Дэлхийд

Хятадад амны хаалтны үйлдвэрлэл “галзуурч” байна

Хуваалцах:
Амны хаалтны эрэлт дэлхий даяар огцом нэмэгдсэн нь Хятадын үйлдвэрүүд дээр “галзуугийн эмнэлэг” маягийн уур амьсгал үүсгэж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ илгээхээс өмнө 100 хувь төлөхийг захиалагчаас шаардаж, хамгийн их мөнгө төлсөнд нь түрүүлж үйлчилж байгааг Шанхайд ажилладаг оёмол бүтээгдэхүүний брокер Майкл Кротти мэдээлжээ.
Тэрээр өнгөрсөн Ням гарагт АНУ-ын мужууд, хотууд, хувийн компаниуд, бусад улс орнуудын засгийн газруудаас ирсэн асар их захиалгатай ажилласаар амарч чадаагүй гэнэ.
“Жинхэнэ галзуугийн эмнэлэг шиг нөхцөлд байна. Мөнгө бүхнийг шийдэж байна. Үйлдвэрүүд зөвхөн банкны дансанд нь хэзээ мөнгө орж ирснийг л шалгаад хэний захиалгыг түрүүлж авахаа шийдэж байна” гэж Майкл Кротти ярьжээ. Үйлдвэрийнхээ зориулалтыг амны хаалт хийхэд зориулж өөрчилсөн компаниуд захиалга хийх үедээ 50 хувиа төлж, үйлдвэрлэсэн амны хаалтаа илгээхийн өмнө үлдсэн 50 хувиа төлөхийг шаардаж байгаа гэнэ.
Энэ нь захиалагчдад тийм ч таатай нөхцөл биш боловч үйлдвэрлэгчийн шаардлагыг үг дуугүй биелүүлж байгаа ажээ. “Төлбөрийн нөхцөл нь ийм баталгаатай тул үйлдвэрүүд урьд өмнө хэзээ ч харьцаж байгаагүй газраасаа ч захиалга авч байна. Үйлдвэрүүд жолооны ард суусан ийм нөхцөл байдлыг би өмнө нь харж байгаагүй. Тэд Volkswagen биш, бүр Mercedes Limousine-ий жолооны ард сууж байна” гэж Кротти ярьж байна. 
Ази тивийн улсуудын иргэд амны хаалтыг халдварт өвчин, агаарын бохирдлоос хамгаалахын тулд өргөн хэрэглэсээр ирсэн. Харин Европ, АНУ-д хэрэглээ нь маш бага байсан юм. Өнгөрсөн долоо хоногт эдгээр улсуудын эрүүл мэндийн байгууллагууд амны хаалт зүүхийг шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн нь нөхцөл байдлыг огцом өөрчилсөн байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дайны үеийн үйлдвэрлэлийн хуулийг хэрэгжүүлж, стратегийн чухал бараа бүтээгдэхүүний экспортод хориг тавих эрхээ эдэлсэн юм.
Ингэхдээ тэр АНУ-ын 3M компанийн амны хаалтын Канад, Латин Америкийн зах зээлд гаргадаг экспортыг хориглсон байна. Трамп Бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Бидэнд амны хаалт хэрэгтэй байна. Бусад улсууд манай амны хаалтыг авахыг бид хүсэхгүй” гэж мэдэгджээ. Баасан гарагт 3M компани Трампын засаг захиргааны шийдвэрийг Канад, Латин Америкийн орнуудад хүмүүнлэгийн гамшиг учруулах хор нөлөөтэй гэж шүүмжилсэн юм.
Дональд Трамп уг шүүмжлэлийг таатай хүлээж аваагүй байна. “Сүүлийн сар орчим хугацаанд би олон компанийн төлөөлөлтэй уулзаж, амжилттай тохиролцож чадсан. Тэдний хэн нь ч 3M компани манай улстай харьцаж байгаа шиг зан гаргаагүй” гэж хариу шүүмжилжээ.
Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа Хятадын амны хаалтны стандартыг АНУ-д ашиглахыг зөвшөөрсөн нь импортыг нэмэгдүүлэх чухал нөхцөл болсон юм. АНУ-ын N95, Европын FFP2 стандарттай ойролцоо Хятад улсын стандартыг Вашингтоны засаг захиргаа хүлээн зөвшөөрчээ.

Э.Сэмүүн 
Эх сурвалж: The Guardian
скачать dle 12.0