Нийгэм

Дэлхий нийтийг түгшээж, Монголчуудыг айлгасан коронавирус

Хуваалцах:
Төр засаг чадамжгүй, ард түмэн хэнэггүй байна

Хятадад гарсан шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн байж болзошгүй хэд хэдэн тохиолдол манай улсад бүртгэгдсэн талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Азаар сэжигтэй гэж бүртгэгдсэн хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэсэн ч манай урд хөрш шинэ төрлийн короновирусийн голомт, харин хойд хөршид уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь аюулын дохио.  Дэлхий  дахиныг айдаст автуулаад байгаа уг вирусээр халдварласан иргэнийг хилээр оруулж ирэхгүй байх, халдвар авсан эсэхийг хэрхэн шалгаж, оношилж байгааг  сурвалжиллаа. 

ГОЛОМТЫН БҮС НУТГААС АГААРЫН ХӨЛГӨӨР МАНАЙ УЛСАД ӨДӨРТ 650-800 ЗОРЧИГЧ ИРЖ БАЙНА

15.00 цаг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд нөхцөл байдал ямар байгаатай танилцахаар ирэв. Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсанаас хойш манай улсад  голомтын бүс нутгуудаас агаарын 75 хөлгөөр 10282 хүн иржээ. Тухайлбал, Бээжин, Хонконг, Хөх хот, Эрээн, Манжуур зэрэг газраас дээрх тооны иргэд ирсэн аж. Голомтын бүс нутгаас ирж байгаа зорчигчийг термокамерын хяналтан дор хилээр  нэвтрүүлдаг аж. Түүнчлэн 14 асуулт бүхий эрүүл мэндийн тодорхойлох хуудас бөглүүлэхэд 97 зорчигч 1-2, 23 иргэн гурван асуултад тийм гэдэг хариулт өгчээ.

Энэ нь “Миний бие ямар нэгэн зовиуртай байна” гэсэн хариулт аж. Санал асуулгад оролцсон 10282 хүнээс сэжигтэй 94 хүнд зөвлөгөө өгч, хил нэвтрүүлсэн бол 23 хүнийг тусгаарлаж, дөрвөн зорчигчийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгчээ. ХӨСҮТ-д хүргэгдсэн дөрвөн иргэн нь томуу, томуу төст өвчний Риновирус, Эрговирус, H3N9, Адиновирусээр өвчилсөн нь батлагджээ.
Эдгээр вирус нь манай улсын томуугийн эргэлтэд байгаа аж. Биднийг очиход нисэх онгоцны буудлын хүлээн авах танхимд насанд хүрсэн 100 гаруй хүн, 0-5 насны  20-30 орчим хүүхэд байлаа. Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн хэрнээ амны хаалт зүүгээгүй алхах олон ээж байв. Уг газар бол вирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүс гэдгийг хүн бүр мэддэг баймаар. 

“БУЯНТ-УХАА” БООМТООР ИРСЭН ЗОРЧИГЧДЫГ ГУРВАН ТЕРМОКАМЕРААР ХЯНАДАГ

“Буянт-Ухаа” боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба хэрхэн ажиллаж байгаа талаар тус албаны дарга Б.Отгонцэцэгээс тодруулахад “Нэгдүгээр сарын 7-ноос манай хяналтын алба бэлэн байдалд шилжиж, хяналт шалгалтаа чангатган ажиллаж байна. Энэ өвчнийг бид Монгол Улсын агаарын хилээр хэрхэн оруулж ирэхгүй байх вэ гэж тандалт, судалгааны ажлыг эхлүүлээд 22 хонож байна.
“Буянт-Ухаа” боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанд 92 улсын байцаагч долоон чиглэлээр хяналт хийдэг. Үүний 19 байцаагч нь одоогийн байдлаар эрүүл ахуйн чиглэлээр дөрвөн ээлж болон зорчигчдийг хянаж, шалгаж байгаа. Ингэхдээ хоёр байцаагч онгоцонд, хоёр нь термокамераар хяналт ажиглалт хийдэг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал гурван термокамертай. Уг камерт 38 хэмээс дээш халуунтай гэж бүртгэгдсэн зорчигчдыг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл мэндийн байцаагч нар гар термокамер болон мөнгөн устай халуун хэмжигчээр халууныг дахин нягталж хэмждэг.
Сэжигтэй гэж бүртгэгдсэн зорчигч гурван удаагийн шат дамжлагаар биеийн байдлаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд тусгаарлах өрөөнд орно. Тусгаарлах өрөө нь хоёр ортой бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх бүх багаж хэрэгслийг бэлтгэсэн. Хэдийгээр бид гурван термокамертай хяналт хийж байгаа ч уг камер арван жил болж байгаа учраас ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Термокамераа ойрын хугацаанд шинэчилбэл, бусад тоног төхөөрөмжийн хувьд асуудалгүй. Бид бэлэн байдалд ажиллаж байгаа” гэв.

