Онцлох мэдээ / Нийгэм

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарт залилуулсан гэх Солонгос эр ийм захидал илгээжээ

Хуваалцах:
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний Тамгын газрын дарга асан П.Цагаан нартай холбоотой нэгэн дуулиан дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө.
Аль эрт 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр там тум сонсогдож байснаа таг болж байсан хэргийн талаарх барим тавим ноцтой баримтууд одоо ил болж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Сүхээг баривчилж хорьсон.
Хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхны гарт нотлох баримт хангалттай олдсон бололтой.
Эдгээрийн нэгийг “Зууны мэдээ”  сонин дэлгэж байна.
2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тамгын газрын дарга П.Цагаан, БНСУ-д Монгол Улсын хэргийг түр хамаарагч Ж.Сүхээ нар нь 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж, улс төрийн мөнгө бэлдэх зорилгоор өмгөөлөгч, геологич, тухайн үеийн ЭЗХЯ, АМГ-ын албан хаагчид, орчуулагч зэрэг хүмүүстэй бүлэглэж, БНСУ-ын иргэн Ү Так Гуаныг 3.7 сая ам.доллараар хохироожээ.
БНСУ-ын иргэн Ү Так Гуан 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан/-д хандаж захидал илгээсэн байна.
Тэрээр захидалдаа “Миний бие Монголын ард түмэнд өөрийн чадах бүхнээрээ туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг жирийн солонгос хүн. Гэвч миний энэ сэтгэлийг ашиглаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний Тамгын газрын дарга П.Цагаан, Элчин сайд Ж.Сүхээ нарын хамтран зохион байгуулсан авлига, залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэргийн улмаас 3.7 сая ам.доллараар хохирсон тухай гомдлоо үүгээр гаргаж байна” гээд болсон явдлыг, хэрхэн хохирсон талаараа дэлгэрэнгүй бичиж энэ хэргийг шалгуулах хүсэлтээ уламжилжээ.
Г.Эрдэнэбилэг /Сахал хэмээх Д.Эрдэнэбилэг биш болно.Сурв./ нь БНСУ-ын иргэн И Жун Му-гаар дамжуулж ердөө 4000 ам.доллараар худалдаж авсан “Өрмөгтэй” гэх Х9909 тоот ашигт малтмалын лицензийг БНСУ-ын “Гео И энд С” компанийн захирал Ү Так Гуанд 5.0 сая ам.доллараар худалдахаар тохирч, үүнээс 3.7 саяыг нь авчээ. Энэ асуудалд дээр дурдсан хүмүүсээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, зөвлөх, БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Монгол Улсын ЗГХЭГ, НЗДТГ-ын ажилтнууд ч холбогдоно гэдгийг БНСУ-ын иргэн Ү Так Гуан мэдэгджээ.
БНСУ-ын иргэн Ү Так Гуан хохирсноо мэдсэн даруйд БНСУ-ын Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт шуудангаар хүсэлт тавьж байжээ.
Тэр үед нь “нэгэн улсын” Тагнуулын дарга этгээд Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээд мэдээлэл задруулж, цорын ганц гэрч И Жун Му-гийн байцаалтыг зогсоохын тулд Монголын хилээр нэвтрэх л юм бол чамайг баривчилна гэсэн гэж айлгаад болиулсан. Удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж И Жун Му Монголд ирж баривчлагдаад мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Гэвч И.Жун Му нь Солонгос руу буцаж, тэнд баривчлагдаж БНСУ-ын Цагаадгийн байгууллагаас мөрдөн шалгажээ. Шалгах явцад И Жун Му нь Ү Так Гуанаас 700 сая вонын чек авч,  бэлэн мөнгөөр солиод Элчин сайдаар дамжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирсэн эрх бүхий этгээдэд өгүүлсэн” гэж мэдүүлжээ.
Солонгосын прокуророос энэ хэрэгт холбогдсон монголчуудын дипломат эрхийнх нь дагуу хэргийг нь түдгэлзүүлж, шүүхээс нь И Жун Му-д “Улс төрийн мөнгө залилсан” хэргээр гурван жилийн хорих ял, хуурамч орд зарахад оролцсон хэргээр гурван жилийн ял оноожээ. И Жун Му одоо Дэгү хотын шоронд зургаа дахь жилдээ ял эдэлж байгаа ажээ.
Энэ мэт ноцтой факт бүхий 17 баримтыг захидалдаа хавсаргасан байна. Үүнд Монголоос илгээгдсэн албан бичгүүд, Гэрээ, Мөнгөн гуйвуулгын баримт, Дуу хоолойн бичлэг, Ж.Сүхээгийн майлээр өгсөн хариулт, Чекийн хуулбар, Зэсийн орд газрын баримт бичиг, БНСУ-ын шүүхийн шийдвэр, И Жун Му-гийн мэдүүлэг, Г.Эрдэнэбилэгийн нэхэмжлэл, Монгол, Солонгосын телевизүүдийн сурвалжлага зэрэг багтжээ.

Эрэн сурвалжлах алба
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0