Эдийн засаг:
Филиппин улсад 2016 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж “хар тамхитай тууштай тэмцэнэ” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн тэр бүр танигдаж амжаагүй “PDP laban” намаас нэр дэвшигч Родриго Дутерте үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг. Филиппин улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгогддог. Түүний бүрэн эрхийн хугацаа талаасаа илүү цаг хугацааг туулаад байна.
Хар тамхичидтай тэмцэх тэмцлээ тууштай явуулахын тулд цагдаа нартаа буудах эрх олгосон нь тухайн үедээ олон улсын анхаарлын төвд орж байв. Түүнийг Төрийн тэргүүн болсноос хойш хар тамхитай холбоотойгоор 29 мянган иргэнийг “цааш харуулсан” гэх албан ёсны статистик байдаг аж. 29 мянга гэдэг бага тоо биш. Гэхдээ тэмцлийн дүнд 100 мянган хүний амь нас золионд гарах болно гэдгээ Ерөнхийлөгч болохоосоо өмнө мэдэгдчихсэн юм билээ. 110 сая хүн амтай тус улсын хувьд хар тамхинаас салахын тулд үүнээс илүү золиос гаргах ёстой гэхэд дуу нэгтэй толгой дохьдог. Энэ манай улсад “цаазал”, “ал”, “дүүжил” хэмээн сошл сүлжээнд өдөөн хатгадагтай агаар нэгэн аж. Өдөр бүр хэдэн арваараа гудамжинд үхдлүүд хэвтэх болсон нь хэвлэлийнхнийх нь анхаарлын төвд орсон байдаг. Тиймээс учир битүүлгээр буудуулан амиа алдсан иргэдийн талаар сэтгүүлчид эрэн сурвалжилж явсаар цагдаа нар тэднийг хороож байсныг мэдсэн гэдэг. Тэр бүү хэл шахалтад орсноор цагдаа нар хоорондоо “Viber” ашиглан “Чи урд шөнө хэдэн хүн алсан бэ.
"Би 12-г цааш нь харуулсан” гэх мэтчилэн хоорондоо харилцдаг байсан зурвасаа ил болгосноор хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн вэ гэдэг нь тодорхой болжээ. Тэр бүү хэл хар тамхитай холбоотойгоор амиа алдсан иргэдийг “Судлагдаж буй үхдэл” хэмээх шинэ нэр томъёонд хамааруулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хар тамхитай тэмцэх энэ тэмцэл мафийнхны өс хонзонг дэврээж өгсөн гэдэг. Тиймээс түүнийг албан тушаалаасаа буунгуут хар тамхины мафийнхан нь өчиггүй бурханд илгээхэд бэлэн байгаа талаар Филиппиний зарим сэтгүүлчид ярьж байсан юм. Хар тамхитай тэмцэх тэмцэл нь сайн ч хар тамхинд хамааралгүй хүмүүсээ ч энэ ангилалд хамруулан устгаж байгаа нь олон улсад шуугиан дэгдээгээд байгаа. Ганцхан жишээ дурдахад сонгуулийн өмнө 80 гаруй нэр дэвшигчийг хар тамхины хамааралтай хэмээн буудан хороож замаа цэвэрлэж байсан талаар хэвлэлийн хуудаснаа дурайн үлдсэн байдаг аж.
Дутерте хар тамхины наймаачдын толгойг харьяалал, үндэстнээс нь үл хамааран цавчихад бэлэн гээд үүнийхээ төлөө шоронд орохоос ч айхгүй байгаа талаараа хэлж байсан билээ. “Хэрэв та хар тамхины наймаачин бол Хятад, Япон эсвэл Малайз хүн байхаас үл хамааран би таны толгойг цавчих болно” хэмээн анхааруулсан. Гадаадын гэмт хэргийн синдикатуудын гишүүнийг баривал үнэхээр алж, цогцсыг далайд хаяна гэж анхааруулж байв. Дэлхийн хар тамхины томоохон мафиуд Филиппинд бий. Тиймээс Родриго Дутерте хар тамхи үйлдвэрлэгч, тээвэрлэгч нартай хатуу тэмцдэг тул “босс”-уудын хорхойтой араанд хэдийнэ зуугдсан. Ямар ч тэнэг Ерөнхийлөгчөөс буугаад буудуулж үхэхийг хүсэхгүй. Тиймээс амиа авч үлдэх боломж нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж зургаан жилд нэг удаа сонгогдох бус хязгааргүй хугацаагаар төр барих өөрчлөлт юм. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн төслөө өргөн бариад байгаа бөгөөд сенат нь хэлэлцэх ёстой юм байна. Уг нь Филиппин ардчилсан парламентын засаглалтай байсан ч өнөөдөр Монгол Улсад өрнөж буй засаглалын хэлбэрээ асууя, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг санаачилга тухайн үед хэт өндрөө авч, түүнийг зориудаар түгээн ард түмнийхээ тархийг угааж чадсанаар Ерөнхийлөгчийн засаглалтай болсон гэдэг. Гэвч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн засаглалаа түлхэн унагаж чадаагүй байна. Харин ч эсрэгээрээ нэг хүний “хаанчлал”-ыг эхлүүлэх Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэлэлцэхэд бэлэн болжээ. НҮБ-ээс хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй хэмээн албан бичиг ирүүлэхэд нь “Та нарт манай дотоод асуудал хамаагүй” хэмээн хээв нэг хариу өгчихдөг, дэлхийн томоохон гүрэн АНУ-ын өөдөөс сөргөлддөг том зүрхтэй эр. Энэ нь түүнийг улс төрчийн хувьд том болгон харагдуулдаг. Гэхдээ зөвхөн өөртөө зориулж Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг агуу ихийн дэмийрэл, амь насных нь үнэ цэнийг хэлж өгөх мэт ээ.
