Нийгэм / Мэдээ мэдээлэл

Гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа

Хуваалцах:

Өнөөдөр “Үндэсний мэдээлллийн төв”-д Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулган нар сэтгүүлч нарт зориулан мэдээлэл хийлээ.  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын  04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар  433, 434 тоот тогтоол гаргалаа. Энэхүү тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-аас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50  хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Мөн Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.  Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх  хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд  нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
  
Эх сурвалж: erc.gov.mn
скачать dle 12.0