“Буянт-Ухаа” боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуйн улсын байцаагч Б.Жаргал “Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн байцаагч нар халдварт өвчнөөр өвчилсөн сэжиг бүхий өвчтөнтэй харьцахдаа хамгаалалтын цув, маск, бээлий, гутал, нүдний шил, саравч гээд шаардлагатай бүгдийг өмсдөг. Бид БНХАУ-аас ирж байгаа бүх зорчигчдид тандалт хийж байна.
Тандалт гэдэгт ирж байгаа зорчигчдоос эрүүл мэндийн санал асуулга авах. Үүнд тухайн зорчигч аль улсаас ирсэн, голомттой бүс нутгаар аялсан эсэх, хэдэн настай гэх мэт хувийн мэдээллийг нь асууна. Гэхдээ халуурсан болгон шинэ төрлийн коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэсэн үг биш. Монголоос яваад удахгүй ирж байгаа, явахдаа ханиадтай байсан иргэдийг бид бүртгэлд хамруулж, дахин үздэг.
Томуугийн дэгдэлтийн үе болохоор халуурсан, ханиаж, бие нь сульдсан хүн олон бий. ДЭМБ-аас нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд солих, 95 хувиас дээш шүүлтүүртэй маск зүүхийг санал болгож байгаа. Нүүрсэн шүүлтүүртэй болон даавуун маск зүүхийг зөвшөөрөхгүй байгаа. Бид агаарын хөлгөөр үйлчлүүлж байгаа зорчигчдод амны хаалт хэрэглэх болон бусад шаардлагатай зөвлөмжийг цаг алдалгүй хүргэж байна” хэмээв. Албаныхан шаардлага тавьж ажиллаж байгаа ч иргэд амны хаалтгүй, гар ариутгагч бодисгүй нисэх буудлын танхимаар алхаж байгаа нь тодхон харагдаж байлаа. 

ДЭМБ-ААС САНАЛ БОЛГОСОН 95 ХУВИЙН ШҮҮЛТҮҮРТЭЙ МАСК ОЛДОХГҮЙ БАЙНА

Амны хаалтны эрэлт ихэссэн энэ үед бид хэд хэдэн эмийн сангаар орж, маскны үнэ болон нөөцийн талаар асуулаа. Иргэд ихэвчлэн нэг удаагийн амны хаалтыг асууж, хэрэглэх гэж зорьж байгаа аж. Түүнчлэн хоёр цаг тутамд солих ёстой маскийг бүтэн өдөржин зүүх тохиолдол элбэг байдаг гэнэ. Нэг удаагийн амны хаалт нь 200-300 төгрөгийн үнэтэй бол 95 хувийн шүүлтүүртэй маск нь 4500-13000 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. “Ардын эрх”-ийн ойролцоох “Уран” 24 цагийн эмийн сангийн эм зүйч Б.Болормаа “Нэг удаагийн амны хаалт маш их эрэлттэй байна.
Мөн шүүлтүүр сайтай, хошуутай маск авах хүн ч олон байгаа. Манай эмийн санд 95 хувиас дээш шүүлтүүртэй маск одоогоор дуусчихсан байна. Гурав хоногийн өмнөөс амны хаалтны эрэлт ихэссэн. Хажуугийн эмийн санд ч иргэдийн асуугаад байгаа хошуутай маск дууссан” гэлээ. Түүнчлэн гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад амны хаалтны эрэлт үүсчээ.
Иргэд маск, гар ариутгагч бодис, эмнэлгийн спирт зэргийг худалдан авах нь ихэссэн талаар эм зүйч нар ярьж байна. Амны хаалтны хомсдолд орох хэмжээнд очсон ч манайханы туйлбаргүй зан энэ вирустэй тэмцэлдэж чадахгүй бололтой. Олон хүн суусан автобусанд явж байгаа хэрнээ ам, хамраа таглахгүй ханиах, амны хаалт зүүгээгүй гэх мэт хэнэггүй зан бидэнд байсаар. Амны хаалт эмийн санд дуусах гэж байна гэсэн сургаар хэд хэдийг авч халааслаад алхах нь хэнд хэрэгтэй гэж вэ. 

БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТООС  12 ЗОРЧИГЧ ИРЖЭЭ

Хятадын сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан хил залгаа автозамын боомтуудыг энэ сарын 25-27-ныг хүртэл хаагаад байгаа. Ийм учраас Эрээн болон бусад хотоос ирэх зорчигчдын тоо буурсан аж. Зөвхөн олон улсын чиглэлийн гал тэрэг явж байгаа аж. Өчигдрийн байдлаар Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр 12 зорчигч манай улсад иржээ. Төмөр зам дахь мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн улсын байцаагч Б.Амаржаргал “Голомтын бүсээс ирж байгаа зорчигчдод тандалт судалгаа хийж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тухайлбал, Эрээнээс ирж байгаа зорчигч өндөр халуурч, сэжигтэй байвал вагон дотор явж байгаа эмч нар тусгаарлаж, ХӨСҮТ-ийн эмч нар ирж авах зохицуулалттай ажиллаж байна. БНХАУ-ын цагаан сар болж, хил хаасантай холбоотойгоор Эрээн хотоос ирэх зорчигчдын тоо багассан. Өнөөдөр (өчигдөр) өглөөний вагонаар гэхэд 12 зорчигч ирсэн. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй, зорчигчдын биеийн байдал зүгээр. Энэ вирусийн халдварын тархалт бүрэн зогстол манай байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана” гэсэн юм. 
Өнгөрсөн пүрэв гарагт Дундговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-ын  хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай байж болзошгүй тохиолдол илэрсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар тус аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Ж.Үүрцайх “Тухайн хоёр иргэнийг баасан гарагт нутагт нь буцаасан. Шинжилгээний хариу сөрөг гарсан учраас шинэ төрлийн коронавирус биш болох нь тогтоогдсон. Тухайн эмэгтэй манай улсад докторын чиглэлээр суралцдаг байсан юм билээ. Хүүхэдтэйгээ цуг манай улсад 3-4 жил амьдарч байгаа  бөгөөд амралтаараа Шилийн гол аймаг руу очоод ирсэн гэсэн. Одоогийн байдлаар манай суманд нөхцөл байдал тайван байна” гэв. 

УХАНЬ ХОТОД МОНГОЛ УЛСЫН 30 ОЮУТАН, НЭГ ХҮҮХЭД ЭРСДЛИЙН БҮСЭД БАЙНА

БНХАУ-ын Ухань хотын Төв хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Р.Болорцэцэгээс нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр нөхөр, хүүхдийн хамт одоо Ухань хотод хөл хорионд  ороод байгаа юм. Монгол Улсын 487 иргэн Хятдад байгаагаас 31 нь шинэ төрлийн коронавирусийн голомт Ухань хотод байгаа.  

-Ухань хотод Монголоос хэдэн оюутан сурдаг вэ. Одоогийн байдлаар наана чинь хэдэн монгол хүн байгаа вэ?

-Монгол Улсын 253 оюутан Ухань хотод сурдаг гэсэн мэдээлэл бий. Үүнээс хичээлийн эхний жилийн хагаст 204 оюутан сурч, 174 нь хичээл нь амраад Монгол руу буцсан юм билээ. Харин 30 оюутан дипломын ажил, дадлага хийнэ гэдэг шалтгаанаар энд үлдсэн байсан. Миний хувьд энд өнгөрсөн есдүгээр сард нөхөр, хүүхдийн хамт ирсэн. Үндсэндээ энд 30 монгол оюутан, нэг хүүхэд хөл хорионд ороод байна.

