Дэлхийд

Иран: АНУ-ын үйлдэл "Монголын түрэмгийлэлтэй адил"

Хуваалцах:
Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи Ираны соёлын объектууд руу халдахаар заналхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эсэргүүцэл илэрхийлэхээр АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөх Швейцарын элчийг ням гаригт дуудан уулзсан гэж Islamic Republic News Agency  мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Ираны соёлын өвтэй холбоотой АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь олон улсын эрхзүйн хэм хэмжээтэй зөрчилдөж байгаагийн дээр цэргийн гэмт хэрэгтэй дүйнэ хэмээн Арагчи өгүүлсэн байна.
Соёлын өв рүү дайрахаар сүрдүүлж байгаа нь "Монголын түрэмгийлэл, соёлын болон түүхэн объектуудыг сүйтгэсэн алан хядагч бүлэглэлүүдийг санагдуулж байна" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Мөн Иран улс аливаа сүрдүүлгээс айхгүй, үүнд шийдэмгий хариу өгнө гэж мэдэгдсний дээр Иран улс аливаа түрэмгийлэгчийг хийсэн үйлдэлдээ харамстал нь хариу барьдаг гэдгийг түүх харуулна гэж онцолсон байна.
Түүнчлэн дэслэгч генерал Касем Сулейманийг хөнөөсний өшөөг авах эрх Ираны засгийн газар болон ард түмэнд бий хэмээжээ. Швейцарын элч Ираны эсэргүүцлийг АНУ-ын албаны этгээдүүдэд аль болох шуурхай дамжуулна хэмээн мэдэгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн сайд ийнхүү Трампад эсэргүүцэл илэрхийлэх болсон шалтгаан нь Трампын жиргээтэй холбоотой юм. Трамп Твиттер хуудсандаа "Иран Касем Сулейманий аллагын өшөөг авах үйлдэл хийвэл Ираны хувьд нэн чухал соёлын объект  руу нь довтолно" гэсэн утга бүхий мэдэгдэл нийтэлжээ.
 
Г.Бямбасүрэн
Эх сурвалж: shuud.mn 
скачать dle 12.0