Мэдээ мэдээлэл

Ханбогд суманд зэсийн баяжмалын үйлдвэр барих 466 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Хуваалцах:
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрийг гаргажээ.
10 аймагт дулааны станц барих төслийн явц ахицтай байна
Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
Төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц барьж, дулааны шугам сүлжээг өргөтгөх, тоног төхөөрөмжийг нь шинэчлэнэ. 148 сая гаруй ам.долларын зээл 40 жилийн хугацаатай бөгөөд 0.15 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой Зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгохоор шийдвэрлэлээ.
Төсвийн дэмжлэг хэлбэрээр авах 60 сая ам.долларын 40 саяыг энэ онд, үлдэх 20 саяыг ирэх оны гуравдугаар улиралд авахаар гэрээнд тусгажээ. Зээл нь 30 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно
Мэргэшлийн III зэрэг нь хоёр, II нь гурав, I зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.
Онцгой байдлын Ерөнхий газраас томилогдох шалгалтын комисс албан хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар журамд тусгасан байна. Аюулт үзэгдэл, ослоос аврах, хор уршгийг арилгах нь онцгой байдлын албан хаагчдаас мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг.
Тухайлбал шүхрээр нэг удаа буух, усанд 90 минут эрэн хайх ажиллагаа явуулах нь тус бүртээ найман цагийн ачаалалтай тэнцдэг. Мөн уул уурхайн аврагч, гал сөнөөгч, тэсэлгээчин нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаагаар хамгийн эрсдэлтэй буюу аюултай 10 ажлын байранд тооцогддог байна.   
Иймд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлж, өндөр ур чадвартай болгохын тулд мэргэшлийн зэрэг олгож байх нь зүйтэй гэж үзлээ. 
Товч мэдээ
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 466 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
-Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ыг баталлаа. Ингэснээр зам, байгууламжийг уурхай эзэмшигч, хөрөнгө оруулагч, тээвэрлэгч болон хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж барих эрх зүйн зохицуулалт бүрдэж байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөө багасч, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэн, эдийн засаг, экспорт нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ гэж үзжээ.

Newspress.mn
скачать dle 12.0