Нийгэм

Б.Түвшинтөгс: Гадаад үг биш, гадаад сэтгэлгээ эх хэлийг эвддэг

Хуваалцах:
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгстэй эх хэлний талаар яриа өрнүүллээ. Энэ долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр” тохиож байна.
-Тавдугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ баярын онцлог юу вэ?
-Баяр бүрийн онцлог өөр. Зарим баяраар ууж, наргиад цэнгэдэг. Харин бичиг үсгийн баярын нэг онцлог бол бичиг үсгээрээ бахархдаг, сурдаг, сурталчилдаг, танин мэддэг, ойлгодог баяр. Шинэ жилийг оргилуун дарсгүйгээр, төрсөн өдрийг баярын бялуугүйгээр төсөөлж болдоггүй шиг энэ баярыг хэрэглэж байсан бичиг үсгийн дурсгалаар гоёж, түүнийгээ сурдаг онцлогтой юм. Гуравдугаар сарын 18-нд “Монгол бичиг-3” үндэсний хөтөлбөр батлагдсан. Бид 1990-ээд оноос монгол бичгийг үе шаттайгаар сурч ирлээ. Энэ дунд хоёр удаагийн хөтөлбөр хэрэгжсэн байдаг. Одоо гурав дахь хөтөлбөрөөр их, дээд сургуулиудын заавал үзэх хичээлийн нэгээр монгол бичгийн хичээлийг судлахаар болж байна. Мөн монгол бичгээр хэвлэдэг, нийтэлдэг сонин хэвлэл, цахим хуудсуудыг өргөнөөр дэмжих, мэдээний доогуур урсдаг бичгэн мэдээг давхар монгол бичгээр бичиж байх зэрэг цогц арга хэмжээг авна гэж төлөвлөөд байна.
-Сүүлийн үед алдаатай бичсэн ном, сонин олон болжээ. Номын дэлгүүр ороод эхний номыг үзэхэд алдаатай бичсэн байвал хэн ч гайхахгүй болж?
-Хүмүүс эхэндээ шүүмжилдэг, шоолдог байсан. Одоо бол алдаандаа дассан байна. Энэ бол их буруу үзэгдэл. Хэвлэн нийтэлж байгаа хүмүүс үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэр хүмүүс монгол хэлнийхээ зөв бичих дүрмийг сайн сураагүй, зөв бичих дүрмээ сайн мэдэхгүй байна. Суурь нь ерөнхий боловсролын сургуулиуд монгол хэлний зөв бичих дүрмийг эзэмшүүлж чадаж байна уу гэдэгтэй холбоотой. Дээр нь хувь хүн өөрөө өөртөө алдаагүй, зөв бичье гэдэг шаардлага тавьдаггүйтэй холбоотой харагдаад байгаа. Нөгөөтэйгүүр хэт олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл монгол хэлний дүрмийг дураараа өөрчилж байна. Өмнө нь зөв бичиж чаддаггүй бол ажилд авдаггүй байлаа. Эсвэл өөр бичдэггүй ажилд ажиллуулдаг байлаа. Одоо бол нэг газар бичиж чадахгүй гологдоод гарвал өөр газар очоод л нэг ажилд орчихно. Тэгээд дахиад буруу бичсэнээ нийтэд түгээгээд эхэлдэг.
Зарим хүн их мэдэгчийн дүрд орж ингэж бичвэл монгол хэл зөв байх ёстой, ингэж бичвэл монгол хэлэнд нийцэх ёстой гэсэн байдлаар маягладаг. Энэ бол маяг. Зөв бичих зүй гэдэг бол дүрэм. Тэр үг яаж хэлэгддэг, яаж яригддаг, сонсогддог байх нь хамаагүй. Тэрийг судлаачид ингэж бичнэ гээд тогтоосон бол тэрийгээр л бичих ёстой. Хэн нэгэнд зөв, буруу санагдах нь хамаагүй. Яагаад гэвэл энэ бол дүрэм. Замын хөдөлгөөний дүрэм дээр жолооч бүрд өчнөөн залруулмаар зүйл байгаа юм шиг санагддаг байх. Гэхдээ л ингэж явахгүй ингээд явчихвал зүгээр гээд бодсоноороо явбал осолд орох эрсдэлтэй. Зөв бичих дүрэм яг үүнтэй адилхан. Ингэж бичмээргүй байна, ингээд биччихье гээд өөрөөр бичвэл дүрмээ зөрчиж буй үйлдэл. Энийг өөгшүүлж болохгүй. Үнэхээр өөрчилмөөр санаа, оноо, үндэслэлтэй зүйл байвал судалгааны байгууллага, судлаачдад хэл. Тэгэхгүй өөрийн санаагаа олон нийтэд түгээж, сурталчлах нь буруу.
