Нийгэм / Нийтлэл

Даатгалын бодлого нэрээр түмнээ мөлжих нь бидний хүссэн ардчилал биш

Хуваалцах:


-417 мянган даатгуулагч сар бүр нийгмийн даатгал төлдөг-

“Монголд л харах боломжтой агшин”-уудыг гэрэл зурагт буулгасан цочирдом зургуудыг үзээгүй хүн ховор биз ээ.

Хэт дураараа, ямар ч дүрэмгүй, тэгсэн хэр нь хүчтэй нь хүчгүйгээ барих шиг зэрлэг араншин цухалзсан зургуудыг цуглуулаад цомог болгочихсон байдаг даа. Тэгвэл яг үүн шиг, монголд л байж болох татварын тогтолцоо бишгүй байдгийн нэг нь нийгмийн даатгалын шимтгэл. Өгөөж нь нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч хэзээ нэгэн цагт хэрэг болох байх гэсэн өөдрөг итгэлээр монголчууд нийтээрээ Нийгмийн даатгалын сан-д нийт цалингийнхаа 24-26 хувийг cap бүр төлдөг.

Яг ийм хэмжээний даатгалыг 2019 оны аравдугаар сарын байдлаар 417 мянган даатгуулагч cap бүр улсдаа өгөөд явж байгаа гэсэн тоо байна. Гэтэл ямар хэмжээний даатгалыг цалингаасаа Нийгмийн даатгалын санд төлдөг болохоо иргэдийн олонх нь “Мэддэггүй, албан газрынхаа цалин бодогч буюу нягтлангийнхаа суутгасан мөнгөн хэмжээг нягталж хардаггүй” гэх тайлбарыг манай сонины уншигчдын олонх нь өгсөн байдаг.

Тэд мөн “Нийгмийн даатгал төлснөөр ямар үйлчилгээг бүрэн авах боломжтойг сонирхож байгаагүй” гэсэн байлаа. Энэхүү асуулгыг бид өнгөрөгч долдугаар сард “Оршуулгын зардлаар эцэслэгддэг “Нийгмийн даатгалын сан” монголчуудыг туйлдуулж байна” нийтлэлийнхээ хүрээнд судалж асуулга өрнүүлж байв.

Гэтэл бодлогын хэмжээнд болон системийн ямар ч өөрчлөлт гарсангүй нь дахин энэ сэдвийг хөндөх шалтгаан болов.

ТӨЛСНИЙХӨӨ ХЭРЭЭР АВДАГГҮЙ ТЭТГЭВЭР

Монголд л мөлжлөг болж хувирсан даатгалын сан дагасан гомдол иргэн бүрт байдаг юм билээ. Үүний хамгийн эхнийх нь насаараа өндөр даатгал төлчихөөд насны эцэст тэтгэвэр гэж тансаг айлын нэг оройн хоолны үнэд ч хүрэхгүй мөнгийг авдаг буурлууд төрдөө гомддог юм билээ.

БАРИМТ-1

-Тухайлбал, 1980-1990-ээд оны үед тухайн үеийнхээ хамгийн өндөр цалин хөлс буюу 800 мянган төгрөгийн цалин авчихаад түүнтэй адилтгах хэмжээний шимтгэл төлсөн байхад энэ цагт тэр бүхэн нь салхинд хийсчихсэн тэтгэвэр 200-300 мянган төгрөгийн цалинтай дүйцүүлсэн хэмжээний мөнгийг төрөөс авч байгаа буурлууд гомдолтой байна.

Угтаа бол ийм ахмадууд цэл залуу насныхаа хүч хөдөлмөрийг бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгмийн бүхий л салбарын бодлогын өөрчлөлтөд зориулаад явсан байдаг. Гэтэл тэд насны эцэст даатгал төлснийхөө төлөөсийг бүрэн эдэлж чадахгүй байсаар энэ насаа дуусгах нь гуниг биш гэж үү.

БАРИМТ-2

-Би есөн жил тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн. Ингээд ар гэрийн шаардлагаар зургаан сард чөлөө аваад, долдугаар сард ажлаасаа гарсан. Ингээд ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөх гэсэн боловч “Сүүлийн есөн cap тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой” гэсэн шалгуурт нь тэнцээгүй. Ингээд тэтгэмж ч үгүй, нийгмийн даатгал есөн жил төлсний гавьяа ч үгүй хоцорсон.

