Дэлхийд / Мэдээ мэдээлэл

100 жилээр “ухарсан” орон

Хуваалцах:

Аргентины Засгийн газар 100 тэрбум ам.доллар тэр тусмаа Олон улсын валютын сангийн 44 тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүйн улмаас дефолт зарлаад байна. Ингэснээр тус улс түүхэндээ ес дэх удаагаа дефолт буюу дампуурлаа зарлалаа.  Аргентины гадаад өр 2001 онд  аль хэдийн 100 тэрбум ам.долларт хүрээд байсан юм. Тус улс өнгөрсөн 2018 онд Олон улсын валютын сангаас санхүүгийн тусламж авах хэлцлийг  дахин эхлүүлсэн. Тухайн үед тус улсын Ерөнхий сайд уг санхүүгийн дэмжлэгийн тусламжтайгаар  өнгөрсөнд гаргасан алдаагаа давталгүй, эдийн засгийн хямралаас сэргийлэх боломжтой гэж мэдэгдэж байсан.  Аргентины песогийн ханш 2001 оноос хойш ам.долларын эсрэг 70 орчим хувиар суларч, тус улсын таван иргэн тутмын нэг нь ажилгүй болоод байгаа юм. Аргентинчуудын олонх нь  өмнө нь хэрэгжүүлж байсан Олон улсын валютын сангийн бодлогыг тус улсын санхүүгийн хямралыг даамжруулсан гэж үздэг. 

ЦАГААЧИД  БУЭНОС-АЙРЕС УУ, НЬЮ-ЙОРК УУ ГЭСЭН СОНГОЛТЫН ӨМНӨ ЭРГЭЛЗДЭГ БАЙВ

АНУ, Аргентин хоёр  хөгжлийнхөө түвшнээр  1900-аад оны үед бараг адилхан байв. Харин 200-аад жилийн өмнө аргентинчуудын хүн амын бодит орлого  АНУ-ынхаас өндөр байсан гэх тооцоог Америкийн эдийн засагч Жон Костуорт хийсэн байдаг. ХХ зууны эхээр олон сая цагаач иргэн Буэнос-Айрес уу, Нью-Йорк уу гэсэн сонголтын өмнө эргэлздэг байв. Аргентины нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1913 онд 3.8 мянган ам.доллар (1990 оны олон улсын ам.долларын ханшаар) байв. Харин одоо бол АНУ, Аргентиныг эдийн засаг, хөгжлийн хувьд харьцуулна гэдэг тэнгэр газар мэт ялгаатай. АНУ их гүрэн болж,  нэг хүнд ногдох орлого нь 53 мянган ам.доллароор хэмжигдэх болов. Харин Аргентин “serial defaulter” буюу байнгын дампуурагч гэсэн цол зүүх болжээ.
ХХ зууны Аргентины эдийн засгийн  хөгжлийн бүтэлгүйтлийн тодорхой  шалтгааныг шууд нэрлэнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ гол шалтгааны нэг нь  улс төрийн институцийн болон макро эдийн засгийн муу бодлого гэдэгтэй олон эдийн засагч санал нийлдэг. Аргентинд 1990-ээд оны эхээр инфляц 5000 хувьд хүрч байсан бөгөөд тухайн үед шинээр сонгогдсон  Ерөнхийлөгч  Карлос “Менем currency board”  хэмээх бодлого явуулж валютын нөөцийн хэмжээг эргэлтэд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүүлж, ам.доллар үндэсний мөнгөн тэмдэгт хоёрыг хүчээр ижил үнэтэй болгов. Эхэн үедээ энэ алхам амжилт олж инфляц зогсож эдийн засаг нь  хөл дээрээ боссон бөгөөд дэлхий даяар Аргентины эдийн засгийн гайхамшгийн тухай шагших болов. Гэвч 1990-ээд оны сүүлчээр байдал дордов. Арваад жилийн турш эдийн засаг цэцэглэж байна хэмээн ард түмнийг хуурсан нь ил гарч Аргентин гадаад өрөндөө баригдсан юм.
Тус улсын  Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 90 хувьд, харин улсын нийт гадаад өр ДНБ-ий 255 хувьд хүрсэн  нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, хөрөнгөө татахад хүргэсэн бөгөөд энэ нь өрийн хямралыг эхлүүлэх асаагуур болсон гэхэд хилсдэхгүй.  Дээр нь Олон улсын валютын сан эхлээд баахан мөнгө зээлдүүлж байснаа гэнэтхэн зогсоож,  бүр ч хүнд байдалд оруулсан. Мөн  песогийн ам.доллартай харьцах ханшийг чөлөөлснөөр үндэсний мөнгөн тэмдэгт  үнэгүйдэж дэлхийн түүхэн дэх хамгийн том буюу зууны дефольт болов. Энэхүү хямрал 2001 онд тус улсын санхүүгийн системийг унагаж,  өөрсдийн хүчээр хямралаас гарах гарцыг ерөнхийд нь үгүй хийсэн юм. Ингээд  Латин Америкт хамгийн баян гэгдэж байсан орон нэг шөнийн дотор хоосров. Үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж ханш  нь 3-4 дахин унав.  2002 оны эхний улиралд үйлдвэрлэл 20 хувиар буурч, хүн амын 52 хувь нь ядуу болж хувирлаа.  
Худалдан авах ажиллагаа зөвхөн ам.доллароор явагдаж байсан ч ам.доллартай хүн тун цөөн байв.  2001 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2002 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд таван Ерөнхийлөгч солигдов. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэж  хулгай, дээрэм газар авлаа. Олон улсын валютын сан песогоор гүйлгээ хийхийг зогсоож, зөвхөн ам.доллар ашиглахыг ятгаж эхлэв.  Харин Нестор Киршнер 2003 онд  Ерөнхийлөгч болсноор нэлээд ардчилсан бодлого явуулж эхэлсэн. Тэрбээр авлигатай дайн зарлаж, олон  төрийн өндөр албан тушаалтныг халав. Түүнчлэн   Аргентинд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн АНУ, Олон улсын валютын санг янз бүрээр аргадаж байлаа.

