Онцлох мэдээ / Нийтлэл

Д.Ганхуяг "Голомт"-ын Д.Баясгаланд 90 сая ам.долларын нууц гэрээ "бэлэглэжээ"

Хуваалцах:

Дахиад л хууль зөрчиж нууцыг задалъя. Хэрэв Үндсэн хуульд заасанчлан иргэд бид баялгаа мэдэх эрхтэй нь үнэн бол энэ нууцыг задалчихаад шийтгэл хүлээхдээ би харамсахгүй.
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 24-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр  болсон.
Ингээд  “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санхүүжилтийн гэрээний хавсралтаар нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Нүүрс нийлүүлэх гэрээний хавсралт В-д  заасны дагуу 2019 оны 12 дугаар сард 90 сая ам.долларын санхүүжилтийг нүүрсээр суутгахаар харилцан тохиролцсоны дагуу  “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн нэрлэсэн худалдан авагч гурван компанитай тус бүр 500 мянган тонн нүүрсийг нэг тонн тутмыг нүүрс нийлүүлэх гэрээниий суурь үнэ болох 60 ам.доллар байхаар тооцож нийт 1.500 000 тонн нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулсны дагуу гэрээний дүн болох нийт 90 сая ам.доллар буюу 246 тэрбум төгрөгийг 2020 оны хөрөнгө оруулалтын төсөвт нэмж оруулах санал ирүүлсэн.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ны хурлаараа 2020 оны хөрөнгө оруулалтын төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд үүнтэй холбоотой шийдвэр гаргажээ. Яг энэ асуудал нууцын зэрэглэлтэй. Агуулга нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны 56 дугаар тогтоолоороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт “Их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл” олгосон.
Их хэлцэл хийх зөвшөөрөл олгосон уг тогтоолд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардгдах хөрөнгийн эх үүсвэрийн санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээний хавсралт В буюу нүүрс нийлүүлэх гэрээг “Бодь Интернэшнл” ХХК-тай нийт 682 сая 199 мянга 507  ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх, нүүрсний үнийг зах зээлийн үнээр индексжүүлэн тогтоох нөхцөлтэйгээр байгуулахыг Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт зөвшөөрсүгэй гэсэн байдаг.
Мөн  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны 06 дугаар хурлаараа тус компанийн 2020 оны хөрөнгө оруулалтын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцүүлжээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санхүүжилтийн гэрээний хавсралтаар нүүрс нийлүүлэх гэрээний дагуу 2019 онд 1 сая 500 мянган тонн нүүрс худалдах, худалдан авах  гурвалсан гэрээний дүн болох  нийт 90 сая ам.доллар буюу  246 тэрбум төгрөгийг 2020 оны хөрөнгө оруулалтын төсөвт нэмж оруулах санал ирүүлсэн. Гэхдээ энэ хурал хойшлогдсон. Учир нь ТУЗ-ийн  зарим гишүүн тодорхой мэдээллээр хангагдаж нягталсны үндсэн дээр хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасан. Мөн Аудитын хорооны гишүүн Х.Болор-Эрдэнийн зүгээс “Нүүрс нийлүүлэх  гэрээ”-ний дагуу нийлүүлэх нүүрсний үнийг 60 ам.доллараас дээш тооцоогүй учир энэхүү асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй түдгэлзсэн санал өгснөөр хойшлогдсон байдаг.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2020 оны хоёрдугаар сарын 21-ний хурлаараа Аудитын хорооныхоо дүгнэлтийг сонсож баталсан. Үүнд   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон 26 сая 400  мянган төгрөгийн санхүүжилтийг хөрөнгө оруулалтад тооцсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн нэрлэсэн худалдан авагч гурван компанитай тус бүр 500 мянган тонн нүүрсийг нэг тонн тутмыг нүүрс нийлүүлэх гэрээниий суурь үнэ болох 60 ам.доллар байхаар тооцож нийт 1.500 000 тонн нүүрс худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулсны дагуу гэрээний дүн болох нийт 90 сая мянган ам.доллар буюу 246 тэрбум төгрөгийг 2020 оны хөрөнгө оруулалтын төсөвт  тооцохыг тус тус дэмжжээ.
Ингэснээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 392.366 тэрбум төгрөгөөр батлагдсан 2020 оны хөрөнгө оруулалтын төсвийг 272.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 664.8 тэрбум төгрөг болон тодотгох саналыг ТУЗ-д танилцуулагдаж батлагдав.
Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д л хамааралтай гэхэд арай том, хариуцлагатай шийдвэр биш гэж үү? Нөгөөтэйгүүр индексжүүлсэн үнэ л 60 ам.доллар болохоос 62$, 65$ болгож гэрээ хийсэн байвал яах вэ? Яагаад “Бодь интернэшнл”-ийн хийсэн гэрээнд дурдагдсан гурван компанийн нэр нууцлагдмал байна вэ? Бүр ТУЗ-ийн хурлын өмнө, ТУЗ-ийн гишүүдэд хүртэл нууц гэж үү? Эцсийн бүлэгтээ тэрхүү 90 сая ам.доллар ядаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дансанд нүүрсний төлбөр болж ороод, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зардалд гарч болдоггүй юм уу? Хятадын гурван компанид нүүрсээ 60-аас доошгүй ам.долларын үнээр зарах эрхийг олгоод зарцуулалтыг нэмээд олгочихоор “Бодь Интернэшнл” буюу “Голомтын” Д.Баясгалан  ХААНЫХААС ч илүү эрх мэдэлтэй болчихож байгаа юм биш үү? Улмаар Эрдэнэс Тавантолгойн уурхайчид түүний төлөө ажиллаж, төр түүний төлөө төсөв бүрдүүлж, нүүрс зарж, хэнд хэдээр зарахыг ч бүрэн бүтэн мэдэх эрхгүй болжээ. Ийм байлгах нөхцлийг эрх мэдэлтнүүдийн ургийн холбоо болон улс төрийн шалтгаанаар,  гарын үсгийн хүчээр томилогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн 11 гишүүн нь Гүйцэтгэх захирал Д.Ганхуягаараа дамжуулан “зөвшөөрөв”. Үүнийг түүх мартахгүй. Хожмын өдөр хэнтэй, ямар хариуцлага, хэзээ тооцохоо ч мартаагүй! 
                                                                                                                                                                       /Үргэлжлэл бий
скачать dle 12.0