Нийтлэл

Ц.Нямдорж галзуурчихжээ

Хуваалцах:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  өгзөгний хэргээс болж, Өмнөд Солонгосын хуулиар  долоон сая вонны торгууль хүлээсэн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг өмгөөлж ядахдаа, “Та нар хөгшин эхийг нь бод” сургамжлав.  Зүй нь,  олон жил өөртөө нааж, нялж ирсэн шударгын туйл мөн байсан бол тэр “Одбаяр  хөгшин ээжийгээ бодох ёстой байсан” гэх байлаа. Даанч Ц.Нямдоржид ийм совест байхгүй.
Хуулийн сайд ажлаа олигтой хийгээгүйгээс Монгол Улс сааралтав. Гэвч, энэ асуудалд Ц.Нямдорж өөрийгөө буруугүй гэж бодож яваа.  Ямагт тэр асуудлыг өөрөөсөө зайлуулж чаддаг, уснаас өөрийгөө авардаг гоё аргатай.  "FATF-ын Ази, номхон далайн салбараас энэ аравдугаар сард намайг сайн ажилласан байна гэж талархлын захидал ирүүлсэн. Захидалд танай улсыг эрчимжсэн зэрэглэлээс энгийн зэрэглэлд шилжүүллээ. Баяр хүргэе гэсэн байсан" хэмээн ичиж, улайхгүй, ээрч муурахгүйгээр ярьж чадах ганц хүн бол манай хуулийн сайд. Ямар сайндаа л хүү Н.Анхбаяр нь  "Эрдэнэт" үйлдвэрт  2.5 тэрбумын шахаа хийсэн гэх асуудалд тайлбар өгөхдөө "Би эцэг хүний хувьд утсаар ярьж өгсөн, яадаг юм" гээд зогсож байх жишээний.
Шаардлага гарвал түрээсийн байранд амьдардаг, зурагтгүй гэж мэлзэж чадна.
Ил тод байдлын тухай хуулиас болж, Монгол Улс саарал жагсаалтад орсон гэж ярьж байгаа нь хүртэл цаанаа хэн нэгнийг харлуулах гэсэн зорилготой. Энэ хуулиар ил болсон 34 их наядын ард их хэмжээний авлига, хээл хахуулийн асуудал нуугдаж байсныг тэр хуулийн салбарыг толгойлж буйн хувьд сайн мэдэж байх ёстой, уг нь.  FATF-ын даалгаварт өгсөн дөрвөн асуудлыг харахад,  Ц.Нямдорж  ажлаа хийсэнгүй л гэж.  Ерөнхийдөө танайх авлигын хэргүүдтэйгээ, мөнгө угаах асуудалтайгаа, хар тамхичидтайгаа тэмцсэнгүй гэж Монголд муу дүн тавьсан юм шүү дээ, Ц.Нямдорж сайд аа!
Нөхрийнхөө амиа алдсан хэргийн үнэн зөв тодруулахаар иргэн Болороо Сүхбаатарын талбайд цөөнгүй хоног суулт зарласан билээ. Хэргийг Ц.Нямдоржийн цагдаа нар будилуулж байна гэж үзсэн учраас хөгжлийн бэрхшээлтэй тэрбээр ээжийнхээ хамт ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэтэл Ц.Нямдорж  дуугардаггүй ээ, таг. Тэр өөрт ашигтай асуудал дээр улстөрждөг, бусад үед  нам болчихдог зантай, тийм  шударга ёстой хүн.
Түүнд ашигтай, түүний анхаарал тавьдаг хэргийн нэг нь С.Зоригийн амийг хөнөөсөн  хэрэг. Тэр ч утгаараа өчигдөр /2019.11.14/ хэвлэлийн бага хурал хийж, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллаж, тэдэнд  Монголын төрийг нөхөн төлбөр өгөхийг шаардав.
Өнгөрсөн хоёр жилийн турш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах ёстой гэж тэр байнга ярьж ирсэн, бүр Ерөнхийлөгчид захидал бичсэн хүн.
Уг нь, Ц.Нямдорж Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд.  Гэтэл хуулийн салбарт эргэж ирснээсээ хойш С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах нь бүү хэл хэрэгтнүүдийг суллах ёстой гэж элийрэх болсон билээ.  Эндээс харахад  С.Зоригийн хэргийг үймүүлж, хэрэгтнүүдийг өмгөөлөх ихээ том шаардлага болоод захиалга байна, түүнд.
Экс тагнуулч Б.Хурц ажлаа өгөхийнхөө өмнөхөн “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Ажлын хэсгийг үймүүлж, ажлыг нь хийлгэдэггүй байсан тэр үе рүү гээ орох гэж байна. Ц.Нямдорж  сайд болохоороо тараадаг. Ажлын хэсгээс 32 алба хаагчийг сольсон. Өнөөдөр захиалагчийн асуудал яригдаж байна. Улс төр болон бусад зорилгоор Ц.Нямдорж  үүнд нөлөөлж байна” гэж хэвлэлийн бага хурал хийлгэж байсан билээ.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх зургаан хоногийн 26 минутын бичлэгийг Ц.Нямдорж өнгөрсөн хавар дэлгэсэн. Гэхдээ энэ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэх нотолгоо болохгүй.
Хэрэвзээ, Ц.Нямдорж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг үйлдээгүй, суллах шаардлагатай гэж үзэж байгаа бол түүнийгээ баримтаар, нотолгоогоор нотлох ёстой.  Хуулийн сайд хүн баримт нотолгоогүйгээр сэтгэлийн хөөрлөөр бусдыг яллаж,  бусдыг суллаж болохгүй. 
Ц.Нямдорж бол хэрэгтний өмгөөлөгч биш. Хууль тогтоогч бас хууль хэрэгжүүлэгч хүн. Юун төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд билээ, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй гэсэн баримтаа дэлгэ. Учир нь,  Ц.Нямдоржийн яриад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх асуудал нэг өөр.  Хэрэгт ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэмт хэрэг хийгээгүй гэвэл бүр өөр асуудал болно. Үүнийг хуулийн салбарыг дөрөв дэх удаагаа сольж, Эрүүгийн бүх хуулийг би гардан хийсэн гэж бахархдаг Ц.Нямдорж мэдэхгүй байна гэж үгүй.
Эрүүдэн шүүсэн гэх нэрийн дор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг замхруулах захиалагчийн даалгавраа биелүүлж байна уу гэх хардлага бий.
Тэр тусмаа  С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт өгсөн захиалагчийг Ц.Нямдорж сайн мэдэж байж мэдэх юм биш биз гэсэн хардлага төрүүлэхээр харагдаж байна. Товчхондоо, өнөөдрийн байгаа байдлаас харахад Ц.Нямдорж сайд зөнөчихсөн биш бүр галзуурчихжээ гэмээр.

Б.Бат
Эх сурвалж: news.mn
скачать dle 12.0