Эдийн засаг:
Дууны хурднаас 27 дахин өндөр хурдаар нисэх чадвартай тив алгасах шинэ пуужинг армийн зэвсэглэлд нэмж, бүрэн ажиллагаанд оруулснаа Оросын батлан хамгаалахын сайд өчигдөр ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгджээ.
Цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай Авангард пуужинг зохион бүтээсэн нь 1957 онд Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуулаа хөөргөсөнтэй адил түвшний технологийн том дэвшил болохыг Путин хэд хоногийн өмнө онцолж байв.
Авангард нь асар өндөр хурдтайгаас гадна нислэгийн явцад чиглэлээ огцом өөрчлөх боломжтой тул дайсны ямар ч хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай гэж үзэж байгаа. Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр Авангард пуужингаар зэвсэглэсэн армийн анхны анги нэгж байгуулагдан үүрэг гүйцэтгэж эхэлснийг Путинд албан ёсоор мэдэгджээ.
Шинэ анги Уралын нурууны өмнөд хэсэгт буюу Оренбург мужийн нутагт байрлаж байгааг ОХУ-ын зэвсэгт хүчний Стратегийн Пуужингийн Хүчний командлагч, генерал Сергей Каракаев илтгэсэн байна. Шинэ зэвсэг нь агаар мандалд дууны хурднаас өндөр хурдтай нисэхдээ асар их халдаг байна. Уг халалтыг тэсвэрлэхийн тулд Цельсийн 2,000 хэмийн халууныг даах чадвартай тусгай материалаар Авангардын эх биеийг бүтээсэн гэнэ.
Авангардын цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх даац нь 2 хүртэл мегатонн юм. 2018 оны арванхоёрдугаар сард явуулсан туршилтын үеэр өмнөд Уралын Домбаровскийн баазаас хөөрсөн Авангард пуужин 6,000 км алсад байгаа Камчаткын Кура буудлагын талбай дахь байг амжилттай устгаж байжээ.
Оросын арми өнгөрсөн онд Кинжал нэртэй ойрын тусгалын дуунаас хурдан зэвсгийг ашиглаж эхэлсэн юм. Кинжал нь МиГ-31 сөнөөгч онгоцонд суурилагддаг бөгөөд дууны хурднаас 10 дахин өндөр хурдтай, 2,000 гаруй километр зайны тусгалтай. Энгийн болон цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай уг зэвсгээр газар, усанд байгаа ямар ч байг устгах боломжтой гэдэг.
Одоогоор Хятад улс дууны хурднаас 5 дахин өндөр хурдтай зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа юм. Дон Фэн 17 буюу DF-17 нэртэй ийм зэвсгийг тус улсын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн парадын үеэр нийтэд үзүүлж байв. АНУ-ын арми мөн адил дуунаас хурдан зэвсэг бүтээхээр сүүлийн жилүүдэд ажиллаж байгаа. Пентагоны тэргүүн Марк Эспер энэ оны наймдугаар сард хэлсэн үгэндээ АНУ ийм зэвсэгтэй болоход доод тал нь хоёр жилийн хугацаа шаардлагатай байгааг мэдэгдсэн юм. Мөн тус улс сансарт байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар дайсныхаа дуунаас хурдан зэвсгийн довтолгооноос хамгаалах аргыг судалж байгаа гэсэн мэдээлэл бий.
Р.Төмөр
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18