Онцлох мэдээ / Улс төр

Социализмын айдсаасаа салаагүй ТӨРИЙН МАШИН ГАЦААГЧИД

Хуваалцах:
Парламентад гурваас дээш удаа сонгогдсон нөхөд өөрсдийгөө “Дархан түшээ” гэх мэтээр цоллуулж, аливаа хурал цуглаан дээр ажил үйлс ярихаасаа илүүтэй дурсамж ярих хандлагатай болжээ. Тэр тусмаа таваас дээш удаа сонгогдсон нөхөд ч энэ парламентад бий. Тэдний улс төрийн нас дууссан, төрийн алба явуулах боломжгүй болсон учраас ач зээ нараа тойруулж суулгаад дурсамжаа ярих хэрэгтэй санагдана. Парламентад дөрөв, тав, зургаан удаа сонгогдон ажиллахдаа салбарын сайд, УИХ-ын даргаар ажилласан нөхөд чухам энэ улс орны хөгжилд юугаа дархалсан болохоор өөрсдийгөө “Дархан түшээ” гэж нэрлүүлнэ вэ гэхээр хэлэх үг үл олдоно.
Монгол төрийн нэгэн эд эс нь болж гучаад жил төрд өндөр дээд алба хашчихаад тууз хайчлахаас үл хэтэрчээ. Дурсамж бичихдээ тулбал хэдэн тууз хайчилсан зураг л бараадах хэрэг гарна.
Тэдний ажилласан гучаад жилд ядуурал нэмэгдэж, эдийн засаг улам бүр хумигдсан гээд өөдтэй шигтгээ нэг ч олдохгүй. Тун тулгамдсан үед Улаанбаатарын төвд олигархуудын барьсан өндөр шилэн барилгуудаа хөгжил хэмээн ичихгүй тайлбарлана. Луйврын мөнгөөр барьсан өндөр барилга, өргөн зузаанаас нь идсэн замыг хөгжил гэх нь өрөөсгөл зүйл. Гагцхүү хүн амын амьжиргаанаас эхлээд үйлдвэр үйлчилгээ, гадаад ертөнц хүртэл эдийн засаг хэрхэн оршин тогтнож байгаагаар хэмжих ёстой байх. Гэтэл сонгогчид бид УИХ-д 3-7 удаа сонгогдоод юу ч өөрчлөөгүй нөхдийн төлөө гараа өргөх хэрэг юун. Тэдний хувьд төрийн машины нэгэн эрэг шураг, хөдлөх хүч нь болж яваа гэж үзвэл үнэхээр элэгдэж хуучирчээ. Төмрийн хог дээр хаях болсон машинаар ямар ч хүн холын замд гарахгүй биз дээ. Тэд хойд хөршийн шууд удирдлага дор оршин тогтож байсан нийгэмд ажиллаж амьдарсан хүмүүс. Үүнийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь тэдний социализмын үеийн айдас нь бүрэн арилаагүй байдаг бололтой. Сталин босч ирээд буудчихгүй нь лавтай учраас юунаасаа ч айдаг юм. Уншигч та бүхэн мэдэж байгаа учраас энд элэгдэж хуучирсан эрэг боолтны нэрсийг дурдаад яахав, ойлгомжтой.
Уг нь монголчууд бид дээр үеэсээ “Хүний хуучин, дээлийн шинэ” хэмээн ахмад буурлуудынхаа үгийг сонсож дагаж ирсэн түүхтэй. Гэтэл өдгөө цагийн улс төрийн ахмадуудын үгийг сонсох аргагүй, өнөөх л төрд ажилласан буруу гарын тоглоомоо зааж өгөхөөс үл хэтрэх болов уу. Өөрсдөө юу ч бүтээгээгүй хүмүүс залуу хойч үедээ юу ярьж өгөх сөн билээ. Ямар орондоо хууль зассанаа, сонгуулийн санал хулгайлж, царцааны нүүдэл хийснээ, тендер гулсуулж, төсөвт гар дүрснээ, жилээс жилд нэмсээр Монгол Улсын гадаад өрийг 30 тэрбум ам.долларт хүргэснээ сайрхалтай биш, юугаа ярих юм. Тэгэхээр “Хүний хуучин” гэдэг үг өдгөө цагт, тэр тусмаа улс төрд дэмий болж байна. Парламентад тав дахь удаагаа сонгогдож, ууган намын даргаар ажиллаж, өдгөө 60 насны босго даваад буй нөхөр сайдын суудлаар улс төрийн тохироо хийж гүйсээр сайд болчихож байна. Тэр хэзээ ч улс орны хөгжил, ард иргэдийн ахуй амьдралаар улс төрийн тохироо хийж, дэнчин тавьж байсангүй. Энэ мэтээ л ярихгүй бол  тэдэнд ярих юм алга. Зөвхөн эрчүүд биш, парламентад дөрвөн удаа сонгогдож, салбарын сайдаар ажиллаж байсан эмэгтэй аливаа хурал цуглаан дээр залуу насаа зүүдлэн унтаж байгаа нь тэтгэвэртээ суу гэсэн үг мөн биз дээ. Бас л нэг залуусын өмнүүр хөндөлсөх, социализмын айдсаасаа салаагүй нэгэн. Ийм л хүмүүс орон нутгийн тойргоосоо туугдаж, нийслэлийн тойрогт бадар барьж ирснийг нь сонгодгоо больчих хэрэгтэй. Орон нутгийн иргэд тарыг нь таньчихаад тан руу илгээсэн хүн гэдгийг бодох хэрэгтэй байх. Шуудхан хэлэхэд гологдол.