Энэ мэтээр тэтгэвэр, тэтгэмж авах тухай хуулийн зохицуулалтаа олон нийтэд тодорхой сурталчлаагүйгээс өмнө нь ямар хэмжээгээр хэчнээн жил төлсөн эсэх нь хэнд ч хамаагүй хохироод үлдсэн. Үүнээс нэг л зүйл ойлгосон. Иргэндээ хэрэгтэй, нийгмийн даатгал бус нийгмийн татвар болжээ.

БАРИМТ-3

-Би хувиараа 16 жил нийгмийн даатгал төлж байна. Энэ хугацаанд хуримтлагдсан мөнгө минь хэд болж байгааг мэдэх юм алга. Хуучин нэрийн данс нээсэн боловч одоо түүнийг шалгах боломжгүй болсон юм билээ.

Тэгэхээр цаашид иргэдээс авч байгаа даатгалын тогтолцоог шинэчлэхгүйгээр залууст энэ төрлийн татварыг өгөх сонирхол төрөхгүй. Ер нь хэзээ ашиглах үгүй нь тодорхойгүй ийм сангийн төсвийг бүрдүүлж байснаас цалингаа бүтнээр нь аваад нийгмийн даатгалынхаа шимтгэлтэй дүйцэх хэмжээний мөнгийг банканд юм уу, хувиараа хадгалаад явбал хамаагүй амьдралд өгөөжтэй санагдсан.

БАРИМТ-4

-Олон хүнийг төөрөгдүүлсэн систем болоод байгаа юм. Манай улс иргэдийнхээ хуулийн мэдлэггүйг далимдуулаад Татвар, Даатгал, Сан гэх эдийн засгийн болоод санхүүгийн тэс өөр гурван ойлголтыг багцлаад иргэдийн халааснаас нийгмийн даатгалын шимтгэл нэрээр татаас авч байна. Дээрх гурван ойлголт зарчмын ялгаатай. Зарчмын ялгаатай учраас эдийн засгийн үр дагавар нь тэс өөр өөр.

Гэтэл Монгол Улсад НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН гээд хоёр даатгал, сан гэсэн тэс өөр юмыг нэрэн дээрээ хольсон. Угтаа эдийн засгийн агуулга нь татвар болчихсон ийм нэг дампуурсан систем байгаа юм.

Хэрэв cap бүрийн цалингаасаа өнөөдрийн нөхцөлөөр 23-26 хувийн татвар төлөөд явбал даатгал гэх гоё нэртэй татвар төлөгч 40-50 жилийн дараа эргүүлээд дээрх хуримтлагдсан мөнгөө шударгаар авч чадахгүй. Хэрэв САН юм бол тэр санд төлөгдсөн бүх дүн, хүү-ашгийн хамтаар иргэнд эргэж ирэх ёстой шүү дээ.

Бяцхан тоо бодож үзье. Таны цалин нэг сая төгрөг гэж тооцъё. Тэтгэвэрт гарахдаа дор хаяж 1.3 тэрбум төгрөгтэй насныхаа амралтыг авч болохоор байгаа юм. Гэтэл Монголд тэтгэврийн хэмжээ 280-800 мянган төгрөг л байна. Энэ эрүүл тогтолцоо мөн гэж үү.

БАРИМТ-5

-Хэрэв бид нийгмийн ДААТГАЛ төлөөд байгаа юм бол даатгалын систем үйлчилдэг гол дүрмийг мэддэг байх ёстой. Юу гэвэл, хэрэв иргэн танд эрсдэл тохиолдсон бол тэр эрсдлийг бүрэн нөхөн төлж байх ёстой бүтээгдэхүүнийг даатгал гэдэг. Жишээлбэл, машины даатгалтай л адил.

Хэрэв сая төгрөгийн цалинтай хүн cap бүр Эрүүл мэндийн даатгал төлсөн нь үнэн юм бол хорт хавдар, түүнтэй ижил төстэй хэцүү өвчин тусахад даатгалын сангаас эмчилгээ болон бусад зардлыг бүрэн төлөх ёстой. Бид машинаа хэдхэн мянган төгрөгөөр даатгуулчихаад бүрэн сүйрэхэд нь хэдэн сая төгрөг авдаг. Тийм байхад л даатгалын компаниуд ашигтай ажиллаад байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн даатгал яагаад энэ зарчмаар хэрэгжиж болдоггүй юм бол.

