Дэлхийд

Орос улс дуунаас хурдан зэвсгээр дэлхийд тэргүүлэгч болсныг Владимир Путин мэдэгджээ

Хуваалцах:
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь дуунаас хурдан зэвсэг бүтээх чадвартай дэлхий дээрх цорын ганц гүрэн болсныг мэдэгджээ. Тэрээр өчигдөр армийнхаа удирдлагуудтай уулзахдаа Орос улс түүхэндээ анх удаа цоо шинэ зэвсгийн салбарт бусад улс орнуудыг ардаа орхисныг онцлон хэлсэн байна. ЗХУ-ын үед ч ийм байгаагүй бөгөөд тухайн үед үргэлж АНУ-аас хоцордог байсан гэнэ.
Тухайлбал атомын бөмбөг, стратегийн бөмбөгдөгч онгоц бүтээх, тив алгасах баллистик пуужинтай болохдоо Зөвлөлт Холбоот Улс АНУ-ын араас явдаг байсныг Путин хэлжээ.
“Өнөөдөр бид орчин үеийн түүхэндээ өмнө огт хүрч байгаагүй түвшинд хүрээд байна. Тэд бидний араас гүйцэхээр чармайж байна. Өнөөдөр ямар ч улс оронд дуунаас хурдан зэвсэг алга” гэж Путин бахархалтайгаар мэдэгдсэн байна.
Авангард дуунаас хурдан зэвсгээр тоноглогдсон зэвсэгт хүчний анхны нэгж энэ сард байгуулагдах бол Кинжал дуунаас хурдан пуужинг армийн зэвсэглэлд нэгэнт ашиглаад эхэлснийг тэр хэлсэн үгэндээ дурджээ.
Дээрх зэвсгүүдийн тухай Путин анх 2018 оны гуравдугаар сард олон нийтэд танилцуулж байсан юм. Түүний танилцуулж байснаар Авангард систем нь тив алгасах хүчин чадалтай бөгөөд дууны хурднаас 20 дахин өндөр хурдаар нисдэг ажээ.
Агаарт нисэх замдаа чиглэл болон өндрөө өөрчлөх чадвартай тул дайсны хамгаалалтын системийг нэвтлэх боломжтой гэгдэж байгаа юм. “Энэ бол одоо байгаа болон цаашдаа бий болох хамгаалалтын системүүдийг нэвтлэх чадвартай ирээдүйн зэвсэг юм” гэж Путин тайлбарлаж байв.
Кинжал пуужин нь МиГ-31 сөнөөгч онгоцонд суурилагддаг бөгөөд өнгөрсөн оноос ОХУ-ын армийн зэвсэглэлд нэмэгдсэн юм. Уг зэвсэг нь дууны хурднаас 10 дахин хурдалж, 2,000 гаруй километр зайнд тусах чадалтай. Мөн энгийн болон цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай ажээ. Кинжал пуужин нь газар дээрх болон усан дээрх байг устгах чадалтай юм. АНУ болон дэлхийн бусад улс орнууд дуунаас хурдан зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа ч одоогоор хэрэглэж эхлээгүй байна.
Путин өчигдөр хэлэхдээ NATO-гийн зэвсэгт хүчин Оросын баруун хилд ойрхон байрласан, АНУ 1987 оны дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс гарсан зэрэг нь өнөөдөр тус улсын гол аюул занал болоод байгааг онцолжээ. Тиймээс Орос улс хамгийн шилдэг зэвсэгтэй байх ёстой гэж тэр хэлсэн байна.

Р.Төмөр 
Эх сурвалж: Associated Press
скачать dle 12.0