Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Зимбабын дэд Ерөнхийлөгч: Зимбабве бол Монгол шиг хүссэнээрээ Засгийн газраа огцруулж, хүчирхийлэл үйлдэж болдог улс биш

Хуваалцах:

Зимбабве улсын дэд Ерөнхийлөгч, Константино Чивенга баасан гаригт сөрөг хүчин болон Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөний тэргүүн Нельсон Чамизад хандан парламентад үг хэлэх үеэрээ Монгол Улсыг ихэд зохимжгүй байдлаар жишээ болгон дурджээ.
Тус улсын дэд Ерөнхийлөгч, Генерал Константино Чивенга нь улаан хоолойн өвчний улмаас дөрвөн сарын турш БНХАУ-д эмчлүүлж байгаад эдгэрч, саяхан эх орондоо ирээд байгаа юм. Тэрээр авлига, мөнгө угаах болон төсвийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хүндээр өвдөж, үхэл амьдралын зааг дээр ирсэн учир Хятад улсад эмчлүүлэхээр яваад байсан аж. Тэгвэл ням гаригт тус улсын авлигатай тэмцэх байгууллагаас Генерал Константино Чивенгагийн эхнэр Мари Чивенгаг мөнгө угаасан болон хууль бус замаар гадаад валютын нөөцийн эх үүсвэрийг шамшигдуулсан гэх хэргээр баривчилжээ.
Энэ хугацаанд Зимбабве улсын эрх мэдэлтнүүд авлига, хууль бус гэмт хэрэг, дарангуйллын тогтолцоо, хууль шүүхийн байгууллагын хайхрамжгүй ажиллагааг эсэргүүцсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, парламентыг тарахыг шаардсан ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөж, тус улс даяар ахин эмх замбараагүй байдал газар аваад байгаа билээ. Харин өмнө нь хэзээ мөдгүй үхэх дөхсөн гэгдэж байсан Генерал Чивенгагийн эрүүл мэндийн байдал гэнэт сайжирч, эх орондоо зүв зүгээр иргэн ирсэн явдал нь ард түмнийг гайхшруулжээ.
Тэгвэл энэ талаар сөрөг хүчний тэргүүн Нельсон Чамиза ням гаригт нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “Та бүхэн Генерал Чивенга шиг алдартай, хүчтэй улстөрчийн талд зогсож намайг үл тоож болох юм. Гэсэн ч миний жижиг хөшөөг хараад бурханд ямар нэгэн төлөвлөгөө байгаа гэдгийг харах биз. Бурхан танд (Генерал Чивенга) улс, эх орныхоо төлөө сайн сайхныг хийж, ард түмнийг хуваан талцуулахгүй байх амьдралыг өгсөн. Тиймээс хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэхүйц, бие биенээ доромжлох, үзэн ядах сэтгэгдэл, талцалд турхирсан болгоомжгүй мэдэгдлүүдийг хийж болохгүй. Учир нь бид бүгд нэг үндэстэн” гэж хэлсэн байна.
Учир нь Генерал Константино Чивенга нь өнгөрөгч баасан гаригт парламентын танхимд үг хэлэх үеэрээ сөрөг хүчний тэргүүн Нельсон Чамизаг Засгийн газрыг түлхэн унагаж, хууль бус замаар төрийн эрхэнд гарах зорилгоор бослого, үймээн дэгдээж, хуйвалдаан явуулсан хэмээн хүчтэй буруутгасан аж. Тэрээр парламентад хандан үг хэлэхдээ “эсэргүүцэл, бойкот хийх замаар ард түмний олонхын саналыг авч, хууль тогтоох эрхээ авсан хууль ёсны Засгийн газрыг огцруулж чадна гэх буруу бодолтой хүмүүс байна. Би тэдэнд тэдний үйлдэл санаснаар нь болж, амжилтад хүрэхгүй гэдгийг сануулмаар байна. Энэ бол та нарын хууль ёсны Засгийн газрыг хүссэнээрээ огцруулж, дур зоргоороо хүчирхийлэл үйлдэж болдог Монгол Улс биш. Ийм зүйл Зимбабвед тохиолдохгүй” гэсэн байна.
Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай, нийт 14.4 сая хүн амтай Зимбабве улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 41 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 2621 ам.доллар байгаа аж. Тус улс нь энэ онд ардчиллын индексээр дэлхийн 167 орноос 134-т, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 127-д, хүний хөгжлийн индексээр 189 орноос 150-д оржээ.

Очирхуяг МӨНХБАТ

itoim Зимбабын дэд Ерөнхийлөгч: Зимбабве бол Монгол шиг хүссэнээрээ Засгийн газраа огцруулж, хүчирхийлэл үйлдэж болдог улс биш
скачать dle 12.0