Тооцоо хийж үзэхэд нэг сая төгрөгийн цалинтай хүн багадаа 40 орчим сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах боломжтой байгаа. Өвдсөн бол хэдэн жил ч энэ үйлчилгээг авч болно гэсэн үг.

Гэтэл өнөөдрийн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор бол үхэж байж 1-2 сая төгрөг авах юм уу, яах юм. Ер ойлгомжгүй байгаа юм. Иргэндээ хайргүй ийм санд мөнгө хуримтлуулах хэрэг байна уу гэж асууя.

БАРИМТ-6

-Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн даатгал, Орлогын татвар гээд хаа хамаагүй гурван системийг 1990-ээд онд хольж, хутгаад завааруулчихсан. Өнөөдөр ч тэр бантангаараа татвар авч л байна.

Ийм хулхины систем хийгээд түүндээ ихээхэн гоё нэр бодож олж өгөөд байгаа Нийгмийн даатгалын сан гээчийг татан буулгамаар санагддаг. “Эв хамтын систем” гэж лоозогноод “Нийгмийн даатгал сан” гэж дэлхийд байхгүй эрлийз гэхдээ яг угтаа бол татварын систем хийчихсэн нь хэнд ашигтай байгаа юм бэ.

Сан юм бол хүн бүрт үүссэн мөнгөн хуримтлалыг өсгөх, үгүй бол эргэлтэд орсныг нь хянуулдаг хүүг нь тооцож бидэнд олгодог байх ёстой. Нийгмийн даатгалын санд гуравдагч мониторинг хиймээр санагддаг. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ч энэ сангийн мөнгөнд rap хүрэх, захиран зарцуулах эрхгүй.

Биеэ даасан ашигтай ажилладаг сан байх ёстой. Одоо бол Засгийн газар энэ мөнгийг захиран зарцуулдаг нь буруу. Сонгууль, луйвар гэх мэтэд зарцуулаад байна. Скандинавын орнуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын үйл ажиллагаанаас суралцмаар байна. Дандаа ашигтай ажилладаг.

Тухайн иргэний хөдөлмөрлөх хугацаандаа төлсөн мөнгөн дүн нь 40 мянган ам.доллар байдаг бол бодит дансан дахь мөнгөн дүн нь 500-600 мянган ам.доллар байдаг. Дунджаар шүү. Яагаад гэхээр, сангийн үйл ажиллагаа нь ашигтай ажиллаж тухайн иргэнийхээ төлсөн даатгалын мөнгийг өсгөсөн гэсэн үг. Банкуудад байршуулж байна, ашигтай хувьцаагаар хөрөнгө оруулж байна.

Старт ап-д хөрөнгө оруулж байна гэх мэт сангийн мөнгийг өсгөх боломжтой бүхий л хэсэг рүү зориулдаг. Эцэст нь иргэн ашгийг нь хүртдэг.

БАРИМТ-7

-Миний аав насаараа нягтлан бодогч хийсэн. Байнга нийгмийн даатгал төлдөг байлаа. Нийгмийн даатгал төлөхийг үр хүүхдүүддээ уриалдаг байв. Харамсалтай нь, 54 насандаа нас барсан.

Нийгмийн даатгалын сангаас оршуулгын мөнгө гэж 200 мянга хүрэхгүй хэмжээтэй мөнгө өгсөн. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх хувь, хэмжээ нэмэгдэж байна. Нэг сая 800 мянган төгрөгийн цалинтай хүн 400 гаруй мянгыг нь төрдөө “Май” гээд өгч байна.

“За яах вэ, өгөх ёстой юм чинь" гээд бодохоор эргээд бие өвдөөд эмнэлэг бараадахаар нийгмийн даатгалын дэвтрээр үйлчилдэг маш цөөн эмнэлэг, сувилал байна. Шүд өвдөөд дүүрэг ороход бараг хоёр сарын дараа үзүүлж болох дараалал бичдэг. Эмнэлгийн аль ч тасагт яг ийм бодит дүр зураг байна. Хүн биеэ бодоод өдрийн 50-100 мянган төгрөгийн үнэтэй хувийн эмнэлгийн үйлчилгээг авахаас өөр аргагүй байдал руу иргэдээ оруулж байна.

Тухайлбал, бага насны хүүхэдтэй залуу гэр бүл шүдний эмнэлэгт хүүхдээ үзүүлэхэд нэг удаад хамгийн багадаа 40-50 мянган төгрөг төлж байх юм. Өгөөд үзүүлэхээс өөр ямар ч аргагүй.