Ганц Родриго Дутерте муу хүн биш. Филиппин Улсын Ерөнхийлөгч асан Фердинанд Маркос 21 жил төрийн эрх барьсан бөгөөд эхнэр Имелда Маркосын хамт олон тэрбум ам.долларыг Швейцарийн банкинд хадгалж байсан нь ил болсон. Иргэдийнх нь амьдрал ядуу байхад тэргүүн хадагтайн тансаглал хэрээс хэтэрсэн тул хэвлэлийнхэн хийгээд иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсноор хүчтэй тэмцэл өрнүүлж буулган авсан байдаг. Эхнэр нь л гэхэд тэргүүн хатагтайн хувьд 1976-1986 оны хооронд Нийгмийн халамжийн сайд, 1978-1984 оны хооронд Манила хотын амбан захирагчаар ажиллаж байжээ. Хэзээнээсээ ах дүүсээрээ ноёлох байдал байсаар ирсэн.
Фердинанд Маркосын хүү Филиппин улсын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны дэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 10 гаруй мянган саналын зөрүүтэйгээр ялагдсан ч “Сонгуульд булхай орсон” хэмээн гомдол гаргаснаар гурван жил шүүхээр уг асуудал нь шийдэгдэлгүй үргэлжилж байгаа аж. Маркосынхон хүүгээ Дутертегийн дараагийн ерөнхийлөгч хэмээн үздэг бол Дутерте өөрийн орыг залгах хүнээ охин Сара Дутерте хэмээн албан бусаар зарласан гэх. Одоо Сара Дутерте нь Филиппиний нэгэн хотын захирагчаар ажилладаг байна. Родриго Дутертегийн ойр тойрны бүх хүмүүс ямар нэгэн хотын захирагч хийгээд сенатын гишүүд болж амжжээ.
Филиппинд албан ёсны бүртгэлтэй улс төрийн хэдэн нам байдаг талаарх албан ёсны тоо хэлэхэд хэцүү. Багцаагаар 80-100 орчим намтай гэдэг. Үндэсний хэмжээнд томоохон хоёр гурван нам байдаг бол ихэнх намуудын үйл ажиллагаа нь орон нутгийнх юм билээ. Ихэвчлэн амьгүй намс сонгууль дөхөхөөр идэвхждэг гэнэ. Хот тус бүрт байдаг намуудыг Хотын дарга нар санхүүжүүлж өөрийн талд ажиллуулдаг. Шинээр нам байгуулдаг. Намын гишүүнчлэлтэй байж сонгуульд нэр дэвшдэг байна. Филиппин хамгийн хүчтэй намын нэгээр Родриго Дутертегийн нэр дэвшин ялалт байгуулсан “PDP laban” нам хүчирхэгжиж байгаа юм. Тус орны улс төрчид нэг намд тогтвортой харьяалагддаггүй аж. Ялалт байгуулж засгийн эрх авсан намд өөр намын гишүүд хачиг шиг ирээд наалдчихдаг. Нэг үгээр хэлбэл “улс төрийн янханууд” олноороо бий гэдгийг хэлж байв. Улс төрчид нь нам дамжин явдаг энэ байдлыг болиулахаар олон жил ярьж байгаа ч ямар ч дэвшилттэй зүйл одоогоор гарсангүй. Улс төрчид нь нам солихгүй нэг намдаа үнэнч байх хэрэгтэй гэдгийг байнга сануулан хуулийн төсөл боловсруулдаг ч чин үнэндээ өөрсдөө хуулийн төслөө хэлэлцэх дургүй гэж байгаа. Филиппиний сенат дээд, доод танхимтайгаар үйл ажиллагаар явуулдаг. Доод танхимд хот бүрээс сонгогдсон 314 гишүүн байдаг. Харин дээд танхимд нь үндэсний хэмжээнд сонгогдсон 24 гишүүн бий. Мэдээж үндэсний хэмжээнд сонгогдсон сенатын гишүүн жижиг тойргийн хэдийгээ хавчина, гадуурхана, дээрэнгүй хандана.
