Нийтлэл

Тэгш бус байдал гүнзгийрч буй дэлхий ертөнцийг яах вэ

Хуваалцах:
Тэгш бус байдлын асуудал нь сүүлийн жилүүдэд улс орнуудын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг ихэд татах болсон нь дэлхий дахины улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юм.
XXI зууны хоёр дахь аравны цаг үе дэх дэлхийн улс төрийн дүр зураг
Дэлхий дахины тэгш бус байдлыг авч үзэхийн тулд улс төрийн орчинг юуны түрүүн тайлбарлах нь зүйтэй болов уу.
Сүүлийн жилүүдийн дэлхий дахин, бүс нутгийн улс төрд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл бол  2008 оны санхүүгийн хямрал юм. АНУ-аас улбаатай санхүүгийн энэхүү хямрал Барууны ардчилсан улсууд болон шинээр ардчилалд шилжиж буй улсуудад бүгдэд нь түмэн бэрхшээл авчирсан.
Энэ хямралд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутаг бол Европын холбоо байлаа. 2008 оны хямралаас улбаатайгаар 2011-2012 онд Eurozone debt crisis буюу Европын зарим улсууд төлбөрийн чадваргүй хямрал залгасан юм. Энэ нь Европын холбооны гишүүн орнууд болох Грек, Италийн эдийн засгийн уналтаар тод харагдсан билээ. Улмаар Британи дахь Брексит бол 2008 оны санхүүгийн хямралын үр дагавар байлаа.
Дэлхийн эдийн засгийн хямрал нь Азийн улс орнууд тэр дундаа Монгол улсад хүндээр туссан. Ялангуяа уул уурхайгаас хэт хамаарал бүхий манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж, экспортын эрэлт буурснаас болж эдийн засгийн цочмог хямралд нэрвэгдсэн билээ. Энэхүү хямрал нь Монголын эдийн засгийн бүтэц ба бодлогын орчинд оршиж байсан сул талуудыг улам даамжруулсан юм.
Хямралын улмаас улс төрийн эдийн засгийн салбарт маргаан, мэтгэлцээнүүд ихээхэн өрнөж, өнөөг хүртэл дэлхийн  эдийн засгийн үндсэн дэг журмыг тодорхойлж буй гол онол болох неолиберализмыг эргэн харахад хүргэсэн юм. Төрийн оролцоог үгүйсгэгч неолибераль бодлогыг шүүмжлэгчид газар сайгүй нэмэгдсэн. Тухайлбал, Германы төв банкны ерөнхийлөгч Жозеф Акерманн „Зах зээл өөрийгөө зохицуулна гэдэгт би итгэхээ байлаа” гэж мэдэгдэж байсан.
Ийнхүү дэлхийн санхүүгийн хямрал неолиберализмыг сул талыг олон нийтэд гаргаж тавьсан билээ. Эдийн засаг, нийгмийн амьдрал дахь төрийн зохицуулалтыг эрс үгүйсгэдэг неолиберализм нь эдийн засгийн өсөлтөд хэт их анхаарал хандуулж орлогын тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн юм.
Дэлхий дахинд тулгамдаж буй дараагийн нэг асуудал нь ХХ зуунд дэлхийн санхүү эдийн засгийн бодлогыг тодорхойлж ирсэн неолиберализмын сөрөг үр дагавар болох тэгш бус байдал гүнзгийрч буй явдал юм. Ялангуяа чөлөөт зах зээлийн номлолд үндэслэсэн даяарчлалын үйл явц нь анхлан төсөөлж байсан шиг улс орон бүрт, хүн бүрт эерэг үр дагавар авчирсангүй. Даяарчлал нь баян ба ядуу орнуудын ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар улс орнуудын хоорондын баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрсээр байна. 2018 оны Дэлхий дахины тэгш бус байдлын тайланд дурьдсанаар оны байдлаар дэлхийн хүн амын 20% нийт баялгийн 80%-ийг эзэмшиж байна. Мөн дэлхийн хүн амын 5% болох АНУ нийт нөөцийн 30%-ийг эзэмшиж байгаа юм.
Тэгш бус байдал ийнхүү гүнзгийрч байгаагийн улмаас популизм газар авч байна. 2016 оны Их Британийн Brexit болон Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал дэлхий дахинд үндсэрхэг популизм хэр газар авч байгаагийн хамгийн том жишээ болсон. Гуравдагч ертөнцийн орнуудад л байсан популизм өнөөдөр либераль ардчилсан улсуудын дотоод улс төрд хүчтэй нэвтэрч байна.
Тухайлбал, АНУ-ын хувьд популизм дэлгэрэх гол шалтгаан бол Америк нийгэмд либераль бодлогын үр дүнд анги давхаргын урт хугацааны орлогын ялгаа, нийгэм дэх тэгш бус байдал юм. Энэ нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тод харагдсан билээ. АНУ дахь орлогын тэгш бус байдал он удаан жилийн турш үргэлжилсэн тул оршин буй тогтолцоонд сэтгэл ханамжгүй байдаг, асуудлыг хүч хэрэглэх буюу авторитар арга барилаар шийдэх нь зөв гэж үздэг хүмүүсийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгааг сэрэмжлүүлэн бичсэн байдаг. Тиймээс Д.Трампын цагаач ажилчид, Америк дахь лалын аюулын талаарх хэт радикал байр суурийг дэмжих хангалттай нийгмийн бааз суурь байсан юм.
