Эдийн засаг:
СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн С.Мөнхтуяатай архинд донтох эмгэгийн болон түүний хор уршгийн талаар ярилцлаа.
-Сүүлийн үед архинд донтох эмгэгт эрэгтэй, эмэгтэйгүй өртөх боллоо. Үүний шалгаан юу вэ?
-Дэлхий дээр жилд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн 3.3 сая хүн нас барьж байна. Монгол Улсын хувьд 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээр тархалтын судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаанд хот, хөдөөгийн 18-65 насны арван мянган хүмүүсийг хамруулсан. Тус судалгаагаар архинд донтох эмгэг 6.2 хувьтай гарсан. Энэ нь 1984-1994 оны тоо баримттай харьцуулахад энэ төрлийн эмгэг 30.5 дахин нэмэгдсэн гэсэн дүн гарсан. Мөн эмэгтэйчүүдийн архины хэрэглээ 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Архинд донтох эмгэгийн үүсэх гол шалтгаан нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй шууд холбоотой. Мөн удамшил болон нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Найз нөхдөөс шалтгаалан 70-80 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэж, архинд донтох эмгэгтэй болдог гэсэн судалгаа байдаг. Мөн хүмүүжлийн нөлөө маш их байна. Манай улсын хувьд баяр ёслолын маш их болдог учир эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэх явдал гардаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлж тухайн хүүхэд архи, согтууруулах ундааг хэрэглэхэд нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн хувьд архи уудаг нөхөр болон найз нөхдөөсөө хамаараад архинд донтох эмгэгт илүү их өртөж байна. Нийгмийн хувьд гэвэл иргэд маань аливаа баяр ёслолыг заавал архи, согтууруулах ундааг оролцуулж тэмдэглэж байгаагаас үүдэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал гарч байна. Хэдий чинээ архи, согтууруулах ундааны зүйлийг эрт хэрэглэнэ төдий чинээ маш хурдан архинд донтох эмгэгтэй болдог.
-Архи согтууруулах ундааг эрт хэрэглэнэ төдий чинээ хурдан архинд донтох эмгэгтэй болдог гэлээ. Тэгвэл сүүлийн үед өсвөр үеийнхэн болон залуус маань архи, согтууруулах ундааны төрлийн зүйлсийг хэрэглэх болсон. Энэ нь тэдний хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа вэ?
-Манай өсвөр үеийнхний дунд 10-15 насандаа архи, согтууруулах ундааны зүйлийг сонирхлын журмаар амсаж хэрэглэх тохиолдол гардаг. Энэ байдал нь тэднийг архинд донтох эмгэг тусах нь маш хурдан нөлөөлдөг. Яагаад гэвэл өсвөр үеийн хүүхдүүдийн төв мэдрэлийн систем нь бүрэн гүйцэд хөгжөөгүй, хорыг эсэргүүцэх чадвар муу байдаг учраас архинд донтох эмгэгт маш хурдан өртдөг. Зарим залуус 19, 21 настай боловч архинд донтох эмгэгт өртчихсөн байх магадлал их өндөр байдаг. Мөн архи, согтууруулах ундааны төрөл юу юу ордгийг манай өсвөр үеийнхэн мэдэхгүй байна. Үүнд хоёр хувиас дээш алкоголь агуулсан бүх төрлийн зүйлс согтууруулах ундааны төрөлд ордог. Намрын айраг гэхэд л 23 хувийн алкоголь агуулсан байдаг. Архи согтууруулах ундааны зүйлд хэзээ ч витамин, эрдэс байдаггүй. Харин калори байдаг. Калори нь хүний дотор эд эрхтэнг өөхлүүлэхэд гол нөлөө үзүүлдэг. Хүмүүс залуухан хүүхэд юм, архинд донтох эмгэгт арай л хүрчихгүй байх гэж бодоод газар авахуулаад өвчнийг нь хүндрүүлчихдэг. Хүмүүс хэзээ эмнэлэгт ирдэг гэхээр бүр хожимдсон хойно л ирдэг байх юм. Энэ нь хамгийн аюултай. Хавдрыг өвдөлт эхлээд, хоол орохоо болиод ирэхээр л эмчид ханддаг шиг архинд донтох эмгэг бүр илт мэдрэгдчихсэн байх үед л гэр бүлийнхэн нь тусламж авах гээд ирдэг.
-Өвчин бүр тодорхой үе шатуудтай байдаг. Тэгвэл архинд донтох өвчний эхэн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Архинд донтох эмгэг тодорхой үе шаттай байдаг. Үүний хамгийн эхний үе шат бол архийг хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Ер нь архинд донтох эмгэгт архийг хэтрүүлэн хэрэглэх, архийг хортойгоор хэрэглэх, аюултай хэрэглээ гэсэн шат дамжиж хүрдэг. Манай Монголын насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг. Нөгөөтээгүүр, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүйгээс 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилж байна. Гэтэл хэт эрт архи согтууруулах ундааны зүйл амсах нь төв мэдрэлийн системийн хорыг эсэргүүцэх чанарыг сулруулдаг тул ганцхан сарын дотор архинд донтох магадлалтай. Мөн өндөр настай, хөхүүл, жирэмсэн, архаг хууч өвчтэй хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод архинд донтох эмгэгт хүрэх нь элбэг байдаг. Тэд нэг хундага архинаас ч холуур явах ёстой.
