Онцлох мэдээ / Эдийн засаг

Bloomberg: COVID-19 дэлхийн эдийн засагт 2,7 их наяд ам.долларын хохирол учруулна

Хуваалцах:

Шинэ төрлийн титэм вирус тархсаны улмаас дэлхийн эдийн засаг 2,7 их наяд ам.долларын хохирол амсаж болзошгүй гэж Bloomberg агентлагийн шинжээчид мэдэгджээ. 
 
Энэ нь Их Британийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний дүн гэж шинжээчид онцолсон байна. Мөн судлаачид өвчлөл эдийн засагт нөлөөлж мэдэх дөрвөн хувилбарыг гаргажээ.
 
Судлаачдын үзэж байгаагаар, өвчний голомт болсон Хятад улс халдварыг хяналтандаа авч, харин тус улсын эдийн засаг нь хоёрдугаар улиралд вирусийн нөхцөл байдлаас үүдэлтэй үр дагаврыг даван гарч чадвал дэлхий дахинд болон тэргүүлэгч орнуудад нөлөөлөх сөрөг нөлөө бага байх гэнэ.
 
Харин БНХАУ COVID-19 вирусийн нөхцөл байдлыг даван гарч чадахгүй, Өмнөд Солонгос, Герман, Япон, Итали, Франц орнууд өвчний ээлжит том голомтууд болвол 2020 онд дэлхийн эдийн засаг ердөө 2,3 хувийн өсөлттэй байх аж. Вирус дэгдэхээс өмнө шинжээчид дэлхийн эдийн засаг 3,1 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.
 
Гурав дахь боломжит хувилбарт, гуравдугаар сарын эхээр халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдсэн улс орнуудад өвчин хурдацтай, өргөн цар хүрээтэй тархаж болзошгүй гэдэг үүднээс таамаглал дэвшүүлжээ. Энэ тохиолдолд дэлхийн томоохон эдийн засгууд халдварын тархалттай тэмцэх тул хамгийн том 10 эдийн засгийн өсөлт саарна гэж судлаачид үзэж байна.
 
Тэдний үзэж байгаагаар, дэлхийн ДНБ-ий өсөлт 1,2 хувьтай байж, Евро бүс болон Япон улс хямралтай нүүр тулах бол АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн жилд ажилгүйдлийн түвшин нэмэгдэж болзошгүй гэнэ. 
 
Сүүлийн хувилбараар тооцож үзвэл, дэлхийн эдийн засаг 2,7 их наяд долларын хохирол амсаж, Хятадын ДНБ ердөө 3,5 хувь өссөнөөр энэ нь 1980 оноос хойших хамгийн муу үзүүлэлт болох аж.
 
Мөн нөхцөл байдал энэ хувилбарт таамагласан шиг өрнөвөл АНУ-д ч хямрал нүүрлэснээр тус улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нөлөөлж мэднэ гэж Bloomberg агентлагийн шинжээчид таамаглажээ.
 

Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0