Соёл урлаг

Италийн “ЛА СКАЛА” театрын удирдаач Стефано Салватори: Монголын дуурийн дуучид гайхамшигтай чадалтай хоолойтой

Хуваалцах:
УДБЭТ–ын хамт олон 2020 оны анхны тоглолтоо алдарт Пуччинийн уран бүтээл “Богема” дуурийг тайзнаа эгшиглүүлэхээр бэлтгэл ажлаа эхэлсэн. Италийн “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори Ж.Пуччини “Богема” дуурийг  удирдан тоглуулахаар энэ сарын 7-нд Монголд ирсэн юм. Түүнтэй тоглолтын бэлтгэл дундуур цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та хэд дэх  удаа манай оронд зочилж байна вэ?
-Би дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Хамгийн анх гала тоглолтод удирдаачаар уригдан ирж байсан бол дараа нь “Жизель” балатыг удирдан тоглуулж байсан. Харин анх удаа дуурийн тоглолтыг удирдан тоглуулахаар ирсэндээ маш их баяртай байна. Тэр дундаа Ж.Пуччинигийн “Богема” дуурийг удирдан тоглуулах гэж байна үнэхээр сайхан хэрэг.

-Энэ бямба гаригт   Ж.Пуччинигийн “Богема” дуурийг тайзнаа тоглоно. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Монголын уран бүтээлчидтэй ажиллахад надад маш амар, сайхан байдаг. “Богема” дуурь Итали хүмүүстээ ч хэцүү хэллэгтэй дуурьд ордог. Хөгжим нь мөн адил хүнд. Монголын дуурийн дуулаачид үнэхээр чадалтай хоолойтой. Итали хэл дээр нь тоглож байгаа. Тиймээс Монголын дуурийн дуучидтай Монголын тайзан дээр удирдаж тоглуулна гэдэг надад гайхалтай санагдаж байна. Сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Дуурийн найруулгад өөрчлөлт орж байгаа юу?
-Италид яаж тоглогддог вэ яг л түүгээр тоглоно. “Богема” дуурийн нэг гайхалтай зүйл нь хөгжмийн дуугаралт бүр утга, уянга илэрхийлдэг. Төгөлдөр хуур, босоо ятга гээд тэр бүхнийг салгаж тоглуулна гэдэг хүнд. Илэрхийлэх гэсэн утга санаагаа бүгдийг нь хөгжмөөр илэрхийлж чаддаг.

-Сонгодог урлагаас та ямар мэдрэмж авдаг вэ?
-Гайхалтай. Дуурь, балетаас би адилхан мэдрэмж авдаг. Одоо тоглох гэж байгаа “Богема” дуурь миний хувьд хамгийн хэцүү байдаг. Яагаад гэхээр сэтгэл хөдөлгөсөн элементүүд ихтэй учраас удирдахад хэцүү санагддаг дууриудын нэг. Хоёр жилийн өмнө Берлинд зургаан мянган хүний өмнө гала тоглолт удирдан тоглосон. Тэгэхэд үнэхээр гайхалтай, сайхан мэдрэмжийг авч байсан. Хөгжмийн ая эгшиг, хөг аялгуугаар бусдад утга санааг нь илэрхийлж чаддаг учраас би сонгодог урлагаас үгээр хэлшгүй мэдрэмжийг авч чаддаг.

-Хэдэн зуун жилийн түүхтэй сонгодог бүтээл өнөөг хүртэл тайзнаа амилсаар л байна. Энэ урт хугацаанд гээгдэж, орхигдолгүй өнөөг  хүртэл сор бүтээл болсны шалтгаан нууц юу вэ?
-Олон зуун жилийн түүхтэй сонгодог урлагийн бүтээлүүд найруулгын хувьд асар их хүчтэй, дээд цэгтээ тулсан байдаг. Хүчээ авч эхэлсэн нь 19 дүгээр зууны хоёрдугаар хагас 20 дугаар зууны эхэн үе юм. Хунт нуур, АЙДА гэх мэт олон сонгодог бүтээлүүдийн оргил үе одоо ч үргэлжилж байна. Хөгжмийн зохиол, хэл найруулга гээд бүх зүйл нь хамгийн сайн зохицлыг гаргаж чадсан болохоор тэр байх. Уран бүтээлч бидний хувьд үзэгчдийн анхаарал, сонирхлыг татсан шинэ бүтээл гаргахыг зорьж байгаа.

-Монголын сонгодог урлагийн хөгжил  дэлхийн сонгодог урлагийн хаана явна гэж та харж байна вэ?
-Дуурийн хувьд манай Итали орон дэлхийн хамгийн том орон зайг эзэлдэг. Балетын хувьд Франц болон Орос Чайковский гэх мэт зохиолчдын олон сайхан алдартай бүтээл байна. Монголоос гэвэл Х.Билэгжаргал гэдэг хүний зохиол надад таалагддаг. Сонгодог урлагийн хувьд 20 дугаар зуун хамгийн оргил болоод сонирхолтой үе нь. Дэлхийн бүх улс оронд сонгодог урлаг хүчээ авч эхэлсэн үе нь юм. Ямар ч улс орны дуурийн хөгжлийг дэлхийтэй харьцуулах боломжгүй. Азийн сонгодог урлаг, европын сонгодог урлаг бүгд  өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Азийн аль орон бэ гэдгээс хамаарч үндэсний хэв маягийг агуулсан байдаг. Монголын хувьд европын энэ том урлагаас суралцаад уран бүтээлчид нь өөрийнхөө хэл дээр биш цаад бүтээлийн эх хэл дээр дуулна гэдэг үнэхээр гайхамшигтай чадвар, авьяастайг харуулж байна.

С.Дуламсүрэн
Эх сурвалж: gereg.mn
скачать dle 12.0