Дэлхийд

Киргизүүд дуулиант авлигын хэргийг шалгахыг шаардаж жагсав

Хуваалцах:

Даваа гарагт Киргизийн нийслэл Бишкек хотод олон зуун хүн цуглаж, тус улсад саяхан дэгдсэн авлигын дуулианыг шалгахыг эрх баригчдаас шаарджээ.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУ, Европын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Киргизээс хууль бус мөнгө хилээр гаргадаг авлигын сүлжээний талаар анх мэдээлсэн юм. Мэдээллийг Киргизийн хараат бус Kloop.kg сайтад нийтэлжээ. Баримт дэлгэж, авлигын сүлжээг илчилсэн Хятадын Шинжаанаас гаралтай уйгар бизнесмэн Айеркен Саймайти арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Туркийн Истанбул хотод буудуулж амиа алдсан юм.
Аллагатай холбоотой дөрвөн сэжигтнийг Туркийн цагдаа баривчлаад шалгаж байгаа. Саймайти Киргизээс $700 саяыг хууль бусаар гаргах ажилд оролцож байснаа ярьж, гаалийн албан тушаалтнуудын авлигын сүлжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Тэрээр энэ мэдээллийг өгснийхөө дараа аюулгүй байдлаа хангахын тулд Киргизээс Турк рүү дүрвээд байжээ. Гэвч мэдээлэл нийтэд ил гарахын өмнөхөн Саймайти буудуулж алагдсан юм.
Өчигдөр Бишкект 1,000 орчим хүн жагсаж, дээрх мэдээлэлтэй холбоотой хэргийг шалгахыг засгийн газраас шаарджээ.
Мэдээлэлд нэр дурдагдсан гаалийн албан тушаалтан асан Раймбек Мартаймовын зургийг жагсагчид барьсан байв. Мартаймов нь хувьдаа бизнесгүй, төрийн албан хаагч боловч баян тансаг амьдралаараа алдаршиж “Саятан Райм” гэдэг хочтой болсон хүн юм.
Мартаймов хууль бусаар баяжсан хэрэгт сэжиглэгдэн хэд хэдэн удаа шалгагдаж байсан ч ямар нэг ял шийтгэлгүй өнгөрсөн байдаг. 
Жагсагчид өчигдөр Мартаймовын дүрс бүхий “Раймыг шоронд хий” гэсэн уриатай зурагт хуудас барьсан байв.
Киргизистан нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас хоёрдугаарт орох ядуу улсад тооцогддог. Үе үеийн ерөнхийлөгч нар тус улсын төрд ужгирсан авлигатай тэмцэх амлалт өгдөг ч үр дүнд хүрэхгүй байгаа нь иргэдийг бухимдуулдаг юм.
Киргизийн сөрөг хүчнийхэн 2005, 2010 онуудад тэмцэл өрнүүлж, ерөнхийлөгч нараа хугацаанаас нь өмнө огцруулж байжээ.
Одоогийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын засгийн газар иргэдийн хүссэн шинэчлэлтийг хийж чадна гэсэн найдлага бага байна.
Эх сурвалж: AFP
Р.ТӨМӨР, IKON.MN
скачать dle 12.0