Одоо хэвлэлийн газруудад нэгдсэн шаардлага байхгүй, хэн дуртай нь номоо хэвлүүлдэг болсон. Тиймээс энийг хянах боломжгүй. Гэхдээ хувь хүний ухамсар зохицуулах ёстой. Бүгд дүрмээ сахин биелүүлэх ёстой. Тэр битгий хэл АНУ-ын муж бүр өөр өөр дүрэмтэй. Хүмүүс түүнийг шоолж л байдаг. Гэхдээ тэр хүмүүс дүрэмдээ захирагдаж л амьдардаг. Тэгэхээр бид ч бас энэ дүрмийг биелүүлэх хэрэгтэй, тэр нь иргэний үүрэг.
-Ахмадууд залуу үеэ ярьж чадсангүй, буруу ярилаа гэдэг. Үнэхээр залуучуудын үгийн сангийн хэрэглээ багасаад байна уу. Та судлаач хүний хувьд юу гэж харж байна?
-Ахмад хүмүүсийн зүгээс харахад аль ч нийгэмд залуучуудын хэл яриа гологддог. Энэ бол гурван мянган жилийн өмнө ч байсан шүүмжлэл. Залуучуудын хэрэглэдэг үг багасаад байвал одоо ярьж чадахгүй байх хэмжээнд хүрэхээр боллоо. (инээв) Гэтэл энэ тийм биш. Хэл гэдэг сонирхолтой, амьд тогтолцоо учраас хөгждөг, өөрчлөгддөг, хувирдаг. Өөрийнхөө гурван настай, арван настай, хорин настай зургийг зэрэгцүүлж тавиад аль нь чи вэ гэхээр бүгдээрээ би гэж хариулна шүү дээ. Хэл яг адилхан. Өөрчлөгдөж, цаг хугацааны эргэлтэд хувирч байгаа юм. Хүн хорин жилийн өмнөх зургаа харчихаад “үгүй ээ, мөн сайхан залуу байжээ” гэдэг шиг ахмадууд, шүүмжилж буй хүмүүс өөрийнхөө үетэй харьцуулаад харахад ондоо байх нь аргагүй. Энэ бол зүгээр анзаарагдаж байгаа зүйл болохоос шүүмжлээд байхаар зүйл биш. Мэдээж зарим залуучуудын үг ярианд этгээд, гаж, хэлийг эвдсэн гутаасан зүйлүүд бий юу гэвэл бий, тэрийг шүүмжлэх ёстой.
-Бас залуучуудыг гадаад үг их ашиглалаа гэдэг шүү дээ. Жишээлбэл, “драмын театрын кассанд оочерлов” гэдэг өгүүлбэр байна. Үүнд нэг ч монгол үг байхгүй мөртлөө бид төвөггүй  ойлгож байна. Гадаад үг их орж ирснээр хэлний дархлаанд хэр нөлөөлдөг вэ?
-Гадаад үг болгоныг орчуулъя гэдэг хүмүүс байдаг. Нэг талаасаа хэлээ цэвэр ариун байлгахад сайн зүйл. Гэхдээ хэл гэдэг нээлттэй тогтолцоотой учраас үгийн санд нь харь үг орж ирж, баяжих ёстой. Орж ирж байгаа харь үгнүүд тухайн хэлэнд байхгүй юм үзэгдлийн нэр байдаг. Гэхдээ тодорхой хэмжээтэй байх ёстой л доо. 1990 оноос хойш бид нээлттэй нийгмийг байгуулж, үүнийг дагаад олон орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн олон нэршил орж ирж байна. Тэгэхээр хэл эвдрээд, гадаад үгээр дүүрээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэтэл тодорхой хугацааны дараа энэ үгүүдийн зарим нь монголжино. Зарим нь хэрэглэгдэхгүй шахагдаад алга болно. 1990-ээд оноос өмнө эмийн сан гэдэг үг байдаггүй байлаа. Аптек гэдэг байлаа. Алим гэдэг үг байхгүй яавлаг гэдэг байлаа. Одоо аптек, яавлаг гэх мэт үгсийг ашигладаг хүн их цөөхөн. Бүгд л алим, эмийн сан гэдэг болсон. Хэл гэдэг яг ийм. Авсан тэгээд нэг өдөр буцааж өгдөг. Хэлийг далайтай зүйрлэдэг юм. Хүмүүс далайд маш их хог хаядаг ч эргээд далай давлагаалаад хогоо эрэг дээр гаргаад хаячихдаг. Үг хүний харилцааны хэрэгсэл, харин хэрэггүй болбол харилцаанд ашиглахаа болино. Хүмүүсийн дунд болгоомжлол байгаа нь хэлэндээ хайртайн шинж. Гэхдээ судлаачид судлаад дүгнэлт гаргах ёстой. Бид БНХАУ-тай олон мянган жил хөрш зэргэлдээ оршиж байгаа хугацаанд хятад хэлнээс олон үг авсан байх гээд бүртгэхэд мянга хүрэхгүй үг авсан байдаг. Энэ бол хэлэнд байж болох үзэгдэл, бүх л хэлэнд байдаг. Гэхдээ хэлийг эвдэх хэмжээнд хүртэл, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх хэмжээнд хүртэл болоогүй байна. Үүнийг судлаачид харж, ажиглаж байгаа. Бид хил манаж байгаа цэрэгтээ итгэдэг шиг хэлээ судалж байгаа хүмүүстээ итгэх хэрэгтэй.