ДАХИАД Л ЭХНЭЭСЭЭ ...

Киршнер хоёр удаа сонгогдсон бөгөөд түүний үед Аргентины эдийн засаг хөл дээрээ босож чадсан юм.  Киршнерийн эхнэр Кристина Киршнер 2007 онд Ерөнхийлөгчөөр сонгогдов. Улс оронд эдийн засгийн “гайхамшиг” дахин эхэлж 2001 оны үедээ буцаж ирлээ. Кристинагийн гол хийдэг ажил нь статистикийн тоо баримтаар “тоглох”. Засгийн газрын албан ёсны тайлангуудад инфляц  доогуур гэж бичдэг ч Олон улсын валютын сангийн үзэж буйгаар тоо баримт, бодит амьдрал хоёр алд дэлэм зөрөх ажээ.
Тиймээс Олон улсын валютын сан худал мэдээлэл өгөхөө үргэлжлүүлвэл зээл өгөхөө зогсооно гэж сүрдүүлэв. Кристина Ерөнхийлөгч болсноор хавтгайруулсан тэтгэмж тарааж эхэлсэн юм.  Монголын Засгийн газрын өгдөг байсан хүүхдийн мөнгө, гэрлэсний мөнгө гээд төрөл бүрийн тэтгэмж энэ оронд ч байв. Үүнээс гадна Аргентинд хүүхдүүд сургуульд хүргэж өгсөн хүн төрөөс тэтгэмж авдаг байв. Гэр бүлээрээ төрийн мэдлийн зочид буудалд амрахад бараг л үнэгүй.  2012 онд Аргентины ДНБ  гурван хувийн алдагдалтай гарав. Дотоодод мөнгө зээлэх хүн байхгүй. Гаднаас мөнгө авах гэхээр хэтэрхий өндөр хүүтэйгээс гадна итгэж мөнгө зээлэх олон улсын байгууллага болон улс байхгүй болжээ.  Гэвч Кристинагийн хувьд энэ асуудал биш байсан бөгөөд тэрбээр  их хэмжээний мөнгө хэвлэж байв. Харин  хэтэрхий их мөнгө хэвлэсний үр дүнд   тус улсын гүйлгээнд орж буй мөнгөний хэмжээ 40 хувиар өсчээ.  Хэдийгээр олон улсын байгууллагууд, банк санхүүгийн корпорацууд болон донор   орнууд Аргентины гадаад өрийн 90 хувийг 2002-2005 оны хооронд тэглэсэн боловч, тус улсын Засгийн газрын гадаад дахь хөрөнгө болон аж ахуйн нэгжүүдийн дансны үлдэгдлийг хураасан нь эдийн засгаа сэргээж, хөгжүүлэх боломжийг хумисан юм. 
Өнгөрсөн хугацаанд зөвхөн санхүүгийн зах зээл дээр нийт 460 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө алдагдсан гэсэн Дэлхийн банкны судалгаа байдаг бөгөөд өнөөг хүртэл өрийн хямралын үр дагаврын дарамт арилаагүй байна. Одоогоор тус улсын 30-40 мянган иргэн гудамжинд хог түүж, хоёрдогч түүхий эдээр өл  залгуулж байна. Бэлэн мөнгө дутагдсаны  улмаас бартераар эд зүйл наймаалдаг сүлжээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжжээ. Телевизийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж эфирийн цагаа дүүргэх болов. Боловсрол, танин мэдэхүйн  нэвтрүүлэгийн олонх нь хаагдлаа. Түүнчлэн олон улсын зээл ховордож, бондын зах зээлийн хаалга хаагдсан тул тус улсад зээл олгох орон ч ховордоод буй.   Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагийн тогтоосон зээлжих зэрэглэлээр Аргентин Улс хамгийн муу буюу “Caa1” ангилалд багтаж байна.  Одоо тус улс Олон улсын валютын сан болон  зуун жилийн өмнөх хүчтэй хөдөө аж ахуйн салбарын туршлагадаа найдах үлдэж байна. Өөрөөр хэлбэл  юунаас эхэлсэн түүндээ буюу эдийн засгийн хувьд  1900 оны эхэн үе рүү  буцан орж байна. 
скачать dle 12.0