Филиппиний улс төрчид манайхан шиг популизм хийх нь түгээмэл. Манайхныг хавьтуулахгүй хэмжээнд популизм хийж сурсан туршлагатай. Улс орныхоо ирээдүй гэхээсээ илүү дахин сонгогдох башир аргад тэд маш сайн суралцжээ. Сонгуулийн сурталчилгаа нь 90 хоног үргэлжилдэг бөгөөд хамтлаг, дуучдаас эхлээд сонгуульд ашиглаж болох бүхий л зүйлийг хэрэгжүүлдэг. Сүүлийн жилүүдэд Филиппиний сонгуулийн нэр дэвшигчдийн зардлыг гаргадаг нууц ноёнтнууд нь хятадын бизнесмэнүүд. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дутертег дэмжсэн компаниуд улсын хэмжээнд зарлагдсан бүх тендерийг хуу хамах болж. Тэдний ард хятад бизнесмэнүүд байдаг гэдгийг хэлцгээж байв. Ер нь л манай улстай тун төстэй улс төрийн нөхцөл байдалтай.
Филиппин улсын өмнө тулгамдсан хар тамхинаас өөр нэг асуудал нь авлига. Дээд, дунд түвшиндээ авлигад идэгдсэн тул Дутерте авлигын эсрэг тууштай тэмцэнэ хэмээн амлалт өгсөн байдаг. Гэсэн ч түүний дотны зөвлөх авлигын хэрэгт холбогдсоныг хэвлэлийнхэн баримтжуулан гаргаж ирсэн ч тэрбээр сэтгүүлчдийг буруутган, зөвлөх нь сенатын гишүүн болж дэвшсэн байдаг. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг онгоцноос шидэх ёстой гэдэг байр суурийг нэг бус удаа хэлж байжээ. Түүнийг хуулийн сургуулийн оюутан байхад доромжилсон залууг өчиггүй буудаж байсан удаатай. Ерөнхийлөгч болохоосоо өмнө Давао хотын захирагчаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг онгоцноос шиддэг байсан тухай ярьж байв. Тиймээс авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өөрийн онгоцонд хамт суулгаж нэг нэгээр нь шидэх ёстой гэжээ. Авлига нэхсэн албан тушаалтнуудыг амь насыг хороолгүйгээр буудах хэрэгтэй гэдгийг хэлж байсан нэгэн.
Дутертегийн дэглэмийг шүүмжлэгч сөрөг хүчний гишүүн Энтони Трилланест оноосон 15 жилийн өмнө оноосон ялыг ял хэлтрүүлэх эрхийг нь түдгэлзүүлэн баривчлах зарлиг ноднин гаргажээ. Трилланес үүнийг нь “тэнэг зарлиг” хэмээн тодорхойлсон ч ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагдсан байна. Энтони Трилланес өөрийг нь хамгаалалтад авахыг хүсээд зарлиг гарахын урд өдөр Сенатын танхимдаа хонож, Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ цэвэр улс төрийн дарангуйлал. Тэр хууль ёсыг хүндэтгэдэггүй. Дуртерте бол дарангуйлагч” хэмээн мэдэгдэж байлаа. Ноднин мөн Родриго Дутертед авлигатай холбоотой хэрэг үүсгэн шалгаж байсан авлигатай тэмцэх байгууллагын даргыг ажлаас нь халж байсан удаатай. Тэр зөвхөн дардан замаар явах дуртай. Өөрт нь хаягласан шүүмжлэл бүрт хариу өгч, тухайн хүмүүсийг нь аавын хаалга татуулах нь гол зорилго юм.
Дутертег Филиппиний “Пол Пот” хэмээн нэрлэх болжээ. Учир нь ард түмнээ зүй бусаар хядаж буй үйлдлийг нь Камбожийн дарангуйлагч Пол Поттой зүйрлэсэн нь тэр аж. Мөн тэрбээр “Төрийн түшмэд тансаг машин унах ёсгүй. Эдгээр люкс машиныг бульдозероор индүүдэж төмрийн хаягдалд тушаа” хэмээн мэдэгдсэн зэрэг нь түүнийг дэндүү популист гэх нэрийг өгсөн юм. “Хүний эрхийн тухай бүх хуулийг март” хэмээн хээв нэг хэлчихдэг “Хар тамхичдыг бүгдийг хороох болно. Манилын тэнгисийн булан руу шидэж, загасны хоол болгоно” хэмээн ярьдаг ийм нэгэн Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацааныхаа талаас илүүг өнгөрүүлсэн байна. Филиппин улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж түүнийг бүх насаар нь Ерөнхийлөгчөөр үлдээх үү, түүний популист үгс ямар нөхцөл байдал руу хүргэхийг таах аргагүй билээ.
Монголчууд энэ зам, энэ арга барил, эрээ цээргүй аллага, хүний эрхийн тухай бүх хуулийг мартаж болохгүйн учир ардчилсан парламентын засаглалаа алагчлалгүй явуулах ёстой гэдэг нь маш тодорхой байна. Нэг хүний атганд...
Филиппиний ирээдүй бидний өмнө...
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18