-Гадаад үг ихээр орж ирээд хэл эвдэрдэггүй байх нь. Тэгвэл яавал хэл эвдэрдэг юм бэ?
-Хэл гэдэг гадаад үг орж ирснээр эвдрэхгүй, харин сэтгэлгээ орж ирэхээр эвдэрдэг. Хэл сэтгэхүй хоёр холбоотой. Харж байгаа зүйлээ гадаад хэлээр сэтгээд эхэлбэл эвдэрч байна гэсэн үг. Энэ тал дээр манайхан дархлаа муутай санагддаг. Монголд арван жил амьдарсан гадаадын иргэнийг харахад нэг их өөрчлөгдөөгүй байдаг. Гэтэл гурван сар гадаадад сургалтад суугаад ирсэн хүн гадаадад насаараа амьдарсан хүн шиг л болсон байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ гадаадад сургаад манай хүүхэд монголоор ойлгодоггүй, англиар сайн ярьдаг гэж гайхуулж, онгирч байна. Энэ онгирох зүйл биш эмгэнэл. Ингэх юм бол хэл эвдэрнэ.
“Өвдөлт өгч байна”, “сандралт ихтэй байна” гэж  ярьж хэлээд байдаг. Энэ бол англи, орос хэлний нөлөө. Англи, орос хэлэнд үгийг нэршүүлж хэлдэг бол монгол хэл бол үйл үг төвтэй. Шууд л өвдөж байна, сандарч байна гэж хэлдэг. Зарим нэвтрүүлгээр сандрал их байлаа гээд яриад байгаа нь ол хэл эвдэрч байгаагийн нэг шинж. Хэдийгээр үг нь монгол ч гэсэн монгол хэлний сэтгэхүй биш. Гадаад хэл сурч байгааг нь хориглож байгаа юм биш. Хүн хэлээрээ сэтгэдэг. Улаан өнгө үзүүлэхэд хараад улаан гэж танина, харин улаан өнгө байхгүй байхад улаан гээд хэлбэл тархиндаа улаан өнгө сэтгэнэ. Энийг л гадаад хэлээр дамжуулаад сэтгээд ирвэл хэл эвдэрнэ, монгол хүн биш болно. Өнөөдөр биднийг монгол гэж илтгэх цөөхөн хэдэн зүйлсийн нэг нь хэл. Тиймээс хэлээ хайрлаж, хамгаалж, хүндэтгэлтэй хандах ёстой.
-Монгол хэлийг урт удаан оршин тогтноход бид юунд анхаарах вэ?
-Залуусын үүрэг их. Ялангуяа монгол хэлийг шинжлэх ухааны хэл болгох ёстой. Математик, физик, нанотехнологийн бүтээлийн тухай уншъя гэвэл зайлшгүй англиар л уншихаас өөр аргагүй болж байна. Түүнийг монгол хэлээрээ бүрэн орчуулдаг, бичдэг, илэрхийлдэг болсон цагт монгол хэл баяжна. Шинжлэх ухааны хэл болно. Монгол хэлээр бүх зүйлийг уншиж чаддаг болох хэрэгтэй байна. Тэгэхгүй энэ орчуулагдахгүй юм чинь гээд л хумиад байвал монгол хэлний үүрэг зөвхөн бидний гэр орондоо хэрэглэдэг хэмжээнд үлдэх аюултай. Тэгэхээр монголоор бүх зүйлийг уншдаг болох хэрэгтэй байна. Гаднын сонгодгуудыг монгол хэлээр уншдаг, ойлгодог болохын тулд орчуулга чухал. Үүнд манай орчуулагчид, судлаачид ажиллах ёстой. Ингэж байж хэлээ баяжуулж, авч үлдэнэ. 
-Ярилцсанд баярлалаа.

Н.Саруулдөл
Эх сурвалж: Itoim.mn
скачать dle 12.0