-Нөхцөл байдал ямар байна вэ?

-Нөхцөл байдал маш хүнд байна. Хөл хорио тогтоочихсон. Өглөө босоод ирэхэд л халдвар авсан өвчтний тоо ихсэж байгааг харах үнэхээр аймшигтай байна. Оюутны байранд хүүхэдтэй хүн амьдрахыг хориглодог болохоор бид гэр бүлээрээ байр түрээсэлж амьдардаг. Хүүхэд маань одоо ой зургаан сартай. Энд сурдаг монгол оюутнууд өөр өөрийн байрандаа байгаа. 

-Сургууль нь амарчихсан байсан уу. Амралтаараа ирэх төлөвлөгөө байгаагүй юу?

-Амарчихсан байсан. Энэ жил төгсөх дамжаа болохоор нааш, цаашаа явж хугацаа алдалгүй эндээ дипломын ажлаа бичихээр шийдээд байсан юм. Ийм аймаар юм болно гэж бодоогүй. Нэгдүгээр сарын 22-ноос вирусийн дэгдэлт хүндрэх шинжтэй болохоор сандраад 23-нд явах шийд гаргасан. Унтаад босоод ирсэн чинь хотод хөл хорио тогтоож, тээвэр зогссон байсан. Амралтаараа гэртээ хариагүйдээ маш их харамсаж байна.
Нөхөр, хүү хоёртойгоо байгаа болохоор явах тухай бодоогүй. Хүүдээ маш их санаа зовж байна. Хүүгээ энгэртээ нуугаад ч болов эндээс явмаар. Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ энэ хэцүү орчноос холдуулахыг хүсэж байна. Хэдийгээр бидний биеийн байдал сайн байгаа ч сэтгэл санаа тогтворгүй, хүнд байгаа. Энд эмийн сангуудаар амны хаалт дуусчихсан, арга буюу хамгийн цэвэрхэн гэсэн даавуугаар маск өөрөө оёж, хэрэглэж байгаа.

-Монгол оюутнуудын биеийн байдал хэвийн байгаа юу?
-Бүх хүний биеийн байдал сайн байгаа. Бид гэрээсээ гаралгүй долоо хонож байна. Долоо хоногийн өмнө гэрээсээ гарч хүнсээ бэлтгэсэн. Энд хүнсний захууд өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон. Хүнс, ахуйн хэрэгцээ удахгүй дуусна.

-Бусад орнууд оюутнуудаа татаад авчихсан уу?

-Үгүй. Бүгд хэрхэн яаж татаж авах талаар хэлэлцэж байгаа. Бүх улсын оюутнууд хөл хорионд ороод байгаа.

УХАНЬ ХОТОД БАЙГАА ОЮУТНУУДЫГ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХ АРГЫГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

Засгийн газрын ням гарагийн ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах талаар хэлэлцлээ. Уг ажлыг БНХАУ-ын талтай хамтран зохион байгуулах үүргийг Шадар сайд болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт үүрэг болголоо. Хуралдааны үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “Ухань хотод Монголын 31 иргэн байгаа. Хориг тавьсан учраас БНХАУ-ын талтай эхлээд зөвшилцөнө. Бид ямар ч гэсэн иргэдээ авчирна гэсэн байр суурьтай байна. Онгоц явуулж таарах байх. Энэ асуудал маргааш (өнөөдөр) тодорхой болно” гэлээ. 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООЛОО

Өнгөрсөн баасан гарагт улс даяар ЕБС, цэцэрлэгүүдийг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг мөн ирэх гуравдугаар сарын 2 хүртэл хаах шийдвэр гаргалаа. Засгийн газар ээлжит бус хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авах тухай хэлэлцэж, ийм шийдвэрт хүрсэн юм.
Оюутан, сурагчдыг сар гаруйн хугацаанд амраасантай холбогдуулан 2020 оны гурав, дөрөв, тавдугаар сарын хагас сайн өдөр буюу бямба гарагт хичээллүүлэхээр боллоо. Түүнчлэн  олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байгаа юм.  