-Монголчууд айраг их хэмжээгээр уудаг. Энэ нь архинд донтох эмгэгт нөлөөлөх үү?
-Монголчууд айргийг согтууруулах ундаанд тооцдоггүй нь аюултай. Дээр хэлсэнчлэн намрын айраг 23 хувийн алкогольтой байдаг. Үүнийг 500 мл-ээс хэтрэхгүй хэрэглэх ёстой байтал хүмүүс хэдэн хулаар нь уудаг. Зарим орон нутагт хоол ундаа идэхгүй, цайгаа ч чанаж уулгүй байнгын хэрэглээ болгож шууд уудаг, айрагны хамааралтай хүмүүс их бий. Үүнийг бидний дагаж мөрддөг олон улсын өвчний 10 дугаар ангилалд айрагны хамааралтай гэх биш архинд донтох эмгэгтэй гэж авч үздэг. Тиймээс хүмүүс жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт ордог шигээ архи согтууруулах ундааг хэрэглэх төвшин тань ямар байна вэ гэдгээ сорил хийлгэж мэдэж авах хэрэгтэй.
-Архинд донтох эмгэгийн шинж тэмдгүүдийг та дурдахгүй юу?
-Архинд донтох эмгэг хүндрээд ирэхээрээ үгүйсгэх шинж тэмдэг илэрдэг. Өвчнөө үгүйсгэсэн 53 төрлийн зөвтгөл гэж байдаг. Тухайлбал, анагаахын шинжлэх ухаанд үндэслэж үгүйсгэх. Архи элгэнд сайн, архинаас гэнэт гарвал элэг хатуурна гэх мэт. Зарим нь зайлшгүй шалтгаанаар уусан, арван жилийн найзтайгаа уулзсан юм чинь уухгүй яах вэ гэх мэтээр өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Зарим нь дайрч давшилдаг. Намайг архичин гэвэл бусад бүх хүмүүсийг ч архичин гэнэ гэх мэтээр өвчнөө үгүйсгэх шинж тэмдгээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан төрхөд өөрчлөлт орж, уур бухимдалтай болж, юмыг өөнтөгч хардаг болж байна. Мөн бие махбодын хараат байдал үүсдэг. Энэ нь нэг хоног уудаг байснаа үргэлжилсэн уулт гарах эсвэл уултаа зогсоосны дараа биед нь таагүй байдал үүсч хараат байдал бий болдог. Тухайлбал, толгой өвдөх, хоолонд дургүй болох цаашлаад уналт, таталт, сэтгэцийн өөрчлөлт, солиорол үүснэ. Архинд донтох эмгэг зөвхөн хувь хүний өвчин биш гэр бүл, нийгмийн өвчих байгаа юм. Архинд донтох эмгэгтэй хүнтэй хоёроос дээш жил амьдарсан гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь архинд донтох эмгэгийн давхар хамааралтай өвчин үүссэн байна гэж үздэг. Нэг архинд донтох эмгэгтэй хүний ойрын хүрээний 50 хүн, холын хүрээний 150 хүн дагаж өвддөг гэж үздэг. Тухайлбал, өвлийн хүйтэнд донтох эмгэгтэй хүн осгох, хөлдөх тохиолдол гарвал тухайн гэр бүлийн гишүүн дагаж санаа зовдог. Ингэснээрээ тухайн хүн нойргүйдэж, стресстэж, зүрх нь өвдөж, бухимдаж эхэлдэг үүнийг давхар хамаарал гэж байгаа юм.
-Архи хэтрүүлэн хэрэглэснээр ямар ямар өвчлөлийг үүсгэдэг вэ?
-Архинд донтох эмгэгтэй хүмүүс хавсарсан эмгэгүүдтэй байдаг. 60 гаруй эмгэгүүдийг үүсгэдэг. Жишээ нь архины шалтгаант элэгний үрэвсэл, зүрхний өөхлөлт, зүрхний хэм алдагдал, цусны даралт ихэсдэг. Мөн хоол боловсруулах эрхтэй системтэй холбоотой бүх эмгэгүүдийг үүсдэг.
-Үгүйсгэх шинж тэмдэг зөвхөн архинд донтсон хүмүүст л илрэх үү?
