдэн Олон улсын валютын сангийнхан Монголд хийсэн зургаа дахь улирлын үнэлгээгээ ТУЗ-өөрөө хэлэлцүүлээгүй төдийгүй ээлжит санхүүжилтээ хийхээ түдгэлзээд байгаа юм билээ. Мэдээлэл дутуу олон нийт үүнийг мэдээгүйгээс тус санг биднээс нүүр буруулсан, санхүүжилт нь гацсан мэтээр ярьж, бичих болсон аж. Асуудал Олон улсын валютын сангийнханд бус, бидэнд байна. Тус сангийн хөтөлбөрт хамрагдсан дээрээ валютын ханшийн зөрүү, өндөр хүүгээр ард олныхоо халаасыг хоосолж, гадаад, дотоодод нэр хүндээ алдаад байгаа арилжааны банкуудынхаа санхүүгийн сахилга батыг цэгцлээд авчихвал алс хэтдээ бидэнд л тустай. Тэгэхээр Олон улсын валютын санд баяртай гэж хэлэхэд арай эртэднэ. ОУВС-тай ойлголцож чадвал Монголд ашигтай, Монголын эдийн засаг өсөж болдог гэдгийг 2016 оны сонгуулийн дараах эдийн засгийн амжилтууд нотолсон. Бид мөнгөгүйдээ, мөнгө олох гарцгүйдээ манай эдийн засаг хямраагүй. Монголд, монголчуудад санхүүгийн сахилга бат ус, агаар шиг хэрэгтэй байна.
Д.Дагва
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56