Нийгэм / Мэдээ мэдээлэл

Нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах төв байгууллаа

Хуваалцах:

Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болжээ.
Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.
Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 1.2 м гүнтэй, 1380.5 ам метр усан мандлын талбайтай, 10500 шоо метр эзэлхүүнтэй хөв /хиймэл нуур/ байгуулах ажлыг нийслэлийн төсвийн 147 сая төгрөгийн хөрөнгөөр анх удаа гүйцэтгүүллээ. Хөв байгуулснаар дээр дурдсан ач холбогдолтойгоос гадна тухайн орчны биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг давуу талуудтай. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гурван байршилд төв шинээр байгуулахаар тусгагдсан.
Усны тухай хуульд заасны дагуу бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг тухайн шатны Засаг дарга, сав газрын захиргаатай хамтран дэмжих зохицуулалттай байдаг тул гадаргын ус хуримтлуулах, ашиглах төсөл бүхий иргэд, байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газарт хандаж, хамтран ажиллахыг уриалж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
скачать dle 12.0