Эдийн засаг:
“Мишээл экспо” захын эзэн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэж хүн бий. Энэ хүнийг 2016 он хүртэл хэн ч мэддэггүй байлаа. Сонгуулиар гэнэт гарч ирээд л гишүүн болж, энэ жилээс Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдож Монгол төрийг удирдаж эхэлсэн. Хэл ам, хэрүүл тэмцэл болж байж авсан “Мишээл экспо” зах нь яаж цэцэглэж байгааг та бүхэн харж байгаа байх. Өдөр болгон тэнд үзэсгэлэн худалдаа болж, хүний хөл тасарна гэж үгүй, маш амжилттай, тасралтгүй явж байгаа бизнес бол “Мишээл экспо” худалдааны төв болоод байна. Бүр томоохон төсөл хэрэгжүүлж Монголд анх удаа Хоолны гудамж буюу Food street байгуулж байна. Тэнд хятад, солонгос, энэтхэг, европ үндэсний хоолны ресторанууд ажиллаж, төрөл бүрийн уушийн газар, дарсны үйлчилгээ, спорт паб, кофе шопууд төвлөрөх аж. Энэ захын үйл ажиллагаа ёстой гялалзаж байна.
Б.Энх-Амгалан сайд 1995-1999 оны хооронд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт хятадуудыг хариуцсан ажилтан байж байгаад хувийн компани байгуулсан байдаг. Б.Энх-Амгалан гишүүн “Мишээл” захыг “Таван эрдэнэ” зах нэртэй байхад нь их л хэл ам дагуулж өөрийн болгосон байдаг. Ч.Энхболдсодонг монголчууд “Blue sky” барилгатай холбоотой асуудлаар нь таньдаг болсон. Тэр хүн “Таван эрдэнэ” захыг авахын тулд тухайн үеийн албан тушаалтнуудыг “White house” зочид буудалдаа дайлж цайлж дуулиан тарьж авч байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Ингэж авсан зах нь одоо үнэхээр сайн ажиллаж, шөнийн гудамжтай болж, удахгүй үйлчлүүлэгчдээ авахад бэлэн болоод байна. Сайдын хувийн бизнес ингэж л амжилттай явж байна.
Тэгвэл түүний төрд хариуцсан ажлыг хар даа. Хариуцсан яамных нь ажлыг хар. Өнгөрсөн хавар, дөрөвдүгээр сарын 15-наас Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасан. Зунжингаа л зам хаачихаад “Шинэ зам барьж байна” гээд л ард олныг шавхайтай замаар гулгуулж, хээр хөдөө хонуулж бухимдуулсан. Тэгтэл бүтэн зунжин ажиллаад нийт ажлынхаа 30 хувийг л нугалжээ. Тийм атал ард түмнээр тохуурхаж байгаа юм шиг “Арваннэгдүгээр сарын 1-нд Дарханы замыг нээчихлээ” гэж хуурсан нь ямар учиртай юм бэ. Сайд өөрөө ч ярилцлага өгөхдөө тэгж хэлээд байсан.
Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 6-ны өдрийн хуралдаан дээр Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг хийх тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан бөгөөд нийт гүйцэтгэл нь 31.7 хувьтай байгаа бөгөөд I багц 57.2 хувь, II багц найман хувь, III багц 37, IV багц зургаан хувь, V багц 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч үндсэн замын хөдөлгөөнийг нээсэн гэж ажлын хэсэг нь танилцуулж “2020 оны зургадугаар сарын сүүлийн хагаст Улаанбаатар-Дархан-Уул аймаг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар тусгасан” гэж ярьсан. Үндсэн замын хөдөлгөөнийг нээсэн гэсэн боловч үнэндээ 204 км үргэлжлэх замыг таван хэсэгт хуваан ажил эхлүүлсний зөвхөн нэгдүгээр багцын 12 км замын хатуу хучилтыг хийснээ л ярьсан хэрэг. Үлдсэн замын зорчих хэсгийг хучих ажил ирэх хавар эхэлнэ гээд байгаа. Ингэж ард түмнээр тохуурхаж болохгүй ээ. Зорчих хэсгийг нь л нээсэн болохоос биш Налайхын зам ч бүрэн дуусаагүй, дутуу байгаа.
