Нийгэм

О.Магнайгийн үед сэрсэн ШӨХТГ Б.Лхагвын үед унтсаар л

Хуваалцах:
“Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх” эрхэм зорилготой ШӨХТГ-ын шударга өрсөлдөөнийг хангасан, хяналт шалгалтын үйл ажиллагаа ойрын хэдэн өдрүүдэд илүүтэй үгүйлэгдэж байна.
Корона вирусийн халдвар дэлхий даяар хурдацтай тархаж, Монгол улсын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэнд халдаж байгаа энэ үед энгийн өдрүүдэд 150 төгрөгөөр зарагдаж байсан нэг удаагийн амны хаалт 800 төгрөгт хүрэн ховордож, 1400 төгрөгөөр зарагддаг байсан 0,5л цэнхэр спиртийг хүргэлтээр 10 000 төгрөгөөр борлогдохыг хардаг үе ирдэг л юм байна. Өдрийн 1 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан эмийн сангууд ховор живэр байдлыг ашиглан, нүднээс ил далдаар үнээ нэмсээр өдрийн борлуулалт нь 3 сая хүрч нэмэгдсэн тухай уншигч уцаарлан утасдаж байна.
Энэ бүхнийг хянаж шалган, чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлж, хэрэглэгчийг хамгаалж байх ёстой ШӨХТГ харин унтсаар л.
Энэ чухал үүрэгтэй байгууллагын цар хүрээ, идэвхтэй үйл ажиллагааг бид “тэмцэгч” О.Магнай сэрээх хүртэл төдийлөн мэддэггүй байлаа. Захуудын хураамжийг тэглэж, үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн шатахуун импортлогч компаниудад 17 тэрбумын торгууль бичиж, хорт хавдар үүсгэдэг бензопирен бодис илэрсэн БНСУ-ын “Нонгшим групп”–ийн бэлэн гоймонгуудыг зах зээлээс татаж, "Аса цирк"-ийн хувьчлалыг эргэж харна хэмээн зоригтойгоор мэдэгдэж байлаа. Зарим хүмүүс "О.Магнай яг зөв газраа ирж. ШӨХТГ чинь ийм цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг газар байсан юм уу" хэмээн ярилцаж байсан билээ. 
Гэтэл одоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа ямар ч үйлдэл ШӨХТГ-аас харагдахгүй болчихлоо.
Хүнээ боддог улс сайхан юм. 146 юаниар зардаг байсан хайрцаг амны хаалтыг 850 юаниар зарж хэрэглэгчдийг шулж байсан Бээжингийн нэгэн эмийн санг БНХАУ-ын холбогдох байгууллага нь 430 мянган ам.доллараар торгосон байх юм. Үнээ үндэслэлгүйгээр нэмж байгаа Монголын эмийн сангууд, эм ханган нийлүүлэгчдэд ийм л төмөр ташуур хэрэгтэй байна.
О.Магнай энхийн цагаан тагтаа биш. Түүнд алдаа, оноо бий. Гэхдээ ШӨХТГ-ыг сэрээж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж байсан орон зай нь ойрын өдрүүдэд үгүйлэгдэж байна. ШӨХТГ-ын Б.Лхагва дарга та сэрж, үнийн өсөлтөд байдгаа барж байгаа хэрэглэгчдээ хамгаална уу. Хамгаалж чадахгүй бол зайгаа тавьж өгнө үү.

Эх сурвалж: Livetv.mn
скачать dle 12.0