Нийгэм

"Төслөө тат" гэх бус "Заалтаа хас" гэж шаардах байсан юм

Хуваалцах:
"Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах төслөө тат" гэсэн олон нийтийн сүлжээн дэх давалгаа зорилгоо биелүүлжээ. Учир нь, УИХ уг төсөл буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчдад нь буцаахаар болсон байна. Хууль санаачлагчид нь ч төслөө эргүүлэн татахаа мэдэгджээ. Энэ нь "Манай төр засаг тодорхой бодлого зорилтгүй зөвхөн сошиал орчинд хөтлөгдөн шийдвэр гаргадаг" гэсэн шүүмжлэлд яв цав нийцсэн үйлдэл болж байна.
Уг нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах тухай заалтаас бусад нь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чухал заалтууд байсан юм. Гэвч харамсалтай нь олон нийт "Төслөө тат" хэмээн цахим орчинд давалгаалснаас бол төсөл бүхлээрээ унаж байна. Олон нийт "Төслөө тат" гэх бус тухайн заалтаа хасахыг шаардах ёстой байлаа. "Төслөө тат" хэмээх давалгаанд нэгдэхээсээ өмнө хуулийн төслийг бүхлээр нь харсан хүн цөөхөн байсан бололтой. Үүнээс олон нийт нэг зүйлд автахаараа хэтэрхий туйлширдаг, мэдээллийг нягтлахгүйгээр шууд дамжуулдаг болох нь харагдаж байна. Ингэж "Төслөө тат" хэмээн хэтэрхий туйлширснаас болж уяачдад цол олгох шалгуурыг өндөрсгөх, наадмаар хурдан морь унах хүүхдийн насны доод хязгаарыг нэг насаар нэмж найм болгох, хэтэрхий олон машин морь дагадгийг болиулах, монгол, эрлийз гэх маргааныг таслан зогсоох заалтууд хамтдаа уналаа. Зөвхөн тухайн заалтаа хас гэж шаардсан бол энэ хуулийн төсөл цааш хэлэлцэгдэж ач холбогдол ихтэй олон заалт нь батлагдах байв.     
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын УИХ-д өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ач холбогдолтой ямар зохицуулалтууд байсныг танилцуулъя. 
Жилд 20 гаруй уяачид улсын цол олгож, улсын цолны үнэлэмжийг бууруулж байгааг өөрчлөх байв
Цагаан сарын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж уяачдад цол олгодог. Ингэхдээ Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсвэл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, хурдан морь нь зургаан удаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсвэл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгодог. Хуулийн зохицуулалат нь ийм.
2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тод манлай уяач цолыг хоёр, манлай уяач цолыг найм, алдарт уяач цолыг 16 хүн хүртсэн. Жилд 26 уяачид улсын цол олгоно гэдэг шагнал хавтгайрч, улсын цолны үнэлэмж буурч байгаагийн илэрхийлэл. Тиймээс уяачдад цол олгох шалгуурыг өндөрсгөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байсан юм. Хуулийн төслийг санаачлагч Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд “Үндэсний спортын төрлүүд дундаас улсын баяр наадамд амжилт үзүүлээгүй атал улсын цол хүртдэг буруу жишиг хурдан морины уралдааны төрөлд байсаар байна. Тиймээс уяачдад улсын цол олгох шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх буюу улсын баяр наадам болон гурван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг шигшмэл хурдан морины “Их хурд” уралдаанд түрүүлсэн, эсвэл айрагдсан байх шаардлагыг нэмэх шаардлагатай. Уяачид ч энэ саналыг дэмжиж байгаа бөгөөд морь нь улсын баяр наадамд түрүүлж, айрагдаагүй атал улсын цол хүртдэг байдлыг яаралтай өөрчлөх нь зөв” гэж байсан юм. 
Хавар 14-настай хүүхдээр хурдан морь унуулахыг хориглож, наадмаар долоон настай хүүхдээр унуулахыг зөвшөөрөв
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.1-т баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхдээр унуулах, ослын даатгалд даатгуулахаар хуульчилсан байдаг. Харин цаашид морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болохуйц эрсдэлийг бууруулах зорилгоор баяр наадмын хурдан морь унах насны доод үзүүлэлтийг хүүхдийн нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогт тохируулан зохих хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд байсан юм. Улмаар нэг нас ахиулж наймаас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох заалт оруулсан байв. Харин хаврын хурдан морины уралдааныг 14 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулах саналыг хуулийн төсөлдөө тусгаад байсан юм. Гэвч эсэргүүцэж хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоосноороо хүйтний улиралд хүүхдээр морь унуулахыг болиулж чадсан боловч наадмаар хурдан морь унуулах хүүхдийн насны доод хягаарыг нэг насаар нэмж 8 болгохыг эсэргүүцлаа. 
Наадмаар хурдан морины уралдааныг есөөс дээш машин дагахыг хориглох байв
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд Хурдан морины уралдааны салбар хороо нь уралдаан дагах таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгодог. Гэвч тээврийн хэрэгслийн тоонд ямарваа нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Тиймээс “Хурдан морины уралдааны хажуугаар машины уралдаан болж байгаа мэт замбараагүй байдал үүсдэг”, “Олон машин уралдаан дагасантай холбоотойгоор тоос их босдог” гэх мэт шүүмжлэл гардаг. Энэ нь ч бодитой. Тиймээс хууль санаачлагчид хурдан морины уралдааныг дагах машины тоог цөөлөх нь зүйтэй гэж үзээд байсан юм. Тодруулбал, наадмаар хурдан морины уралдааныг есөөс илүү машин дагахыг хориглох заалт оруулсан юм. 
Монгол, эрлийз хурдан морийг зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгаж маргааныг таслах санаачилга бүтэлгүйтэв
Үндэсний их баяр наадмын үндэсний спортын төрлүүд дундаас хамгийн их гомдол, маргаан дагуулдаг нь хурдан морины уралдаан. Монгол, эрлийз гадаад шинжээр нь ялган уралдаанаас хасч, олон уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хохироодог. Улсын баяр наадамд бүртгүүлсэн, уралдсан морьдын тоон мэдээллийг дурдвал, 2013 онд 1668 морь бүртгүүлснээс 1570, 2014 онд 1638 морь бүртгүүлснээс 1618, 2015 онд 1512 морь бүртгүүлснээс 1470, 2016 онд 1913 морь бүртгүүлснээс 1624, 2017 онд 1841 морь бүртгүүлснээс 1008 нь уралджээ. Ийнхүү жилээс жилд бүртгүүлсэн ч уралдах морины тоо хасагдаж байгаа нь монгол, эрлийз морьдыг ялгадаг болсонтой холбоотой. Ардын хувьсгалын 96 жилийн ой, 2017 оны Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны ажлын тайланд “...Үүлдэрлэг байдлыг тоггоох явцад биерхүү монгол адуу олноор хасагдаж байгаад уяачид шүүмжлэлтэй хандаж байлаа. Гарч байгаа санал шүүмжлэлийг ажиглахад дийлэнх олонх нь цаашид зөвхөн сэрвээний өндрөөр ялгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэжээ. Тиймээс улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан хурдан морины сэрвээний өндрийн дээд хэмжээн дотор багтаж байхаар хуульчлахаар төсөлдөө тусгаад байсан юм.

С.Шийлэгтөмөр
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0