Онцлох мэдээ

Ард түмэн маань хэзээ ч хар тамхины гэмт хэргийн золиос болох учиргүй

Хуваалцах:
Одоогоос олон жилийн өмнө Эрүүл мэндийн яаман дээр хар тамхины талаар нэгэн хурал зөвлөгөөн болж билээ. Тэр хурал дээр Эрүүл мэндийн яамны хариуцлагатай албан тушаалтнаас авхуулаад цагдаа, тагнуулын ажилтнууд хүртэл оролцож байсныг миний бие тодхон санадаг юм. Уг хурал дээр Монгол улсад учирч болзошгүй хар тамхины аюул занал болоод түүнээс хэрхэн сэргийлэх арга замын талаар нарийвчлан зөвлөлдөж, эцэст нь ямар ч үр дүнгүй тарсан билээ. Тухайн үед миний бие уг хуралд оролцож байхдаа тэдгээр холбогдох албан тушаалтнуудын ярианаас монгол улсад хар тамхины аюул бодитойгоор оршин байгааг анх удаа ойлгож авсан бөгөөд гэхдээ энэ аюул занал манай улсад тийм ч бодитойгоор заналхийлэх хэмжээнд хүрэхгүй дээ хэмээн бодож суусан юм. Тэр цагаас хойш олон жил улиран өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр хар тамхины аюул манай улсад нэгэнт бодитой бий болж, энэ аюул хаалгаар ороод ирчихжээ. Саяхан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хийсэн судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тогтоогджээ.
Тэр ч бүү хэл хар тамхи гэгч энэ аймшигт хар тахал манай улсад зохион байгуулалтын хэлбэрт орж, захиалагч, зөөвөрлөгч, хүлээн авагч, борлуулагч, хэрэглэгч гэсэн “гинжин урвалд” орсон болох нь нэгэнт тодорхой болсон байна. Үүний нэг тод жишээн нь саяхан хэдхэн хоногийн өмнө хууль хяналтын ажилтнуудыг эгнээндээ нэгтгэсэн прокурор Х.Тамир, ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүний хар тамхины хэрэг бөгөөд гэмт хэрэг нийгмийн ёс бус үйлдэлтэй тэмцэх ёстой хууль хяналтын байгууллагын ажилтнууд нь хүртэл ийм асуудалд орооцолдож байгаа нь энэ хар тахалтай тэмцэхэд ихээхэн хүндрэл саад учруулах боллоо. Тэр тусмаа цагдаа, тагнуулын гүйцэтгэх ажлын арга барилыг мэдэх хүмүүс хар тамхины худалдааны сүлжээг удирдаж байгаа энэ тохиолдолд уг гэмт хэргийн хүрээ хумигдах бус харин ч бүр зах замбараагүй болж буй нь үнэхээр аймшигтай.
Хамгийн сүүлийн үеийн жишээ баримтаас дурьдхад 2018 оны эхний зургаан сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 201 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 78.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд холбогдогч 68 хүнээр буюу 51.1 хувиар нэмэгдсэн байна. Манай улс хар тамхины хоёр урсгалтай бөгөөд эдгээр нь БНХАУ болон ОХУ юм. Гэхдээ хар тамхины аюул зөвхөн эдгээр орнуудаас орж ирээд байна гэвэл томоохон эндүүрэл бөгөөд монголчууд өөрсдөө эх орондоо хорт ургамлыг тарьж ургуулдаг нь нэгэнт тодорхой болсон байна. Социализмын үед Орос цэргүүд манайд олноор орж ирж “Олс”-ны төрлийн ургамлыг хар тамхи болгон хэрэглэж байсан ба сүүлд 1960-аад оны үеэс монголчууд Ховд аймагт “Олс”-ны ургамлыг өөрсдөө тарих болжээ. Энэ байдлаас дүгнээд үзэхэд Монгол улсад хар тамхины аюул нэгэнт бодитойгоор заналхийлэх хэмжээнд хүрсэн нь тод харагдаж байгаа бөгөөд цаашид энэ цагаан тахалтай хэрхэн тэмцэх стратегаа даруйхан боловсруулахгүй бол гамшгийн хэмжээнд хүрэх цаг ойрхон байна.
Олон улсын байгууллагын 2016 онд хийсэн судалгааг харахад дэлхий даяар 300 сая хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байх бөгөөд үүнээс 30 сая нь хар тамхинд гүнзгий хамааралтай болсон байдаг гэж уг судалгаанд дурьдагдсан  байх юм. Харамсалтай нь манай улсад илэрч байгаа хар тамхины хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийхэд өсвөр насныхан энэ хэрэгт илүү ихээр холбогдох болсон нь маш их сэтгэл түгшээж байна.
Өнөөдөр хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон нь нууц биш юм.
Гуравхан сая хүнтэй, 1/3 нь залуучууд эзэлдэг манай улсын хувьд энэ бол аюулын харанга гэж хэлэхэд хилсдэхгүй. Мэдээж хар тамхинд зориуд донтуулж, ашиг олж бизнес хийж байгаа гэмт этгээдүүд өөрсдийнхөө зах зээлийг тэлэхийг эрмэлзэх нь тодорхой. Гэхдээ тэр зах зээл нь зөвхөн баян чинээлэг хүмүүсийг онилдог гэсэн үг биш, амьдралын боломж муутай залуусыг татан оролцуулах замаар дараа дараагийн гэмт хэргийн золиос болгох хандлага бий. Ялангуяа өсвөр насны охид, бүсгүйчүүдийг донтуулаад биеийг нь үнэлүүлэх, хүний наймааны золиос болгох төлөв байдал харагдаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
2017 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар өмнөх оныхоос нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байгаа юм.
Хүн эхээс төрөхдөө хэзээ ч гэмт хэрэгтэн болж төрдөггүй. Тэр утгаараа өнөөдөр монголчууд уламжлалт соёл, заншил, хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахгүй бол болохгүй болчихсон нь дээрх тоо баримтаас тодорхой харагдаж байна.  Ерөөсөө сүүлийн 25 жилийн хугацаанд монгол айл гэр бүлийн зөнд нь хаясан зүйлийн нэг бол энэ мөнөөсөө мөн гэж хэлэхэд огтхон ч хилсдэхгүй ба үргэлж л хүний эрх, эрх чөлөө ярьсаар хүүхдээ зөв, сахилгатай хүн болгох асуудлаа урсгалд нь хаясан нь бодит үнэн билээ. Аминч үзэл, хувиа бодсон байдалд дулдуйдсан ийм нийгэмд мэдээж эрүүл саруул зүйл байх ямар ч боломжгүй. Дээвэр муутай байшинд дусаал гоожих нь ихтэй адил дэггүй хүүхэд дэл сул хоронд автах нь түргэн бөгөөд амархан. Тиймдээ ч манай ардын зүйр үгэнд “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан үг байдаг. Өнөөдөр монголчууд бидэнд  үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж буйд анхаарахаас эхлээд ерөөсөө эцэг, эхийн зөв хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хаа сайгүй түгээх шаардлага нэн даруй хэрэгтэй байна. Мэдэж утаандаа угаартаад, уур хилэндээ живсэн ийм нийгмээс гэрэл гэгээ цацрахгүй нь тодорхой учраас монголын ард түмэн хэчнээн ядуу ч гэсэн дэлхий нийтээрээ “цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхины гэмт хэргийн золиос болох учиргүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.

Ж.Батдорж
скачать dle 12.0