Д.САРАНГЭРЭЛ: ЯПОН УЛСААС ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙН ТУРШИЛТЫН ОНОШЛУУРЫГ МАРГААШ АВНА

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийт 19 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Монгол Улс гурав дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийхэд  өндөр эрсдэлтэй гэж гарсан учраас урьдчилан сэргийлж, ажиллаж байна. Манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв дэлхийн 120 орны лабораторийн сүлжээнд ордог, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторитой. 21 төрлийн вирусийг илрүүлэх чадвартай.
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Элдэв худал мэдээлэл, тарааж ард түмнээ битгий төөрөгдүүлээч гэж нийт иргэдээсээ хүсэж байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээ, мэдээллийг үзэхийг уриалж байна.  
Ирэх долоо хоногийн мягмар гаригаас Япон Улсаас шинэ төрлийн коронавирусийг оношлох оношлуурыг авна. Бид мэдээлэл технологийн газартай хамтран ажиллаж байна. Үүрэн телефоны оператораар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байгаа” гэлээ. Хэдийгээр манай улсад коронавирусийн халдвар тээгч  бүртгэгдээгүй ч халдвартай нэгэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь одоогоор манай улсад коронавирус илрүүлэх тоног төхөөрөмж байхгүй. 

МАНАЙ УЛСАД ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУС БҮРТГЭГДЭЭГҮЙ ГЭВ

Өнгөрсөн долоо хоногт Бээжингээс Москва хотын чиглэлд  зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Монголын талд дуулгасан билээ. Тухайн өвчтөнтэй хамт зорчиж явсан 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Үүнээс нэг иргэнийг халдвар авсан байж болзошгүй талаар мэдээлж буй.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Манайд тусгаарласан нэг хүний биеийн байдал хэвийн байна. Эрүүл хүн, хавьтал гэж тусгаарласан. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж ярьдаг шинэ халдвар гарах, цас зуд болох гэхчлэн гэнэтийн тохиолдолд улсын хэмжээний мэргэжлийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай Шадар сайдын журам бий. Журмын дагуу энэ сарын 6-наас энэхүү өвчин Монголд орж ирэх талаар үнэлгээ хийхэд “дунд” эрсдэлтэй гэж гарсан.
Журамд идэвхжлийн нэгдүгээр зэргээр ажиллана гэж заасан. Үүний дагуу Хилийн мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн төв байгууллага идэвхжлийн горимоор ажиллаж байна. Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг аль болох гаргахгүй байх, бууруулах талаар ажиллах ёстой байдаг. Иймээс хилийн нэвтрэх цэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Улирлын томуу явж байгаа учраас онгоцонд халуурсан, ханиасан, хатгалгаатай орж ирсэн хүнийг ХӨСҮТ-д  шинжилгээ хийлээ.

Ингэхэд улирлын томуугийн вирус, амьсгалын замын цочмог хүнд халдварын вирус илэрч, томуугийн вирусээр үүсгэгдсэн ханиад нь хүндэрч хатгалгаа болохыг тогтоон, эмчлээд гаргасан.  Манай улсын хувьд шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь хамгийн зөв алхам юм” хэмээв. Түүнчлэн  одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол манай улсад бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
“Баянзүрх дүүргийн эмнэлэгт шинэ коронавирус илэрч, хөл хорио тогтоосон”, “Интермед” эмнэлэгт нэг хүнийг ХӨСҮТ рүү зөөж, олны анхаарал татахаас зайлсхийж, тусгаарлаж  байна” гэх утгатай мэдээлэл цахим хуудаснаа тархсан. Бид энэ талаар Эрүүл мэндийн яам болон “Интермед” эмнэлгээс тодруулахад “Интермед” эмнэлэгт хэвтсэн хоёр хүнд томуугийн А хүрээний вирус илэрсэн учраас онош үгүйсгэгдэж, эмнэлгээс ХӨСҮТрүү шилжүүлсэн.
Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл ЭМЯ шууд зарлана. Олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.

КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТ ДЭЛХИЙД

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар  2052 хүн өвчилж, 56 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайвань, Франц, Сингапурт гурав, Хонконг, Тайландад тав, Австралид нэг, Макао, Япон, БНСУ, Вьетнам, АНУ, Непалд тус тус хоёр хүн өвчилжээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 26-ны 08:50 цагийн байдлаар Хятад Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барж, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Түүнчлэн БНХАУ-ын Өвөрмонгол, Шилийн голд нэг, Манжуурт хоёр, Эрээнд дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. 

КОРОНАВИРУСИЙГ ХАНИАД, ТОМУУНААС ХЭРХЭН ЯЛГАЖ МЭДЭХ ВЭ

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтдийн баг коронавирусийн шинэ төрлөөр үүсгэгддэг өвчний талаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ, судалгаа хийсээр байгаа юм. Тэдний судалгааны тайлан “New England Medicine” сэтгүүлд нийтлэгджээ. Судалгаанд дурдсанаар,  коронавирусийн шинэ төрлөөр халдварласан эсэхийг одоогоор электрон микроскоп ашиглан генетик кодоор нь тогтоох боломжтой аж. Учир нь, эрдэмтэд шинэ төрлийн вирусийн генетик кодыг хэдийн тодорхойлоод байгаа юм. Генетик код тодорхой болсноор вирусийн эсрэг вакцин гаргаж авахаас гадна, вирусийг богино хугацаанд илрүүлэхэд дөхөм болоод байгаа аж.

ВИРУСИЙН ХЭРХЭН ТАРХДАГ ВЭ

Вирус амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварладаг болох нь нэгэнт тодорхой болсон. Одоогоор судлаачид агаар дуслаас гадна өөр ямар замаар дамждаг эсэхийг судалж байна. Вирус тархаж эхэлсэн Ухань хотын эрх баригчид халдвар авсан хүмүүст зориулж, 1000 ортой эмнэлэг барьж байгаа бөгөөд ирэх сарын 3-нд албан ёсоор ашиглалтад оруулахыг үүрэг болгоод байгаа юм.

ХАЛДВАР АВСАН ТОХИОЛДОЛД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ

Коронавирусийн шинэ төрлөөр үүсгэгдсэн өвчний үед  урьд өмнө нь дэгдэж байсан коронавирусийн шинж тэмдгүүдтэй ижил шинж илэрч байгаа аж. Одоогоор дараах шинж тэмдэг илэрч байна.
-Халуурах
-Биеийн температур нэмэгдэх
-Хуурай ханиалгах
-Сульдах
-Булчин өвдөх
-Толгой өвдөх
-Зарим тохиолдолд цусаар ханиах
-Суулгах
Түүнчлэн халдвар авсан хүмүүсийн 41 орчим хувийнх нь уушги устсан байжээ.

ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭ

Одоогоор вирусийн эсрэг вакцин, тогтсон эмчилгээ алга байна. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирал Майк Райан өнгөрсөн пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ “Эрүүл мэндийн ажилтнууд илэрч буй шинж тэмдгүүдийг бууруулах, амьсгалын замын болон олон эрхтэний тогтолцоог дэмжих эмчилгээ хийж байна” гэдгийг онцолсон.  CNN-ийн мэдээлснээр АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид вакцин гаргаж авахаар боловсруулж байгаа бөгөөд хугацаа шаардагдахаар байгаа аж.

ВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ

ДЭМБ-аас цаг, минут тутамд вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасаар байгаа билээ. Үүнээс гадна  АНУ-ын Төрийн департментаас аяллын талаар зөвлөмж гаргаж, хүмүүсийг төлөвлөсөн аялалаа хойшлуулах, шаардлагагүй тохиолдолд дэлхийн бусад улс руу аялахгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: https://www.cnet.com

Дэлхийн нийтийг түгшээж, монголчуудыг айлгасан коронавирус эх орны минь хаалганы цаана, хаяанд байгаа гэхэд хилсдэхгүй. Хэрэв энэ вирусийн халдвар манай улсад тархах юм бол бид аюулд орно. Манайх шиг томуугийн вирустэйгээ “дайтаад” ч дийлдэггүй улс хэцүү нөхцөлд шилжинэ. Ийм учраас иргэд та бүхэн үхлийн аюулаас эх орноо, элгэн саднаа хамгаалаарай. 

Ч.Чанцалдулам
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0