Ерөөсөө эрсдэлгүй шинэчлэл, алдаагүй оноо гэж байхгүй. Энэ бол ертөнцийн хууль. Ид хийж бүтээхийн төлөө асч яваа залуустаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон гэдэг нь юу юунаас харагдах болжээ. Тэд алдвал алдана л биз. Алдаагаа оноо болгох нас байгаа хойно. Эрсэдвэл эрсдэг, шинэчлэх ирээдүй нь хүлээж байгаа хойно. Хайран 30 жилийг социализмын айдастайгаа үдэж чадсан юм чинь алдвал алдаад үзэхэд болохгүй нь юу байхав. Хуучирсан кадрууд 90-ээд онд залуухан байсан ч айдастаа өлгийтэй байгаад юу ч хийж чадалгүй, насны хярд гарчээ. Нэгэнт нийгмийн шинэчлэл явагдаж, тэс өөр орчин бүрдсэн байхад юунаасаа ч айсан юм, өнөөдөр бидэнд ийм нийгэм бэлдэж өгчихөөд сууж байна. Бунхан болсон “Коммунист бурхад”-аа амилж ирээд буудна гэж айдаггүй л байлтай билээ. 
Нэгэн жишээ татахад хоёр нийгэм дамжин төрд дөчөөд жил ажилласан нэг нөхөр хойч үеийнхээ нэгэн сайд болох Х.Баттулгын оруулж ирсэн төмөр замын төслийг зад шүүмжилж “Чамайг би төмөр зам барихыг чинь харна”-аа хэмээн өдгөөгөөс арваад жилийн өмнө заналхийлж суув. Энэ бол жишээ, Х.Баттулгад тал зассан хэрэг биш. Гэтэл уламжлалт монгол сэтгэлгээгээ дагаж өнөөх “Хүний хуучин” гэж бодсон уу, эсвэл нам хооронд улс төрийн зорилго байв уу төмөр замын асуудал замхарсан. Уг нь зоригтой, зорилготой дэмжээд явчихсан бол өнөөдөр бид нүүрсээ хямд өртгөөр зөөж, өндөр үнээр борлуулж суух боломжтой байлаа. Үүнийг л хөгжил гээд байгаа юм. Тэр хэдэн зуун сая ам.доллароор далан шороо овоолсноос өөр зүйл хийгээгүй гэх мэт зүйл бол дараагийн асуудал. Үнэхээр буруу зүйл хийсэн бол Монгол Улсын шүүх тунгаах өдөр ирж таарна. Ямар хэрэг хуучрах биш, тийм үү.
Бид зориглон хөдөлбөл юуг ч бүтээж чаддаг ард түмэн гэдгийг захын жишээ харуулна. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр рүү Сайншандаас 27 километр төмөр замыг өөрсдийн хүчээр богино хугацаанд бариад хүлээлгэн өгчихлөө. Чадаж байгаагаа л харуулсан хэрэг. Өдгөө Зүүнбаян Ханги мандал чиглэлийн 400 гаруй километр төмөр замын ажлыг дотоодын хөрөнгө, хүчээр бариад эхэлчихлээ. Түүхэндээ анх удаа босгож байгаа томоохон бүтээн байгуулалтад саад бэрхшээл чамгүй байгаа ч ажил урагштай явж байгааг салбарын сайд Б.Энх-Амгалан тайлбарлаж байсан. Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч нь гээд бүгдээрээ газар дээр нь ойр ойрхон очиж асуудлыг нь шийдээд байгаагаас харахад хөгжил гэгч зүйл рүүгээ нэгэнт хөдөлчихжээ гэж горьдож сууна. Эргэлзээ байгаагийн цаана өнөөх л хуучирч элэгдсэн нөхдийн хашир санаа шургачих вий гэсэн айдас бас байна. Олон жил мөрөөдөж ярьсан зүйл биелэлээ олж байгаагийн цаана төрийн эрх мэдэл бүхий шатанд социализм захадсан ч зоригтой зорилготой залуус гарч ирсэнд байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр гэснээс лавтай 20 жилийн өмнөөс боловсруулах үйлдвэрийн шав олонтаа тавьж, нэгийг ч бариагүй нь өнөөх л хуучцуулын хэт хаширласан байдлаас үүдсэн нь үнэн.
Хуучирч муудсан эрэг шургаа солих тухай ярьж, залуусаа уриалж байгаа ч үүний цаана бас л учир шалтгаан бий. Социализмын айдсаасаа салаагүй нөхдийн залгамж халаа, тэдний бэлтгэсэн нөхдийг хэлсэнгүй. Өдгөө парламентад сууж байгаа залуус ч аль нэг намын үзэл бодлыг оюун санаандаа нэвт шингээсэн нөхөд тэдний үйл хэргийг үргэлжлүүлэхээр сууж байгаа учраас тэд хэрэггүй. Харин шийдвэр гаргах түвшинд ажиллах гэхээр намын үзэл бодол боодог, эсвэл хөрөнгө мөнгө хаях болдог учраас улс төрөөс ангид зайгаа барьдаг залуус олон бий. Тэд гол төлөв гадна дотнын том том төсөл хөтөлбөрт өөрсдийгөө зориулж явна. Олон улсын байгууллага, дэлхийн хэмжээнд алба залгуулж явна. Тэдэнд л орон зай хэрэгтэй байна.

С.Ууганбаяр     
Эх сурвалж: Zindaa.mn   
скачать dle 12.0