Дэлхийд

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар тараасан сүмийн удирдлагын эсрэг хүн амины хэрэг үүсгэнэ

Хуваалцах:
Өмнөд Солонгос улс нь өнөөдөр шинэ коронавирусийн тархалтын Хятадын дараа дэлхийн хоёр дахь том төв болоод байна. Үүнд тус улсад үйл ажиллагаа явуулдаг Есүсийн Шинчёнжи (Шинэ тэнгэр шинэ газар) хэмээх загалмайтны шашны уламжлалт бус сүмд гарсан халдвар гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэгвэл Сөүл хотын захирагч Пак Вон Сүн халдварт өвчний тархалтын эсрэг тус сүмийн удирдлагууд эрх баригчидтай илүү ойр хамтран ажилласан бол олон хүний амийг аврах боломжтой байсан гэж өчигдөр Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Үүний дараа Сөүл хотын захиргаа Шинчёнжи сүмийн тэргүүн Ли Ман Хэ болон бусад 12 хүнийг хүн амины хэрэгт буруутгаж, мөрдөн шалгуулах хүсэлтийг Сөүлийн төв дүүргийн прокурорын газарт гаргасан байна. Прокурорын газар хүсэлтийг хүлээж аваад шалгаж эхэлснээ мэдэгджээ.
Дэгү хотод илэрсэн нийт 3,000 орчим шинэ халдварын ихэнх хэсэг нь тус сүмийн гишүүдээс илэрсэн юм. Өмнөд Солонгосын олон нийт сүмийн хаалттай нууцлаг байдал, олон мөргөлчийг бага орон зайд цуглуулдаг зэрэг нь коронавирусийн халдвар тархах гол нөхцөл болсон гэж шүүмжилж байгаа.
Ням гарагт Шинчёнжи сүмээс гаргасан мэдэгдэлд өөрсдийгөө эрх баригчидтай хамтран ажиллаж байгааг батлаад сүмийн гишүүдийг ялгаварлан гадуурхах, дарамтлах явдлыг зогсоохыг уриалжээ. Тус сүмээс Өмнөд Солонгос дахь нийт 317,320 гишүүн болон дадлагажигчийнхаа нэрсийн жагсаалтыг эрх баригчдад гаргаж өгснөө мэдээлсэн юм.

Э.Сэмүүн
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0