Эдийн засаг:
Аймаг, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өртөөг суурин газар, аялал жуулчлалын төв, соёлын төв гэсэн бичил орон зайгаар төлөвлөж шинэ суурьшил үүсгэх нь хотын төвлөрөлийг сааруулах, тогтмол ажлын байр бий болгох нэг гарц байж болох уу гэсэн асуултын хариултыг энэхүү нийтлэлд хөндөв. Дэлхийн олон орны суурин газрын хөгжилд галт тэрэгний үүрэг оролцоо өндөр байсныг онцлон тэмдэглэдэг.
Нийтийн зорчигч тээвэрлэлтийн хурд, техникийн аюулгүй, ая тух, шуурхай үйлчилгээ сайжирах тусам аяллын эрэлт нэмэгдэж, заримдаа онцгой үүрэгтэй болдог. Түүний нэг нь төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ юм. Төмөр замын аяллын үйлчилгээ галт тэрэгний цувааны болон аяллын замнал дагуух өртөөний үйлчилгээнээс бүрддэг аж. Зорчигчдыг хүлээсэн, тэдэнд хандсан үйлчилгээний бичил бизнес нэг л янзаар. Замын дагуух өртөөг аялал жуулчлалын суурин, өртөөний ойр орчмыг аялал жуулчлалын үзмэрүүдийг ашиглах нь нийгэм, эдийн засгийн ямар харилцаа, нөөц боломжууд төсөөллөөс цааш хэтрэхгүй байна. Төмөр замын өртөөний аж амьдрал байгаль, цаг уур, улирал үл хамааран өрнөдөг онцлог нь “өртөөний аяллын бүтээгдэхүүн”-ийг хөгжүүлэх нэг үл анзаарам үндсэлэл байж болох юм.
Зуны саруудад идэвхжсэн аялагч, жуулчдын хөл хөдөлгөөн бусад улиралд татарч амралт, аяллын зориулалттай хэдэн арван тэрбумын үндсэн хөрөнгийн үр өгөөжийг бууруулж, аялал жуулчлалыг үр ашиг багатай бизнес болгон харагдуулдаг байж болох. Үүнийг өөрчлөх шийдлийг “аялал жуулчлалын улирлыг уртасгах”, “өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” бүр сүүлдээ “өвлийн аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх” гэж үзэх бололтой.
Авто замын чанар, хүртээмж хангалтгүй, тээврийн хэрэгсэлийн ашиглалтын зардал өндөр ч мэргэжлийн загасчид, гөрөөчид, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн бизнес эрхлэгчид аялсаар л байна. Бүх нийтийн аялал татарсан цагт аялах шинэ сэдэл, сонирхолыг татах нэг шийдэл нь төмөр замын зорчигч тээвэр, өртөөг аялал жуулчлалтай уялдуулах, зохицуулахад анхаарч ажиллахыг хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт гэнэ. Өвлийн улирал аяллын урсгалыг хязгаарладаг ч төмөр замын дэд бүтцийн өнөөгийн чанар, аюулгүй байдал, суудлын галт тэрэгний ая тух, дулаан орчин, бөөнөөр тээх боломж зэргийн өвлийн аяллын давуу тал болгож харвал өөр зүйл дээр төвлөрдөг. Зөвхөн өвөл гэлтгүй зуны улиралд цөөн нэг туроператор Дархан-Сайншандын зорчигч тээврийг аяллын бүтээгдэхүүндээ багтааж, мөн үүргэвчтэй аялагчид энэ маршрутыг сонгодог ч Дархан, Сайншанд, Хамрын хийдээс хэтрэхгүй байна.
1990-2017 онд авто зам, агаарын замаар зорчигчдын тоо дөнгөж 0.9-1.0 дахин өссөн байхад төмөр замаар зорчигчдын тоо 1078 дахин (5.8-215.7 мянга) өссөн үзүүлэлт нь аяллын том урсгал гэж үзэх хангалттай үндэслэл юм. 2017 онд төмөр замын салбар үндэсний зорчигч тээврийн тэн хагасыг тээвэрлэжээ. Үүнд зорчигч тээвэрлэлтийн хурд, галт тэрэгний дулаан тасалгаа нөлөөлсөн бол энэ нь өвлийн улирлын хамаарлыг бууруулах гол хүчин зүйл байж болох талтай. Зорчигч тээвэрлэлтийн хурд аялал жуулчлалд хүчтэй нөлөөлсөн. Эрэлт, хэрэгцээ байсан учраас Дархан-УБ-ын нисдэг соната, Рейлбус бий боллоо. Газар сайгүй хурдан галт тэрэг, суман галт тэрэгний үйлчилгээ хөгжих болсон нь хүн төрөлөхтний хэрэгцээ, шаардлага гэж хүлээн авдаг.
