2020 он сонгуулийн жил. Манай хүүхэд залууст санал өгөх өдөр бол аав, ээж, эмээ, өвөө нарын баярын өдөр гэсэн ойлголт нийтлэг бий. Гэхдээ энэ бол өрөөсгөл. Одоо бол залуусын баярын өдөр гэж ойлгох цаг ирсэн. Аав ээжийнхээ нөлөөнд авталгүйгээр, өөрсдийн үзэл бодлоороо, ирээдүйн тухай төсөөллөөрөө сонголтоо хийж гэмээ нь бүхнийг өөрчлөх боломж гэдэг утгаараа баярын өдөр.
Магадгүй, аав ээж нар сонгуулийн урд өдөр та бүхнийг гэртээ суух аргагүй болтол суртал ухуулга хийж, санал өгөх ёстой намын нэрийг хэлж өгөх биз. Өмнө нь тэгдэг байсан, одоо ч тэгнэ. Ер нь энэ бүх суртал ухуулга, албан даалгавар залууст “Сонгууль бол яршигтай ажил” гэсэн ташаа ойлголт өгсөн ч байж мэднэ. Гэхдээ энэ удаа, 2020 онд л гэр бүлийн “албан даалгавар”-ыг үл тоогоод, сонгуулийг “ял” биш “хариуцлага”, “үүрэг” гэдэг утгаар нь харах гээд оролдоод үзээрэй. Иргэдийн дунд “Ахмад настнууд Монгол ардын намыг залуучууд Ардчилсан намыг дэмждэг” гэсэн ойлголт бий. Үнэндээ энэ бол харьцангуй ойлголт бөгөөд ардчиллыг дэмждэг ахмдууд, Ардын намыг сонгодог залуус тэр нь, энэ нь гэхээргүй олон байдаг шүү дээ. Гагцхүү залуучууд нь сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь ирээдүйн хөгжил бидний хүсч байгаа замаар явах юм.
Залуус төрд орж байж л төрийн чихийг зөөллөнө. Залуусыг төрд оруулахын тулд бид саналаа өгөх үүрэгтэй. Залуус та бүхний санал парламент, нийслэл, дүүргийн сонгуульд тусгалаа олж байж, улс, хот маань “Залуусын” хэмээх тодотголдоо нийцнэ. Сонгуулийг орхиж улс орны ирээдүйг шийдэлцэх эрх мэдлийг аав, ээж, эмээ, өвөө нартаа үлдээсээр байх аваас байдал ердөө ч өөрчлөгдөхгүй.
Өнөөдөр Улаанбаатар хотод залуус цуглаад цагийг зөв боловсон өнгөрөөчих газар алга. Хос залуус хамтдаа суугаад ярилцчих цэцэрлэг ч байхгүйтэй адил. Энэ бүхэн шуудхан хэлэхэд залуучууд, ирээдүй хойч үе маань сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөгүйн гай. Залуус санал өгч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүнийг бодлого боловсруулах түвшинд гаргаж ирээгүй учраас ирээдүйгээ ийнхүү хохироожээ. Нөгөө талаар, залуус сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй учраас тэдний төлөө санаа тавьж ажил хийх шаардлагагүй байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа бид өөрсдөдөө л гомдох хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ байдлыг өөрчлөх боломж мэдээж бий. Тэр цаг хугацаа нь 2020 оны зун. Бүр тодруулбал сонгуулийн ганцхан өдөр. Залуус бид үгийг нь анхааран сонсдог хүмүүсийн нэг Баабар нэгэнтээ “Залуу хүмүүс эхлээд өөрсдөө хүнээс гуйхгүй болчихоод, дараа нь эх орноо хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй” гэсэн утагтай үг хэлсэн байдаг. Үнэн үг. Гэхдээ туйлын үнэн гэж хүлээж аваад, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй нэр дэвшигч залуусыг “Доош нь хийж”, өөрсдийнхөө замыг бүдгэрүүлж болохгүй. Монгол Улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд,бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Одоо жаахан тоо бодоод үзье. Сонгуулийн насны иргэд хүн амын 40 хувийг эзэлдэг. Тэдний тал буюу 50 хувийг ахмадууд бүрдүүлдэг байх нь. Сонгуулийн ирц 62 хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг. Арай л “биш” тоо байгаа биз. Хэрвээ бид бүгд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгсөн бол оносон ч алдсан ч сэтгэл хангалуун явах байсан бус уу. Залуу нас алдаж, онож, төлөвшихөд зориулагддаг болохоос сүүдэрт нуугдах гэж, бусдын далавчин дор хоргодох гэж заяагаагүй.