-Архинд донтох эмгэг ерөөсөө зан үйл, зуршлын өвчин. Архи согтууруулах ундааны зүйл хүнд хэрэгцээтэй витамин, уураг, эрдэс давс байдаггүй, харин илчлэг ихтэй эслэг зүйл. Энэ нь хүний биед өөх хуримтлуулах процесс л юм. Тэр нь эцэстээ биеэс нүүрсхүчлийн хий, ус болж гарч байгаа юм. Тэгэхээр залуус үүнийг сайн бодох хэрэгтэй. Нөгөөтээгүүр, яг юуг согтууруулах ундаа вэ гэдгийг сайн ойлгодоггүй, бүх л баяр ёслолыг тэмдэглэх ёстой мэтээр ойлгочихсон, спирт халууцуулдаг, сэргээдэг гэх мэт ам дамжсан буруу ярианаас шалтгаалж зохисгүй хэрэглээ үүсэх нь бий. Тухайлбал, шар айргийг согтууруулах ундаа гэж ойлгохоосоо илүүтэй нэг соёл гэж ойлгоод байна. Намар болохоор томоохон цэгүүдэд амталгаа нэрийдлээр шар айргаар үнэгүй дайлах ч тохиолдол байна. Иймэрхүү буруу ташаа ойлголт, зар сурталчилгаа нэрмээс болдог. Зурагтаар ч орой 10 цагаас хойш хатуулаг багатай согтууруулах ундааг хүний арааны шүлсийг гоожтол сурталчилж байна. Ийм байдлаар үйлдвэрлэгч улсуудын эрхшээлд ороод, рекламд хууртагдаад хэрэглэдэг. Гэтэл 21-ээс доош насны залуусын төв мэдрэлийн системийн хорыг эсэргүүцэх чадвар бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Харин архи спиртийн зүйл хүний зан үйлийг төлөвшүүлэх хэсэгт илүү их очиж, дарангуйлагч үйлчилгээ үзүүлдэг. Түр зуур сэргээх үйлчилгээ үзүүлдэг боловч үндсэн үйлчилгээ нь дарангуйлах юм. Тийм ч учраас бүжгэнд орохын өмнө хүмүүс үүнийг хэрэглээд бүжгийн дунд болон дараа нь юу болсныг санадаггүй, тасрах гэж нэрлэдэг процесс явагддаг. Энэ чинь л төв мэдрэлийн системийг дарангуйлж ой тогтоолт, санамжийг нь алдагдуулаад байна гэсэн үг юм.
-Хүмүүсийн сэтгэлзүйн онцлог архинд донтоход нөлөө үзүүлдэг үү?
-Нэг талаараа нөлөөлдөг л дөө. Өөрөөр хэлбэл, сэтгэлзүй нь нээлттэй бус харилцаатай хүмүүс буюу цөөхөн тооны найздаа л үгээ хэлдэг, дотнын гэсэн хүндээ ярьдаг хүмүүс архийг харилцааны хэрэглүүр болгож хэрэглэдэг. Гэтэл энэ харилцааны хэрэглүүр нь буруу. Монголчууд энэ байдлыг “дуугай хүний доодох нойтон”, “Энийг хөөрхөн төлөв даруу юмуу гэтэл архи их уудаг юм байна” гээд л ярьдаг шүү дээ. Тэгэхээр харилцааны хэрэглүүрээ архи согтууруулах ундаа болгож буруу хэрэглэснээс агсан согтуу тавиад, маргааш нь ичихдээ ахиж ууж явсаар архинд донтох эмгэгтэй болох тохиолдол их. Харилцаа хүн бүрт өөр бөгөөд нээлттэй харилцаатай болон нээлттэй бус харилцаатай хүмүүс байна. Нээлттэй бус харилцаатай хүмүүс өөрөө өөртэйгөө сайн ажиллаж, нөгөө хүндээ саналаа бичгээр илэрхийлж болно, хоосон сандалны арга буюу нөгөө хүнээ байна гэж бодоод хэлэх үгээ бэлдэх, бухимдлаа их гаргаж ярьдаг хүмүүс ганцаараа байхдаа авиа гаргаж амаа нээж ярьж амьсгалын дасгал, иог хийж стресс тайлах аргуудад суралцах хэрэгтэй.
-Хүмүүс стрессээ архиар тайлна гэж ярьдаг. Гэтэл архинаас өөрөөр стрессээ гаргах олон арга байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу зөвлөх вэ?
-Хүн өөрөө сэтгэл зүйгээ удирдаж, уугаагүй ч бусадтай нээлттэй ярилцах чадварыг эзэмших ёстой. Найз нөхөдтэйгээ кофе уух, хөдөө аялалд яваад ярьж сууж болно. Чанга дуулж орилохоор стресс тайлагдаж болно. Үнэхээр өөрийг нь ойлгодог найзтайгаа сайхан ярилцаж болно. Өөрийнхөө хоббиг хөгжүүлж болно. Ном уншиж болно. Хамгийн сүүлд үнэхээр аль ч аргаар нь стрессээ тайлж чадахгүй бол өөрийн сэтгэл зүйчтэй болж болно. Мөн булчин сулруулах өөр аргууд байна. Саунд сууж болно. Ерөнхийдөө өөрийгөө тайвшруулах аргад суралцана гэсэн үг дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Э.Мөнхзаяа
Эх сурвалж: Itoim.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18