Замын Үүдийн аялалд нэг талдаа 709 км-ийг 11-14 цаг, Улаан Үүдийн аялалд 675 км-ийг 20 гаруй цаг, Эрхүү хотын аялалд 1114 км замын 30 орчим цаг зарцуулдаг. Ихэвчлэн шөнийн унтлагын цагаар хөдөлгөөнд оролцдог нь салбарын онцлог байх. Орчин үед 700-1200 км замыг хурдны галт тэрэг 2-5 цагт туулдаг гэвэл амралтын долоо хоногын 2 өдрөөр аялал хийх цаг боломж гардаг байна. Өнөөдөр бидний нөхцөлд зорчигчийн галт тэрэгний хуваарь, галт тэрэгний зогсох цагийн хуваарь нь өртөөний бичил бизнес, аялал жуулчлалын үйлчилгээнд нөлөөлсөн хэвээр байна. Тухайлбал, Сайншандад суудлын галт тэрэг үүрээр очдог байхад цай, хоол, зочид буудлын хэрэгцээ гардаг байсан бол очих цаг хойшлсноос энэ хэрэгцээ эрс буурсан байдаг. Төмөр замын зорчигч тээвэрийг төмөр зам дагуух аяллын үзмэр, үйлчилгээтэй хослуулж аялал жуулчлалын төмөр замын бүтээгдэхүүн хөгжүүлэх хүчтэй амбиц үгүйлэгдэж байна. Төмөр замын аяллын сүлжээ, өвлийн аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэхэд УБТ-ын ХНН, “Хөгжлийн алтан гурвалжин” загвар, ТАБЭЗХА-ийн (CAREC) 4 “б” корридор, 3 улсын хамтын ажиллагааны түвшинд яригдах асуудал байж ч болох юм. Магадгүй хаа нэгтээ хоёр хөршийг холбох хурдны төмөр замын төсөл яригдаж байгаа л байх.
Елоустоуны үндэсний паркийг (АНУ) төмөр замын компанид урт хугацаагаар эзэмших эрх олгосноор хувийн хэвшил төмөр зам тавьж, улмаар аялал жуулчлалын алдартай бүс нутаг болгосон түүхтэй аж. Төмөр замын түшиглэсэн дотоодын, олон улсын аяллаар төрөлжсөн галт тэрэгний үйлчилгээ хэзээ нэгэн цагт тогтмолжих нь дамжиггүй. Тухайлбал, Багахангай- Багануурын төмөр замыг Багануурын уурхай, Ерөөгийн төмөртэйн салаа замыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Толгойт - Сонгины хайрагны хуучин төмөр замыг УБТЗ, Салхит - Эрдэнэтийн төмөр замыг ГОК, Дархан 1 - Шарын голын төмөр замыг Шарын голын нүүрсний уурхай, Сайншанд – Зүүнбаянгийн төмөр замыг Сайншанд өртөө, Баянтүмэнгийн төмөр замыг Чойбалсан сум хариуцаж аяллын бизнес хөгжүүлэх байлгүй. Дотоодын төмөр замын өртөөн аяллын сүлжээ бий болсноор онолын хувьд өртөөнүүд таталцлын цэг болох ёстой юм. Гэхдээ төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа нарийн дүрэм, журамтай, салбарын онцлогтой учраас тэр болгоныг нийтийн тээвэр шиг ойлгож болохгүй нь мэдээжийн хэрэг. Юутай ч гэсэн салбар бүрийн давуу талыг аялал жуулчлалын хөгжлийн боломж бас сорилт гэсэн өөдрөг сэтгэлээс өөр юм аялал жуулчлалынханд алга даа.
С. Бат-Эрдэнэ
ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ "УТҮГ"
ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ДОКТОР
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18