Б.Энх-Амгалан сайд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-ын дарга асан М.Энхболдыг дагаж гүйж, мэтгэлцээнд бэлтгэх үед нь өрсөлдөгч С.Ганбаатарын дүрд орж жүжиглэж байсныг нь бид харсан. Дараа нь цаг хугацааны тохироогоор Зам, тээвэр хөгжлийн сайд болчихсон. Үнэхээр юу ч хийсэнгүй, энэ хүн. Яаман дээр нь хүн амины хэрэг гарснаас болж л ажлаасаа буучихсан болохоос биш өмнөх сайд Ж.Бат-Эрдэнэ нь байсан бол хамаагүй өөр байсан юм.
“11 дүгээр сарын 1-нд Дарханы зам нээгдэнэ” гэж сайд Б.Энх-Амгалан ямар зоригтой дуугарч байв аа. Дуугүй л байж байхгүй ямар ч баримжаагүй ярьдаг юм бэ дээ. Энэ бол огт ажил хийж үзээгүй, ажил мэддэггүй хүнээс л гарах баримжаагүй үг л дээ. Дарханы замын ажил бүтэл муутай байгааг мэдэж байсан болохоор тийшээ ганц ч удаа очсонгүй, энэ нөхөр. Очиж чадахааргүй нээнтэгтэй болчихжээ, тэр Хятад компаниудад. Юу юм бүү мэд. Монголын автозамын залуу инженерүүд “Бид хавраас хойш энэ талаар яриад байгаа. Цүнх барьсан хятадууд орж ирээд тендер худалдаад авчихлаа. Тэгээд Монголын компаниудад бага мөнгө өгч ажиллуулах гэж байна гэж эсэргүүцсэн ч тусыг олоогүй” гэж ярьж байна. Ингэхээр хамгийн түрүүнд “Хахуулиар тендерт шалгаруулаад оруулчихсан юм байна” гэж хардахаар байна. Гэхдээ ингэж хардвал энэ төр засаг Зөрчлийн тухай хуулиар шоронд аваачаад хийчихнэ гэж айж байна.
Ганц л зүйлийг сайн мэдэж байна. Ажил хийж үзээгүй хүн бүтээгүй, түвэгтэй, хүнд хүчир ажлаас аль болох дөлж, тойрч гүйгээд байдаг тал байдаг юм. Нэг үгээр халгаж гүйгээд байдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжих нь бүү хэл, болж бүтэж байгаа юм сонсогдохгүй болонгуут салбарын сайд нь болж байгаагаар нь Налайхын замаас салахгүй “зүүгдсээр” энэ зуныг барлаа. Дээр нь Ерөнхийлөгчийн төмөр зам дээгүүр хэдэн удаа очсон байх.
Гуравхан жилийн өмнө хэний ч мэдэхгүй байсан захын эзэн гарч ирээд Монгол төрийн ажлыг ингэж л самарч байх юм. Ирэх гуравдугаар сараас Дарханы замын ажлыг эхлүүлнэ гэж ямар ч амьдралгүй юм ярьцгаагаад сууж байна. Гуравдугаар сард газар тэс хөлдүү байдаг. Ядахдаа энэ жил нийт ажлынхаа 70-80 хувийг нь нугалчихсан байсан бол “Ирэх жилийн зургадугаар сард зам ашиглалтад бүрэн орно” гэж хэлж болох байсан. Тэгэх ч боломж байлаа. Харамсалтай нь энэ зун үнэхээр юм хийсэнгүй. Энэ сайдыг хараад байхад хамгийн гомдмоор нь өөрийнхөө зах дээр гаргасан сэтгэлээ энэ төрийн ажилдаа гаргачихгүй яав даа гэж бодогдож байна. 12-хон км замын асфальт хучилтыг хийх байсан юм бол яах гэж тэр 200 гаруй км замыг хаасан юм бэ. Хуучин асфальтан зам нь хэвээрээ, хөвөөг нь шууж, энд тэнд нь шороогоор дүүргэсэн л дүр зураг харагдана билээ. Ажил хийж байгаа, зам барьж байгаа гэсэн нэрээр зунжин, намаржин замыг нь хааж ард түмнийг тойрч давхиулж тамласан. Ирэх жилийн зургадугаар сард ажлаа дуусгана гэдэгт итгэх арга алга. Дараа жилийн хавраас эхэлж ард түмэн дахиад хаагуур, хаагуур тойрч, Дарханаас Улаанбаатар, Улаанбаатараас Дархан руу очихын тулд яаж тамлагдахыг төсөөлөхөд ч бэрх байна, сайд аа.
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18