Сарын дараах ээлжээ хүлээгээд хүүхдээ уйлуулж явалтай нь биш. Энэ бол миний cap бүр цалингаасаа хугаслан төлдөг нийгмийн даатгал гэх ялзарсан татварын надад үйлчилж байгаа царай.

Саяхнаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хийгдээгүй, өртэй бол Монголбанкны мэдээллийн системд буюу өнөөх “хар” жагсаалтад оруулна гэсэн байна билээ. Иргэдийг тэр тусмаа залуучуудыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гээчээр барьцаалдаг үзэгдэл гаарчээ.

Ойр зуурын хэрэглээний зээл банк болон ББСБ-аас авах болоход нийгмийн даатгалд өртэй юм уу, төлөөгүй бол “Танд манайх үйлчлэх боломжгүй” гэдэг үг сонсож байна. Ийм байдлаар иргэдээ барьцаалж, дарамталсан системийг шинэчлэх цаг болоогүй юм уу, эрх баригчид аа.

БАРИМТ-8

-МАН 2016 онд ямар ч татвар нэмэхгүй гэдгийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Олонх болонгуутаа зангаа хувиргаад иргэдээ хуурсан. ХХОАТ нэмээд буцаасан бол НДШ-ийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувь гэх байдлаар нэмсэн. Ингээд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч 0.5 хувь, даатгуулагч 0.5 хувиар шимтгэлээ нэмэгдүүлсэн.

Яг өнөөдрийн байдлаар манай байгууллага ажил олгогч 14.5 хувь, даатгуулагч 11.5 хувиар шимтгэл төлж байна. Нийлээд 26 хувиар шимтгэл төлдөг. Үүн дээр ХХОАТ 10 хувиар шимтгэл төлж байгааг эцэслэн тооцохоор нэг ажилтны цалингаас 36 хувийн татварыг шимтгэл нэрээр авч байна. Үүгээр бидний цалингаасаа өгөх татвар дуусахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.

Юу гэхээр, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ахин ажил олгогч нэг хувь, даатгуулагч нэг хувиар нэмж шимтгэл төлөх хууль гарчихсан гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс буюу cap гаруйн дараагаас иргэн сард авч байгаа цалингаасаа нийт 38 хувийн татварыг шимтгэл байдлаар төлдөг болох юм.

Тэтгэврийн насыг хойшлуулсаар байгаа энэ цаг үед залуус цалингийнхаа 36 хувийг төрдөө хураалгасаар байх уу. Тэтгэвэр авна гэсэн итгэл тээж бид хэчнээн жил амьдрах вэ. Цалингаасаа залуус нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг ч байгууллагынх нь үр ашиггүй зарцуулалтаас болдог уу, удирдах ажилтны болон нягтлангуудын данс, тооцооны хариуцлагагүйгээс болдог уу нийгмийн даатгалын санд ажилчдынхаа цалингаас хассан төлөлтийг байршуулаагүй олон сараар ажилчдыг хохироодог үзэгдэл монголд газар авсан.

Үүний гол хохирогч нь тухайн аж ахуйн нэгж, компанийн ажилчид болж хувирдаг. Цалингийн болон бусад зээлийн үйлчилгээг банкнаас авч чадахгүй байх, ЭСЯ-ны баримт бичиг бүрдүүлэлтэд тэнцэхгүй байх зэргээр хохирдог зөрчил бишгүй байна. Ингэж ажилтнаа хөдөлмөрөөр нь мөлждөг, олон талаар хохироодог аж ахуйн нэгжийг ил тод болгодог, санхүүгийн аудит оруулдаг, жирийн ажилчдыг нь хохиролгүй болгодог хяналт зайлшгүй хэрэгтэй байна.

...энэ бол манай редакцад ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой иргэдийн гомдол, саналууд. Үүнд уншигч та өөр өөрийнхөөрөө дүгнэлт хийнэ биз ээ. Энэ мэт санал цаашид ч хөвөрнө. Бид цуврал болгон хүргэсээр байх болно. Эцэст нь хэлэхэд, тэтгэвэр авах наснаасаа хойш удаан амьдарч чадахгүй нас барж байгаа иргэд олон. Ингэж төр нь бодлого нэрээр түмнээ мөлжих нь өнөөх бидний хүссэн ардчилал биш.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

скачать dle 12.0