Дэлхийд

Иран улс Украины нисэх онгоцыг сөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг баривчилжээ

Хуваалцах:
Өчигдөр Ираны засгийн газар Украины нисэх онгоцыг буудаж унагахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй хүмүүсийг баривчилсан тухай мэдээлжээ.
Үүнээс гадна Иран улс иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг унагаснаа хүлээн зөвшөөрсний дараа тус улсад гарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогч 30 хүнийг баривчилсан байна.
Эрх баригчдынхаа хариуцлагагүй үйлдэлд бухимдсан иргэд нийслэл Тегеран хотод дөрөв дэх өдрөө жагсаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Украины авиа компанийн нисэх онгоцыг алдаа гаргаж пуужингаар харвасны улмаас 176 хүн амь үрэгджээ.
Энэ явдал Ираны засгийн эрхийг сүүлийн 40 гаруй жил барьж буй Тегераны дэглэмийн хувьд томоохон сорилт болж байна.
Өчигдөр Ираны ерөнхийлөгч Хасан Рухани нисэх онгоц унагасан явдлыг “өршөөж боломгүй алдаа” гэж тодорхойлоод буруутныг олж шийтгэхээ амласан юм.
Тэрээр өнгөрсөн Бямба гарагт анх удаа алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байсан бол өчигдөр Ираны олон нийтийн бухимдлыг намжаахын тулд дахин уучлал гуйжээ.
Нэгдүгээр сарын 3-ны өдөр Ираны нөлөө бүхий генерал АНУ-ын агаарын довтолгоонд өртөж, амиа алдсаны дараа Тегераны эрх баригчид өрнөдийн орнуудтай сөргөлдөж эхэлсэн юм.
Ираны жагсагчдын дунд оюутнууд голдуу байгаа бөгөөд тус улсын шашны тэргүүн Аятолла Аль Хамениг огцрохыг шаардаж байна. Тэрээр 30 гаруй жил Ираны дээд удирдагчийн албыг хашиж байгаа юм. 
Ираны цагдаа жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг сошиал сүлжээнд тарсан дүрс, зурагнуудаас харж болохоор байна. Онгоцны осолтой холбоотой хэдэн хүнийг баривчилсан тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.

Р.Төмөр 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0