Бид одоо байгаа нөхцөл байдал, нийгмээ ихэд шүүмжилцгээдэг. Гэтэл “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үг бий. Энэ үгийг “Ямар сонгогч байна, тийм төр байдаг” гэж өөрчлөхөд утга нь өөрчлөгдөхгүй. Монгол залуусын орон. Гэтэл сонгогчдын дунд залуус алга. Сонгогдсон хүмүүсийг харахад “ахмадуудын шүүлтүүрээр” тунгаагдсан улс байна. Угтаа бол Монголын төр залуусын төр байх ёстой. Ахмад үе, залуу үеийн бодлогын харилцан уялдаан дээр төрийн бодлого шийдвэрүүд гарч байх ёстой. Залуу хүн залуусаа сайхан амьдруулахын төлөө ажиллаж, ахмадууд түшиг тулгуураа үзүүлж байх ёстой шүү дээ. Гэтэл “Сонгууль” хэмээх ганцхан өдрийн ажилд хайнга хандсанаасаа болж, ихэнх залуус өөрийн гэсэн орон сууцгүй, санаа байвч дэмжлэг байхгүй гундуухан амьдарч байгаа биш гэж үү. Өнөөдөр амьдралынхаа нөхцөл орчныг сайжруулах бололцоо дутмаг, төрийн дэмжлэг үгүй, салхилах цэцэрлэггүй, ер нь л “шоовдор” байдалтай өдийг хүрлээ шүү дээ. Залуусыг үнэхээр сэтгэл гаргаж дэмжсэн бодлого өнөөдөр алга. Хоёул хоёулаа ажил, хөдөлмөр эрхэлдэг атлаа орон сууцанд бие даагаад орчиж чадахгүй л байна шүү дээ. Төрийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах гэхээр “Аав ээжийнхээ байрны ордерыг аваад ир” гээд буцааж байна. Бас л нөгөө аав, ээж. Бусдаас хамааралтай, гуйж царайчлах амьдрал үргэлжилсээр. Залуус бид бие дааж хөгжих ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд тэжээгдэж, бусдын бөөрөнд хоргодсон ангаахай байхаа больж, аав, ээжийнхээ гэрээс “нисэх” ёстой. Ингэхийн тулд орон сууцтай болох ёстой. Үүнийг хийхэд төрийн бодлого чухал.
Монгол залуусын орон. Гэтэл сонгогчдын дунд залуус алга. Сонгогдсон хүмүүсийг харахад “ахмадуудын шүүлтүүрээр” тунгаагдсан улс байна. Угтаа бол Монголын төр залуусын төр байх ёстой. Ахмад үе, залуу үеийн бодлогын харилцан уялдаан дээр төрийн бодлого шийдвэрүүд гарч байх ёстой. Залуу хүн залуусаа сайхан амьдруулахын төлөө ажиллаж, ахмадууд түшиг тулгуураа үзүүлж байх ёстой шүү дээ. Гэтэл “Сонгууль” хэмээх ганцхан өдрийн ажилд хайнга хандсанаасаа болж, ихэнх залуус өөрийн гэсэн орон сууцгүй, санаа байвч дэмжлэг байхгүй гундуухан амьдарч байгаа биш гэж үү.
Залуус төрд орж байж л төрийн чихийг зөөллөнө. Залуусыг төрд оруулахын тулд бид саналаа өгөх үүрэгтэй. Залуус та бүхний санал парламент, нийслэл, дүүргийн сонгуульд тусгалаа олж байж, улс, хот маань “Залуусын” хэмээх тодотголдоо нийцнэ. Сонгуулийг орхисоор, улс орны ирээдүйг шийдэлцэх эрх мэдлийг аав, ээж, эмээ, өвөө нартаа үлдээсээр байх аваас байдал ердөө ч өөрчлөгдөхгүй. Өнгөрсөн сонгуулиуд 60-70 хувийн ирцтэй байсан. Энэ бол дэндүү бага тоо. Саналаа өгсөн иргэдийн ихэнх нь ахмад, дунд насныхан байсан гэсэн баримт залуус ямар хайнга, хариуцлагагүй байгааг харуулна. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон.
Заримдаа хүн хэвшсэн нэг зүйлээс зүгээр л татгалзчих нь дээр байдаг. Тэртэй тэргүй муу байсан учраас арай өөр сонголт хийх нь буруу биш гэдэг утгаар. “Төрийн эрх мэдэл ард түмний гарт шилждэг тэр л торгон агшныг зөв ашиглавал жинхэнэ цэвэр төрийг цогцлоох боломж бүрддэг.
Бодож явдаг нэг санаагаа энд бас хавчуулихъя. “Индиго хүүхэд дэлхийг аварна" гэсэн үгсийг дуулаагүй хүн ховор биз. "Дэлхийг аварна" гэж эртний мэргэдийн зөгнөсөн эдгээр хүүхдүүд 70-аад оноос эхлэн олноор төрөх болсон гэлцдэг. Гэхдээ, ийм хүүхэд өмнөх үеэсээ онцгой гоц ухаантай болж, урьд хожид үзэгдэж дуулдаагүй шинэ техник, технологи зохион бүтээж дэлхийг аварна гэж мэргэд зөгнөөгүй. Харин атгаг санаа, шунал тачаалаас ангид учраас тийм хүүхдүүд олонхи болоод ирэхийн цагт дэлхий аврагдана гэсэн санааг хэлсэн байдаг. Монгол Улсын Парламентын хувьд сонгуулиас сонгуульд улам залуужиж байгаа. Гэхдээ арай л удаашралтай яваад байна. Гэсэн ч сонгогчдод, тэр тусмаа 80, 90, 2000-аад оны залууст цэвэр төрийг цогцлоох боломж байсаар л байна. Эрхээ эдэлж, хожим эргэн харахад "2020 оны төмөр хулгана жилийн сонгууль жинхэнэ хувьсгал байжээ" гэж нэрлэгдтэл хариуцлагатай хандацгаая. Аль намыг дэмжих нь хамаагүй. Залуус аа, сонгуульдаа оролцож, эх орныхоо эзэн нь юм шүү гэдгээ батлаарай.
Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn