Дэлхийд

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо хоёр сая давлаа

Хуваалцах:
Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо хоёр сая давж, халдварын тохиолдлын тоо 11 хоногийн дотор хоёр дахин нэмэгдлээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээс үзэхэд, “COVID-19” халдвар дэлхийн хэмжээнд 2019320 хүнд халдварлаж, 119483 хүн нас баржээ. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо энэ сарын 2-нд нэг саяд хүрч, нас баралт 50 мянга давсан юм. Шинэ коронавирусний халдвар БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэнээсээ хойш дэлхийн бараг бүх улс оронд тархаж, халдварыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд олон сая хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөөд байна.
АНУ-д халдварын хамгийн олон буюу 577 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 23500 хүн нас баржээ. Тус улсын араас Испани /170 мянга/, Итали /159 мянга/, Франц /137 мянга/, Герман /128 мянга/ жагсаж байна. БНХАУ-ын хувьд халдварын 83 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын голомт Ухань хотод тогтоосон 11 долоо хоногийн хөл хориогоо саяхан цуцалсан юм. 
Итали, Испани, АНУ зэрэг халдвар хамгийн их тархсан орнуудад вирусний тархалт саарч буй хандлага ажиглагдаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэт эрт цуцлахгүй байхыг даваа гарагт анхааруулжээ. 
“Асар хурдацтай тархаж буй “COVID-19” үүнээсээ удаанаар саарах болно. Өөрөөр хэлбэл, халдварын саарах үйл явц өссөнөөсөө удаан байх болно. Иймээс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар, хяналттайгаар цуцлах хэрэгтэй” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Э.Хулан
скачать dle 12.0