Харин Европт 2011 оны Сирийн хямралаас үүдэлтэй Арабын орнуудын дүрвэгсдийн их түрэлт Европын Холбооны гишүүн орнуудад эдийн засгийн, нийгмийн хамгааллын гэх мэт том дарамт учруулсан билээ. Энэ байдлыг үндсэрхэг популист намууд ашиглаж сүүлийн жилүүдийн парламентын сонгуульд ихээхэн санал татах болсон нь ХБНГУ, Франц, Австри, Швед зэрэг олон улсын жишээн дээрээс харагддаг.
Тэгш бус байдлыг хэрхэн бууруулах вэ?
Дээр дурьдсанаас үзэхэд иргэдийн орлогын ялгаа, тэгш бус байдал гүнзгийрэх нь ардчилсан дэглэмийг дарангуйлалд хөтлөх томоохон шалтгаан байдаг ажээ. Тэгвэл улс төрийн үзэл баримтлалууд тэгш бус байдлыг юу гэж үздэг вэ, улс орнууд тэгш бус байдлыг хэрхэн бууруулж ирсэн бэ  гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.
Либерализм, консерватизм, социал демократизм зэрэг улс төрийн сонгодог үзэл баримтлалууд аль аль нь ардчилал, хүний эрх, шударга ёсны асуудлыг хөндөн тавьдаг ч нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулах тухайд социал демократизм л бодлогын шийдэл гаргаж практикт шийдэж ирсэн.
Либералууд хүмүүст гарааны тэгш байдлыг өгөөд л сэтгэл ханадаг бол нийгмийн ардчиллынхан цалин орлого, нийгэм дэх эрх мэдэл, баялгийн хуваарилалтаар дамжуулан жинхэнэ тэгш боломжийг бий болгохыг хичээдэг.
Либерализмд суурилсан Их Британи улсад сурагчдын эцэг эхчүүдийн нийгэм-эдийн засгийн статус хүүхдүүдийн хожмын мэргэжил сонголт, боловсролд шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Нийгэм эдийн засгийн хувьд доогуур статустай сурагчдын дээд сургуульд хамрагдах байдал нийгэм-эдийн засгийн статус өндөртэй хүүхдүүдийнхээс харьцангуй доогуур байдаг. Улсын сургууль төгсөгчдийн дөнгөж 27 хувь нь их сургуульд элсдэг бол хувийн сургууль төгсөгчдийн 82 хувь нь их сургуульд элсдэг байна.
Тэгвэл энэ тухай Германы Социал демократ намын мөрийн хөтөлбөрт “Хүн бүр адилгүй байдаг. Эцэг эхээс харилцан адилгүй авьяас чадварыг өвлөн төрсөн байдал болон ямар эцэг эхээс төрсөн нь хүний насан туршийн амьдралыг нь тодорхойлдог байж таарахгүй” гэж заасан байдаг.
Социал демократууд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсэд тулгуурласан нийгмийн баримжаат төрийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ бодлогын нэгэн гол зарчим бол нийгмийн тэгш бус байдлыг багасгах явдал юм.
Нийгмийн тэгш бус байдлын түвшин хамгийн бага буюу Жини индекс доогуур байдаг Европын орнуудын практикаас харахад орлогын тэгш бус байдлыг багасгах гол арга бол прогрессив татвар юм. Прогрессив татвар нь зөвхөн татварын дараах тэгш бус байдлыг багасгаад зогсохгүй, татварын өмнөх тэгш бус байдлыг ч бууруулдаг байна. Прогрессив татварын гол зарчим бол адил орлоготой бол ижил түвшний татвар төлөх, бусдаас илүү олж байгаа бол илүү ихийг төлөх явдал юм.
Дэлхий дахины тэгш бус байдлын 2018 оны тайланд дурьдсанаар боловсролын тэгш хүртээмж, цалин сайтай ажлын байр бий болгох нь орлогын ялгааг багасгах дараагийн томоохон хүчин зүйлс ажээ.
Социал демократ үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсийг нийгмийн бүхий л салбарт амжилттай хэрэгжүүлсэн бүс нутаг бол Швед, Финланд, Дани, Норвеги зэрэг Скандинавын орнуудын гол онцлог бол орлогын татварын өндөр түвшин юм.  TradingEconomics.com сайтын мэдээлснээр 2018 оны байдлаар Шведэд хүн амын орлогын татвар 61.85, Данид 55.8, Норвегид 38.52 байгаа юм. Ийнхүү татварын өндөр түвшин улсын төсөвт нийгмийн хамгааллын бодлогыг өндөр түвшинд явуулж чадахуйц хуримтлалыг бий болгож бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг.
Эдгээр орнуудын хувьд иргэд хоорондын итгэлцэл, эв санааны нэгдэл өндөр түвшинд байдаг нь иргэд сайн дурын байгууллага, хөдөлгөөнд ихээхэн оролцдогоос харагддаг. Тухайлбал, Шведийн хүн амын 36 хувь нь нийгэмд тустай төрөл бүрийн холбоодод хамрагдаж хөлсгүй хөдөлмөр, сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг байна. Аз жаргалын индекс, ардчиллын чанар, эрх чөлөөний үзүүлэлт зэрэг олон шалгуураар Скандинавын орнууд дэлхийд тэргүүлэгч байдаг юм.
Дээр дурьдсанаас харахад нийгмийн тэгш бус байдлыг багасгах нь ардчиллыг бэхжүүлэх гол нөхцөл болдог бол нийгэм дэх анги бүлгүүдийн орлогын ялгаа гүнзгийрэх нь популизм, дарангуйлалд хүргэх аюултай байдаг ажээ. 

Улс төр судлаач Ц.Мөнхцэцэг
скачать dle 12.0